Йенс Леманн “Арсенал”-д эргэн ирж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Йенс Леманн “Арсенал”-д эргэн ирж магадгүй

Английн Премьер лигийн “Арсенал” клуб 41 настай туршлагатай хаалгач Йенс Леманнтай энэ улирлыг дуустал богино хугацааны гэрээ байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Лондонгийн “Их буучид”-ын бүрэлдэхүүнд хаалгач Войцех Щенсный, Лукаш Фабьяньски, Вито Манноне нар гэмтэлтэй байгаа учир Мануэль Альмуния цорын ганц сонголт болоод байгаа юм. Германы шигшээ багийн экс-хаалгач Леманн 2003-2008 оны хооронд “Арсенал”-ын бүрэлдэхүүнд нийт 199 тоглолт хийсэн бөгөөд дараа нь “Штутгарт”-ын хаалгыг хоёр жил манасан билээ. Хэрэв гэрээ амжилттай хийгдвэл Леманн энэ бямба гаригт “Их буучид”-ын хамт “Уэст Бром”-ын талбайд зочилно. Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд 61 тоглолтод оролцсон Леманн “Арсенал” дахь хаалгачийн байр сууриа Альмунияд алдаж, улмаар 2008 онд багаа орхисон юм. Түүнийг байх хугацаанд буюу 2003-2004 оны улиралд “Их буучид” нэг ч тоглолтод ялагдал амсаагүй, түүнчлэн Премьер лигт түрүүлж, 2005 онд FA Cup-ын финалд “Манчестер Юнайтед”-ыг торгуулийн цохилтоор буулган авахад Леманн гол үүргийг гүйцэтгэж байлаа. Тэрбээр мөн 2003 оны наймдугаар сараас 2007 оны зургадугаар сарын хооронд нийт 52 тоглолтод clean sheet буюу хаалгандаа гоол алдаагүй амжилтаар Премьер лигийн амжилтад хоёрдугаарт бичигдсэн юм. Харин “Арсенал”-д ирэхээсээ өмнө Леманн “Шальке 04”, “АС Милан” болон “Боруссия Дортмунд”-д хүчин зүтгэж байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж