Тэмдэглэлт өдөр 2011.03.15

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.03.15

 Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг (World Consumer Rights Day) АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийн (John F Kennedy) 1961 онд Конгресст үг хэлсэн өдөртэй холбогдуулан тэмдэглэдэг. Жон Кеннеди хэлсэн үгэндээ хэрэглэгчдийн үндсэн дөрвөн эрхийг тунхагласан байлаа. Үүнд, Аюулгүй байдлын эрх; Мэдээлэл авах эрх; Сонголт хийх эрх; Сонсогдсон байх эрх хамрагджээ. Хожим Хохиролдоо нөхвөр авах, Хэрэглэгчийн боловсролын эрх, Суурь хэрэглээгээр хангагдсан байх эрх, Хүрээлэн буй эрүүл орчны эрх зэрэг дөрвөн эрхийг нэмжээ. Энэ өдрийг анх 1983 онд тэмдэглэжээ.

1848 оны энэ өдөр Пешт хотноо “Унгарын хавар” гэх хөрөнгөтний хувьсгал гарч Австрийн Габсбургуудын ноёрхлыг халах үндэсний чөлөөлөх хөдөлгөөн эхэлжээ. Унгарын парламент болон Засгийн газрыг байгуулах, мөн хэвлэлийн эрх чөлөөг хангах үндсэн шаардлагыг унгарчууд тавьсан бөгөөд хэлэлцээрийн явцад тэдний шаардлагыг II Франц Иосиф хүлээн авч биелүүлсэн нь түүний гарын үсгээ тавьсан Дөрөвдүгээр сарын хуулиудад тусгалаа олжээ. Унгарын парламентын өмнө хариуцлага хүлээсэн анхны Засгийн газрыг нь гүн Лайош Баттяни толгойлсон юм.

 Фальяс (Las Fallas) гэж хаврын баяраа Валенсийн нийгэмлэг тэмдэглэж байна. Гуравдугаар сарын 1-нд ёслолын буудлагаар (mascleta) эхэлсэн баярын оргил нь асар том хүүхэлдэйнүүдийг шатаах ёслол болдог.

Энэ өдөр төржээ

Жорес Алферов, Зөвлөлт, Оросын физикч, Нобелийн шагналтан (төр. 1930.03.15)
 
Жорес Иванович Алферов 1930 оны гуравдугаар сарын 15-нд Белорусийн Витебск хотод төржээ. Багаасаа физикт дуртай нэгэн байлаа. Жорес 1947 онд Ленинградын Цахилгаан техникийн их сургуульд орон төгсгөөд цахилгаан ваакумын техникийн мэргэжлээр ажиллажээ. Хагас дамжуулагч түүний амьдралын гол үйлс болжээ. А.Ф.Иоффегийн нэрэмжит Физик-техникийн институтад ажиллан Зөвлөлтийн анхны транзисторуудыг бүтээхэд оролцов. 1959 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Алферовын судалгааны үндсэн дээр дэлхийд гар утас, компакт диск тоглуулагч, нарны зай болон холбооны шилэн утас зэрэг дэлгэрсэн юм. Тэрээр 1970 онд докторын зэрэг авсан байв. Наяад онд тэрээр нано бүтцийн судалгааг хийж “зонын инженер” гэдэг шинэ чиглэлийг гаргав.

Хагас дамжуулагчийн техникийн бүтээлдээ тэрээр 2000 оны Нобелийн физикийн шагналыг Г.Крёмер ба Д.Килби нартай хуваан авчээ. Жорес Алферов шинжлэх ухааны 500 гаруй бүтээл, гурван суурь бүтээл болон 50 гаруй зохион бүтээлтэй хүн юм. Тэрээр нийгмийн олон ажлыг хийдэг бөгөөд Төрийн думын гишүүн юм.  Түүний бүтээл нь Оросын болон гадаадын олон шагналыг авч байлаа.

Энэ өдөр таалал төгсчээ
 
Гай Юлий Цезарь, эртний Ромын улс төр ба төрийн зүтгэлтэн, жанжин, зохиолч (? – МЭӨ 44 оны 03.15)

Гай Юлий Цезарийг хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу жанжны нэг гэж зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлийг цэргийн ямар ч офицер судлах ёстой гэж Суворов, Наполеон нар тооцдог байв. Гай Юлий Цезарь МЭӨ 102 эсвэл 100 онд дээд язгууртны Юлийн отгийн гэр бүлд төрсөн гэнэ. Суллагийн дарангуйллын үеэр тэр харгислалаас зугтан Бага Азид гарсан байлаа. Дарангуйлагчийг нас барсаны дараа буюу МЭӨ 78 онд Ромын улс төрийн тэмцэлд оролцон цэргийн индэр болсон байв. МЭӨ 65 онд Цезарь тансаг театрчилсан тоглолт, гладиаторын тулаан, нийтийн хүлээн авалт зохион байгуулсаар Ромчуудын дунд нэр гарчээ.

МЭӨ 62 онд тэр претор гэх тушаал авч лсын гэх нутгийн захирагч болсон байлаа. Тэнд тэрээр зохион байгуулагч ба жанжны авьяасаа харуулсан юм.

Хоёр жилийн дараа тэрээр тухайн цагийн хоёр нөлөө бүхий зүтгэлтэн Помпей, Красс нартай холбоо байгуулан консул болж чадав. Шинэ тушаалдаа тэрээр төрийн байгууламжийг бэхжүүлсэн олон хуулийг гаргаж, ахмад дайчдад газар олгож, татварын барьцааг гуравны нэгээр бууруулсан байв. Консулын хугацаа дууссаны дараа тэрээр Галлийн захирагчаар томилогдон арми байгуулж, дайн хийх эрхтэй болжээ. Галлийн дайнуудаас тэр бүх Альпийн Галлийг байлдан дагуулж, армиа 10 легионаар нэмэгдүүлсэн байв. Крассийг нас барсны дараа тэрээр Помпейтай засгийн төлөө өрсөлдөн түүний армийг Илерда (49), Фарсал (48), Тапс (46) Мунда (45) орчмын тулаанд ялсан бөгөөд Помпей тэр тулааны нэгд нь алагджээ. Ийнхүү өөрийн дарангуйллийг тогтоож эхэлсэн юм. Түүний хаан болох эрмэлзэлд нь дургүйцсэн Кассий, Брут нарын толгойлсон хуйвалдагч нар МЭӨ 44 оны гуравдугаар сарын 15-нд сенатын хуралдаан дээр Цезарийг хөнөөжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж