Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй

Одон орон геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Япон улсад болсон байгалийн гамшиг хүмүү­сийн анхаарлын төвд байна. Энэ гамшиг  чухам ямар шалтгаанаас болсныг тайлбарлаж өгөөч?

-Дэлхий хэд хэдэн бүсэд хуваагддаг. Япон, Америк зэрэг нь нэг хавтангийн бүс буюу Номхон далайн бүсэд хамаардаг. Номхон далайн эх газар жилд 68 сантиметрийн шилжилт хөдөлгөөн хийж байдаг. Энэ зүй тогтлынхоо дагуу шилжиж байсан хавтанд нэлээд том хэмжээний уул, толгод байсан нь Японы эх газартай мөргөлдсөнөөс болж Японд 9.1 магнитын хүчтэй газар хөдлөлт үүссэн. Өөрөөр хэлбэл, далайн ёроолын уул Японы эх газрыг түрж орж ирсэн гэсэн үг. Харин энэ үед далайгаас түрж орж ирсэн газрын түлхэлтээр өргөгдсөн газар буцаж унах агшинд далай цалгилж, их хэмжээний давалгаа үүсдэг. Үүнийг  цунами гэж нэрлэдэг юм. Үүссэн давалгаа тал тал тийшээ тарахыг том хэм­жээний цунами гэнэ.

-Хэр хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэдэг юм бэ?

-Далай бол маш том шүү дээ. Тэгэхээр тэр их хэмжээний  усыг цал­гилуулахын тулд нэлээд том хэмжээний газар хөдлөлт л нөлөөлнө. Ойролцоогоор долоогоос дээш хэмжээний магнитуттай газар хөдлөлтөөс л цунами үүснэ. Мэдээж, тухайн газар хөдлөлтийн голомт нь далайтай ойр байгаа тохиолдолд шүү дээ.

-Сар дэлхий хоёрын зай ойртсон, нарны идэвхжилт ихэссэнээс болж газар хөдлөлт үүсч байна гэсэн таамгуудыг гаргасан байсан. Энэ хэр үнэний ортой юм бол?

-Үүнийг үгүйсгэж ч, баталж ч чадахгүй байгаа. Нарны идэвхжилт өмнө нь зөндөө явагдаж байсан ч ийм хэмжээний газар хөдлөлт болж байгаагүй шүү дээ.

-Маяачуудын он тоол­лоор 2012 онд дэлхий сөнөнө гэдэг таамаг үнэн байж магадгүй гэдэг асуулт гарч ирээд байгаа?

-Дэлхий үүсээд хэдэн сая жил болох үедээ өөрийгөө хамгаалсан маш олон тогтолцоотой болсон байдаг. Тийм учраас дэлхий оршин тогтнож байна. Дэлхий гадна талаасаа бүрэн хамгаалагдсан. Тухайлбал, нарны хэт яагаан туяанаас хамгаалах давхаргатай. Сар бүр дэлхийд солир орж  ирдэг. Ха­рин дэлхий өөрийгөө хам­гаалсан учир тэр солируудыг буталж, жижиглээд аюулгүй болгож хүлээж авдаг. Мөн том хэмжээний солируудаас бултах арга замыг хайх зүй тогтолтой юм. Дэлхий устахад үүссэн шиг нь хэдэн сая жилийн хугацаа шаардлагатай. Газар хөдлөөд ч дэлхийг нураахгүй нь тодорхой болсон. Яагаад гэхээр сая Японд болсон газар хөдлөлт чинь хамгийн дээд хэмжээний газар хөдлөлтүүдийн нэг. Тухайлбал, 1960 онд Чилид 9.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн нь хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан.

-Италийн эрдэмтэд дэл­хийн тэнхлэг хазайсан гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?

-Японы эх газар зүүн тал руугаа гурван метр шилжсэн байхад дэлхийн тэнхлэг өөрчлөгдөнө. Газар хүчтэй хөдлөхөд дэлхийн тэнхлэг хазайх тохиолдол байдаг. Тухайлбал, Чилид 8.8 магнитутын хүчтэйгээр газар хөдлөхөд дэлхийн тэнхлэг хазайж байсан.  24 цаг буюу 86400 секундед нэг удаа эргэдэг байсан дэлхийн эргэлт тухайн үед нэгийг хуваах  сая секундын хэмжээгээр удааширч байсан. Гэхдээ энэ бол тийм том асуудал биш. Дэлхий тэнхлэгээсээ 10 сантиметр хазайсан гэсэн мэдэгдлийг америкийн судлаачид хийсэн. Дэлхийн радиус 6000 гаруй километр шүү дээ. Тэгэхээр энэ 10 сантиметр гэдэг тийм ч ноцтой асуудал биш юм.

-Гэтэл энэ газар хөдлөлтөөс болоод ОХУ-д галт уул идэвхжиж, номхон далайтай эрэг залгаа оршдог орнуудад цунами болсон шүү дээ?

-Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт чинь маш их энерги ялгаруулдаг. Үүнээс болж зарим газар тэлэгдэж,  ойрын хэдэн жилдээ газар хөдлөхгүй болж хуримтлагдсан энерги нь үгүй болдог. Харин зарим газарт хөрсийг нь илүү шахаж өгснөөр ерөнхий геодинамик, тектоникийн нөхцөл байдалд өөрчлөлт орох ёстой.

-Америкчууд тухайн үед Японд газар хөдлөхийг мэдээд тус улс дахь иргэдээ Хавай арал руу татсан байсан. Япончууд энэ бүх­нийг урьдчилж харж чадаагүйн шалтгаан юунд байна вэ?

-Тэр бол худлаа мэдээлэл. Харин газар хөдөлсний дараа цунами болно гэдгийг мэдээлсэн тохиолдол байсан. 2005 оны Суматри аралд болсон газар хөдлөлтөөс болж 200 гаруй мянган хүн нас барснаас хойш цунамигаас урьдчилан сэргийлэх сис­темийг дэлхий дахинд ашиглах болсон.  Америкчууд энэ төхөөрөмжийн ачаар газар хөдлөлт болсны дараа цунами ирэх нь гэдгийг л урьдчилж хэлсэн юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, газар хөдлөлтөөс үүссэн долгион секундэд 3-8 километрийн хурдтай тархдаг. Харин цунами нэг секундэд 200 метр тархдаг байх жишээтэй. Тэгэхээр газар хөдлөлтийн долгионы хүчээр тооцоолж  цунами үүсэх үү, үгүй юу гэдгийг урьдчилж хэлэх боломжтой. Бүр цаашилбал хэр хүчтэй цунами ирэхийг хэлж болох юм. Үүнийг ганц америкчууд ч урьдчилж хэлээгүй. Япончууд ч цунами үүсэхээс 15 минутын өмнө манай эрэг дээр найман метрийн өндөртөй цунами ирэх нь гэж хэлсэн шүү дээ. Энэ нь бодит байдлаас хоёр метрээр л дутуу байснаас биш үнэн мэдээлэл байсан. Үүний ачаар олон хүн амиа аварсан. Гэтэл энэ цунами Америкийн эрэг дээр есөн цагийн дараа нэг метр болж буурч очсон. Энэ бүхнээс америкчууд бүрэн урьчилан сэргийлэх боломжтой байсан нь Японтой харьцуулахад харьцангуй асуудал л даа.

-Энэ төрлийн системийг ямар улсууд хэрэглэж байна вэ?

-Анх Япон, Америк зэрэг улс хэрэглэдэг байсан ч 2005 оноос хойш цунамигаас хамгаалах системийг дэлхий даяар түгээх нь зүйтэй гэж дээрх улсууд системийн станцыг далайтай ойр орнуудад тавьж өгсөн. Одоо эдгээр улс газар хөдлөлтийн хүчийг харж байгаад л цунами үүсэх нь, тэдэн цагийн дараа ирэх нь гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой болсон.

-Энэхүү газар хөдлөлтийг сар орчим үргэлжлэх магадлалтай гэж судлаачид тооцоолсон байна билээ. Энэ тухайд?

-Үргэлжилнэ. Яагаад гэ­вэл Номхон далайн эх газар буюу хавтан нь жилд 68 сантиметрийн шилжилт хөдөлгөөн хийх ёстой байтал энэ удаагийн газар хөдлөлтөөр 3-4 метр шилжилт хөдөлгөөн хийсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөний түлхэх хүч хэвээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр хагарсан, түрж гарч ирсэн газрын хэсгийг жигд хүчээр түлхэнэ гэсэн үг. Тиймээс эдгээр газар буцаад байрандаа орж, шилжилт хөдөлгөөн хэвийн горимд ортол энэ газар хөдлөлт буюу эвдрэх үйл явц нэг сар бүү хэл жилийн турш ч үргэлжилж болох талтай.

-Эдгээр газар хөдлөлтүүд хэр аюул дагуулах вэ?

-Эхний аюултай хэсэгт дараагийн эвдрэлүүд нь хүчтэй мэдрэгдэх магадлал өндөр байна. Тухайлбал, Японд гуравдугаар сарын 11-нд 118 удаа газар хөдөлсөн байгаа юм. Энэ бол магнитут нь таваас дээш хүчтэй газар хөдлөлтийн тоо. Үүнээс доошхи магнитутын газар хөд­лөлтийг тооцно гэвэл хэдэн мянга болох биз. Үүнээс хойш магнитут нь таваас дээш газар хөдлөлт 118, магнитут нь долоотой тэнцэх газар хөдлөлт нэг удаа болсон байх жишээтэй. Тэгэхээр энэ бол газар нь их атирсан, хагарсан хэсэгтээ илүү хүчтэй хөдлөлт болж байна гэсэн үг. Тухайлбал, Шинэ Зеландад 6.3 магнитутын хүчтэй газар хөдлөхөд л сүйрэл болж байх жишээтэй. Тэгэхээр гарч болох үр дагавар нь ямар байх нь ойлгомжтой юм. Гэтэл гуравдугаар сарын 10-нд Хятадад олон улсын стандартаар 5.4, хятадуудын өөрсдийнх нь хэмжсэнээр 5.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болоход 35 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн хүнд бэртэж, 1300 гаруй байшин нурсан тохиолдол гарсан. Гэтэл Японд ийм хэмжээний газар хөдлөлт өдөрт 65 удаа болж байна шүү дээ. Газар хөдлөлтийн давтамж багассан ч хүч нь сулраагүй байгаа юм.

-Тэгэхээр япончууд газар нутгийнхаа “Араншин”-д зохицсон гэсэн үг үү?

-Нэг үгээр хэлэхэд хамгаалалт сайн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, ихэнх хөдөлгөөн нь эргээсээ хол 100-аад километрийн цаана болж байгаа нь эрсдлээс зайлуулж байж болох юм. Газар хөдлөлт бол голомтыхоо орчимд маш их хүч ялгаруулсан ч тарсан долгионых нь хүч холдох тусам багасдаг. Тухайлбал, манайд 2010 оны нэгдүгээр сарын 9-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Дэлгэрцогтод газар хөдөлж, байшин барилга нурж байсан ч Улаанбаатарт мэдрэгдэхдээ газар хөдлөлтийн хүч буурсан байх жишээтэй. Голомт дээрээ долоон баллын хүчтэй байхад энд ирэхдээ 3-4 балл болж хүч нь саарах жишээтэй. 

-Манай Улсын хувьд цунамигаас айлтгүй. Харин газар хөдлөлтийн хүчийг  урьдчилан таамаглах  систем хэрэглэдэг үү?

-Бидний хувьд цунамид өртөх боломж үгүй. Хэрэв ийм тохиолдол гардаг юм гэхэд Хятад улс газрын хөрснөөс арчигдсан то­хиолдолд л магадлалтай. Ха­рин цунамигаас урьдчилан сэргийлэх системээс санаа авсан “Амжиж анхааруулах” гэсэн системийг нэвтрүүлэхээр Японы “Жайка” төсөлтэй хамтрахаар  хэлэлцээрийн шатанд ярьж байсан юм. Харамсалтай нь энэхүү төсөл удааширч болзошгүй байна.

-Энэ системийг нэвт­рүүлснээр манайд ямар ашигтай юм бэ?

-“Амжиж анхааруулах систем”-ийг дэлхийн томоохон улсууд хэрэглэдэг. Энэ бол манайд тохиромжтой систем юм. Энэ нь газар хөдлөлтийн долгионыг хэдий зайд хэр хэмжээтэй тархах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг юм. Тухайлбал, өнгөрсөн онд болсон Дэрэнгийн газар хөдлөлтийг хэдэн минутын дараа Улаанбаатарт ирэх, ирэхдээ ямар хэмжээний хүчтэй болох нь вэ гэдгийг тооцоолох байсан. Зайг нь газар хөдлөлтийн долгионы тархац тарах хурдад хуваах аргаар үүнийг тогтооно. Газар хөдлөлтийн идэвхтэй голомт дээр станц байгуулах замаар мэдээллийг авна. Харин ойрхон зайд бол сэргийлэхэд бэрх л дээ. Тооцоолсоор байтал газар хөдлөлтийн долгион энд ирчихсэн байна шүү дээ.

-Газар хөдлөлтөөс урьдчилан сэр­гийлэх өөр ямар арга байна вэ?

-Газар хөдлөлтөөс сэр­гийлэх гэхээс илүү хамгаалах нь чухал асуудал юм. Урьдчилж хэлэх нь чухал, гэхдээ хамгаалалтгүй бол ирээдүйгүй болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар орчимд 14 хоногийн дараа газар хөдөлнө гэдгийг хэллээ гэж бодъё. Үүнээс сэргийлж, хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ. Муугаар бодоход, биднийг эргээд ирэхэд Улаанбаатар балгас болчихсон байхад бид хэр удаан амьдрах вэ. Япончуудыг харж байгаа биз дээ, тэд одоо идэх хоол, уух ус, дулаан хувцасгүй байна. Гэхдээ тэд хамгаалалт хийж чадсан.

-Хамгаалалт хийхийн тулд яах ёстой вэ. Манайд хэдэн магнитутын хүчтэй газар хөдлөлтийг аюулд тооцдог юм бол?

-Бид газар ямар хэмжээгээр чичирвэл аюултай вэ гэдгийг хэмжээд өгчихөж байгаа. Үүнд тааруулаад байшин барилгаа барьдаг. Дур дураараа шийддэггүй байх ёстой. Тогтсон журмын дагуу л юмыг хийдэг байх ёстой. Манайд долоон магниутын хүчтэй газар хөдлөхөд аюул үүсэх магадлалтай. Гэхдээ нийслэлд баригдаж байгаа барилгуудыг найман магнитутын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандарт тавьсан. Харин бодит байдал дээр 5-6 баллын газар хөдлөлтөд тэсэх үү, үгүй гэдэг нь асуудалтай шүү дээ. Үүнээс гадна иргэдэд мэдээлэл өгөх, сэтгэл санааг нь бэлдэх, нөөц бүрдүүлэлт ч чухал. Японы жишээн дээрээс  хар л даа. Маш өндөр буюу 9.1 магнитутын хүчтэй газар хөдлөлтөд цөөн хүний амийг алдсан. Гэтэл Суматрид үүнээс бага хэмжээтэй газар хөдлөлтөд 200 мянган хүн нас барсан нь хамгаалалт муу байгааг л илтгэж байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх системийг сайн ашигласан учир Японы бүх атомын цахилгаан станцынх  нь реактор автоматаар унтарсан. Бүх метро нь өөрөө зогссон байгаа юм. Хэрэв тэгээгүй бол тэнд үнэхээр гамшиг болох байсан.

-Монголд газар хөд­лөлтийг хэмжих станцын хүрэлцээ хэр байдаг вэ?

-Монгол Улс Японоос хэд дахин том газар нутагтай гэж бахархдаг атлаа газар хөдлөлтийг хэмжих 12 л станцтай. Гэтэл Японд 1000 гаруй байх жишээтэй. Энэ 12 станц 12 аймгийн төв дээр байдаг. Дундговь, Сэлэнгэ, Баянхонгорт газар хөдлөлтийн маш идэвхитэй голомт байдаг. Гэтэл тэнд ямар ч станц байхгүй.

-Манай улсад хүчтэй газар хөдлөх магадлал хэр байдаг вэ?

-Манай улсын газар бүхэлдээ  жилд таван мм-ээр шилжиж байдаг. Энэ нь бага хэмжээ ч гэсэн хамгийн аюултай. Хуримтлагдах энергийн хэмжээ маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, Монголд хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр. Хурдтай явахаараа замдаа таарсныг эвдэж, сүйтгэдгийг Японы жишээн дээрээс харж болно. Харин удаан явахаараа газрын хөрсөнд тээглэсэн зүйл чинь хүлээгдээд л байдаг байхгүй юу. Ингэж хуримтлуулж байгаад нэг хүчтэй хөд­лөхөөрөө маш их сүйрэл авчирдаг. Тухайлбал, газрын гадаргуу дээр 370  километр газар хагарч, 5-6 метр ангал үүссэн байдаг.  Мөн уул 10 метрийн хэмжээтэй хуваагдаж байсан нь ч бий.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж