Японы төв банк 15 их наяд иен гаргахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японы төв банк 15 их наяд иен гаргахаар болжээ

Японд болж буй гамшгаас болж олон улсын биржүүд дээр хувьцааны ханш унаж, түүхий эдийн үнэ өслөө. Японы гол индекс болох “Никкей 225” өчигдөр орой биржийн арилжаа хаагдах үед долоон хувиар буурсан байна. Мөн “Topix” индекс 7.49 хувиар багасчээ. Мөн брэнт маркийн газрын тосны үнэ буурсаар сүүлийн хоёр долоо хоног дахь хамгийн бага түвшинд хүрсэн байна. Японд болж буй газар хөдлөлт, цунамийн гамшиг арилаагүй байгаатай зэрэгцээд Ойрхи Дорнодод болж буй үймээн намжих төлөв ажиглагдаж байгаа нь ийн түүхий эдийн зах зээлд нөлөөлсөн хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Лондоны “ICЕ” Түүхий эдийн бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ өчигдөр 2.4 хувиар буурч, 111.16 ам.доллар болжээ. Энэ өнгөрсөн сарын 25-наас хойшхи хамгийн бага үнэ юм. Харин Нью-Йоркийн Худалдааны бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 1.58 ам.доллараар буурч, 99.58 ам.доллар болсон байна. Ливийн эрх баригч болон босогчдын хооронд өнгөрсөн сарын 24-нд мөргөлдөөн гарч эхлэх үед нэг баррель газрын тосны үнэ 120 ам.доллараас давж байв. Үүнтэй зэрэгцээд тус улсаас ирэх газрын тосны  нийлүүлэлт тасалдсан зэрэг нь үнэд нөлөөлж байсан юм. Харин одоо Японд нүүрлэсэн гамшиг түүний илүү их анхаарал татаж байгаа билээ.

Сидней дэх “Commodity Broking Service”-ийн шинжээч Жонатан Барратт “Ойрхи Дорнодын үймээнээс болж газрын тосны үнэ өсч байсан бол одоо Японд нүүрлэсэн гамшгаас болж үнэ нь буурч байна” гэжээ. Гэхдээ энэ нь богино хугацаанд үргэлжилнэ гэх таамаг байгаа юм. Газар хөдлөлт, цунамийн голомтод байгаа атомын цахилгаан станцууд бүрэн зогссоноос болж, удахгүй нефтээр ажилладаг үүсгүүрүүдийг эрчимтэй ашиглаж эхэлнэ. Энэ нь газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх магадлалтай юм. Одоогийн байдлаар Японы талаас их хэмжээний шингэн байгалийн хий импортлох магадлалтай байгаа. Учир нь бүхэлдээ дэлбэрч магадгүй аюултай нөхцөлд байгаа атомын цахилгаан станцуудыг хөргөх, хор хохирлыг багасгах ажилд зарцуулах шаардлагатай болсон юм.

Ойрхи Дорнодын хувьд газрын тосны томоохон экспортлогч орон болох Саудын Араб, Бахрайнд мөргөлдөөн гарч байгаа. Энэ нь тус бүс нутгаас ирэх газрын тосны нийлүүлэлт тасалдахад хүргэх аюул­тай. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Ойрхи Дорнод гэхээс илүү Японд болж буй нөхцөл байдал бодит аюул болоод байна. Ямартай ч одоогийн байдлаар Ливийн газрын тосны экспорт тасалдсантай  зэрэгцээд Саудын Араб тэргүүтэй “ОПЕК”-ийн орнууд нийлүүлэлтээ бага зэрэг нэмсэн нь олон улсын Түүхий эдийн биржүүд дээр үнийн өсөлт саарахад тодорхой хувь нэмэр оруулаад байгаа юм. Гэхдээ газрын тосны үнэ нэг юм уу  хоёр сарын дараагаас өсч эхэлнэ гэх таамаг гарчээ. Энэ талаар Азид газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Петрочайна” компанийн тэргүүн Жаянг Жиемин онцолсон байна.

Японд газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгдсээр байгаа энэ үед тус улсын автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, томоохон үйлдвэрүүдээ хаасан байна. Энэ бүхэн нь тус улсын эдийн засаг дахь бүтээгдэхүүний гарцыг хэдийнэ сааруулаад эхэлжээ. “СМC Markets”-ийн шинжээч Бен Ле Брун “Иений ханшийн өсөлт, дифляциас болж хүнд байдалд ороод байсан Японы эдийн засагт энэхүү гамшиг маш их хор хохирол учрууллаа. Энэ нь цаашдаа дэлхийн эдийн засагт ч нөлөөгөө үзүүлнэ” гэжээ. Үүнийг  нотлох мэт Японы Засгийн газрын урт хугацаатай бондын өгөөж өчигдөр зургаан хувиар буурсан байна. Тус улсын төв банкнаас 15 их наяд иен буюу 183 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж, гамшгаас болж учирсан хор хохирлыг арилгахад зарцуулан, банкны тогтолцоогоо тогтворжуулахад зориулахаар болжээ. Энэхүү шийдвэр гарсны дараа иений ханш унасан байна. Японы эрх баригчдын хувьд гадны орнуудаас ирж буй тусламжийн мөнгийг иен рүү хөрвүүлэх ажилд зориулж нэлээд хөрөнгө зарж байгаа нь мөн л ханш нь буурахад нөлөөлсөн байна. Хонконгод төвтэй “Banco Bilbao”-ийн шинжээч Стивен Скварц “Японы төв банкнаас авч хэрэгжүүлж буй энэ алхам нь эдийн засагт нь маш том дэмжлэг болно. Магадгүй богино хугацаанд санхүүгийн зах зээлийг тогтвортой болгох байх” гэжээ. Японы төв банкны хувьд 15 их наяд иений хөрөнгө гаргахаас гадна Засгийн газрынхаа гурван их наяд юанийн бондыг худалдан авах санал тавьсан байна.

Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг одоохондоо эцэслэн гаргах боломжгүй байгаа юм. Учир нь газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгдэж байгаа бөгөөд багахан хэмжээний цунами гарсаар байна. Мөн атомын цахилгаан станцууд дэлбэрэх аюултай хэвээр байгаа юм. Тухайлбал Токиогоос 120 км зайтай оршдог Ибараки мужид байрласан Токай атомын цахилгаан станцын хөргүүрийн систем нь бүрэн зогссон. Үүнээс болж ямар хор хохирол учирч байгаа талаар Японы эрх баригчид мэдээлэхээс татгалзаж байна. Харин Мияага муж дахь Онагава атомын цахилгаан станцын орчимд цацраг идэвхт бодисын түвшин нэмэгдэж, энэ хэсэгт нэгдүгээр зэргийн түгшүүр зарлачихаад байгаа. Мөн Токиогоос 240 км зайтай орших Фукушима мужид байрлаж байгаа атомын цахилгаан станцын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлт болсны улмаас ойр орчимд нь дөрөвдүгээр зэргийн түгшүүр зарлажээ. Энэ талаар Японы “Japan Time” сонинд өчигдөр өглөө мэдээлсэн юм. Одоогийн байдлаар Японы даатгалын компаниуд 35 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болчихоод байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж