Монголын хөлбөмбөгчид шинэ өмсгөлтэй талбайд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид шинэ өмсгөлтэй талбайд гарна

“Challenge cup” тэмцээний урьдчилсан шатны хариу тоглолт өнөөдөр хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдана. Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны хурлын танхимд болсон юм.

Хэвлэлийн бага хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат, шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав болон Филиппиний шигшээ багийн дасгалжуулагч Михайль Вэйсс,  Филиппиний багийн хамгаалагч Рей  Палмес нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн шигшээ багаа дагалдаж ирсэн Филиппиний төв телевизийн сурвалжлагчид уг хуралд оролцсон юм. Михайль Вэйсс уг хэвлэлийн бага хурлын үеэр “Монголын хүйтэн цаг агаарт дасан зохицоход мэдээж бидэнд хүнд байх болно. Гэхдээ Японд хийсэн бэлтгэл багагүй тус боллоо. Тэгээд ч мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд ямар ч цаг агаарын нөхцөлд тоглох чадвартай байх ёстой” хэмээсэн. Гэхдээ өмнө нь “Азкалс” Монгол шиг хүйтэн оронд тоглож зочилж байгаагүй гэдгийг тэрээр онцолсон. Михайль Вэйсс багийн үндсэн хаалгач Этеридж тодорхой шалтгааны улмаас энэ тоглолтод оролцох боломжгүй болсон. Энэ нь өрсөлдөгчөө басаж, дутуу үнэлсэн хэрэг бус гэдгийг хэлж байлаа. “Монголын шигшээ залуучуудаас бүрдсэн эрч хүчтэй сайн баг гэдгийг өмнөх тоглолтод бид харсан. Тийм болохоор маш хянамгай тоглохыг хичээнэ” хэмээв. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбатаас довтлогч Г.Төгсбаярын бэртлийн талаар тодруулахад “Төгсөө бэлтгэлийн үеэр гуяндаа бага зэргийн бэртэл авсан.  Гэхдээ шигшээ багийн эмч нар үзээд маргааш болох тоглолтод оролцох боломжтой гэж үзсэн. Тийм болохоор багийн тактик болон бүрэлдэхүүнд нэг их өөрчлөлт орохгүй байх. Мэдээж эхний тоглолтод ялагдсан учраас бид заавал ялах даалгавартай байгаа. Хүссэн үр дүнгээ авахын тулд хичээх болно” гэв. Харин шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав “Манай багийнхан бие болон сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн гэж дүгнэж байна. Хожил авахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ” хэмээв. Өнөөдрийн тоглолтыг МУ-н Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Г.Мөнхбаяр зэрэг төрийн түшээд ирж үзэх учраас харуул хамгаалалт нэлээд чанга байх аж. Хэвлэлийн бага хурлын үеэр тэнгэрийн өнгөтэй шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцуулсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж