”Зүгээр ээ, ус цац…” гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

”Зүгээр ээ, ус цац…” гэнэ үү

Япончууд сүүлийн зуун жилийн түүхэндээ бай­гаагүй байгалийн гам­шигт   үзэгдэлтэй нүүр тул­лаа. Одоогоор га­зар хөд­лөлт, цунамигаас үүссэн хохирлыг тогтоосон боловч атомын цахилгаан стан­цийн дэлбэрэлтээс га­рах эрс­дэлийг тодорхойлох бо­ломжгүй байгаа аж. Гэтэл Номхон далайн эрэг орчмын бүс нутгийг бүхэлд нь хор­дуулах хэмжээний тэр их аюулын талаар бид даанч тайван ярьж байх юм. Өнөөх “тэнэгийн дотор уужуу” гэдэг үгийг санагдуулаад байх шиг.

Хоёр хоногийн өмнө те­левизийн шууд нэвтрүүлэгт уригдаж орсон нэгэн иргэн, “Атомын цахилгаан станц дэлбэрснээс болж тэнд олон жил амьдарч амьдралаа авч яваа монголчууд эх орондоо эргэн ирж байна. Уг нь тэр дэлбэрэлт чинь тийм их сандраад байхаар зүйл биш шүү дээ. Далайн усаар тэр дэлбэрэлтийг нь унтраачихаж болно” хэмээж байна. Хижээл насны эрийн тэрхүү хоолой, ярьж буй зүйл нь эгээ л 60, 70-аад оны үед аймаг, сумдаар шонгийн мод босгож явсан цахилгаанчин, монтёр хүний яриатай төстэй байв. Арга ч үгүй биз, бид чинь атомын цахилгаан станц байтугай байгаа хэдэн цахилгаан стан­цаа ч олигтойхон авч явж чадахгүй байнга аваар, осол гаргаж явдаг шүү дээ. Бас V цахилгаан станцаа хуучин станцынхаа дотор барьж эхэлнэ гээд байгаа. Дэлбэрвэл бүгдийг нь үнс болгох нь л дээ. Яахав манай цахилгаан станц шатаж байна гэвэл ус цацаж хэд сайхан оч гаргаад л унтраачихаж болох биз. Гэтэл ямар аюултай зүйл болохыг нь мэдэж байгаа япончууд дуугүй залбираад сууж байхад бид эндээс “Зүгээр ээ ус цац…” гээд уужирч байдаг.  

Өөр бас ингэсэн гэнэ. Тоёота, Хонда кор­пора­циудын хувьцааны үнэ навс унаж, ойрын нэг жилдээ автомашин үйлдвэрлэх чад­варгүй болоод байгаа. Гэтэл бид үйлдвэрээс нь шууд машин оруулж ирдэггүй байж хуучин машины үнээ нэмсэн сурагтай. Арван жилийн өмнө үйлдвэрлэсэн машины үнийг хоёрхон хоногт 500-800 мянган төг­рөгөөр нэмж ченжүүд хөөрч байна гэнэ. Бас үерт автсан тэр олон машиныг удахгүй монголд сэлбэг болгож хямдхан оруулж ирнэ гэж хуучин тэрэгтнүүд ярилцаж байгаа бололтой. Үгүй мөн баясах юмаа олж ядаж байгаа хэрэг шүү. Одоо тэглээ гээд яах ч билээ. Гэм биш зан юм чинь. “Тэнэг” монголчуудын сэтгэл тэнүүн, дотор уужим байг.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж