Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хулгайчдаа илгээе

Монголчууд капитализм, хятад хоёрт бүр ясны дургүй. Бүр аль алин нь аминд нь орж байхад хүртэл шүү. Хятадын тухайд дараа болъё. Хөрөнгөтний нийгмийн тухайд муу муухай, зовлон зүдгүүрийн тухай дэндүү их дөвийлгөн сурталчилж ирсэнтэй холбоотой байх. Ямартаа ч бид өнгөрсөн 100 жилд капитализм дээгүүр хоёронтаа харайчихаад байгаа юм биш үү. Өдгөө бид хүмүүнлэг хөрөнгөтний нийгмийг цогцлоохоор явж буй гэдэг ч үнэндээ худлаа. Энэ хавтгайрсан тэтгэмж, сөхрүүлсэн татвар үүнийг нотлоод байна. Өмнөх нийгмийн үед феодализмаас капитализмын хар ангал дээгүүр бор морьтойгоо дүүлэн харайгаад социализм байгуулж байна гэдэг байв. Техникийн эрин зууны хурдыг морьтой давхиад яаж гүйцэх билээ. Хоцрогдолгүй яах вэ.
 Гэхдээ орос ах нарын бусдад үлгэр дууриал болгох гэсэн энэ ер бусын туршилтын үр шимийг бид чамлахааргүй хүртсэн шүү. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр Горбачевын өөрчлөн байгуулалтын үр дүнд монголчууд буруу замаар будаа тээснээ гэнэт ухаарч, ердийн морьтой давхиад газар хороохгүйг огоорч бор морио нисдэг мориор солисон билээ. Ингээд социализм, Орос хоёрыг баахан зүхээд хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орно, зах зээлийн нийгэмд шилжинэ гэцгээв. Ингэж гадны соёлыг дахин хулгайлав. Өргөн утгаар нь, гадаад хүчин зүйлийг бодолцвол бидэнд өөр зам, өөр сонголт байгаагүй.

Хамаг бүхнээ өнгөрсөн үед зориулсан өвгөн партизанууд, тэднийг залгамжлагчид “Манай хуучин анд Куба, Вьетнам, Умард Солонгос, Хятад гээд нэг намтай, социализмтайгаа байж л байна шүү дээ” гэж зарим нь хэлэх байх. Тэд биднээс их ондоо, бүс нутагтаа багагүй нэр нөлөөтэй, хамгийн гол нь биеэ даагаад амиа тээгээд явчих улс, Тиймээс тэдэнд америк маягийн ардчилалыг тулган хүлээлгэх гэж хэдэн арван жил хавчин гадуурхаад бүслэн хаагаад ч үр дүнд хүрээгүй.
Харин Монгол бол дагуул, хараат улс, хэн нэгнээс зүүгдэж чирэгдэхгүй л бол ганцаараа явна гэж байхгүй гэлтэй.1990 оноос байдал өөр болсон ч, тусгаар гэх тодотголоор бахархдаг ч хараат бус гэхэд хэцүүхэн байгаа нь нууц биш. Товчхондоо хэн мөнгө өгнө тэр хүний хэлснээр л явж ирсэн улс. Худлаа гэж үү?

Хэдий шинэ Үндсэн хуульдаа “Төрийн зохицуулалтай зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна“ гэж тунхагласан ч депутатууд өөрсдөө энэ ухагдахууныг ойлгоогүй. Ойлгоогүй учраас эгэл хүмүүст, энгийн мань мэтэд нь ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй өнөөг хүрч байгаа гэхэд болно.
Тэгээд ч бэлэн юм байж байхад Монголын өвөрмөц онцлог энэ тэр гэж толгойгоо гашилгаад яах вэ гээд л өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын улс төрийн тогтолцоог шууд хуулбарласан юм. Өнгөрсөн 20 жилийн хэрэг явдлыг эргэн харахад энэ тогтолцоо монголын хөрс шороон дээр олигтой соёолохгүй байна. Нэг үгээр, нүүдэлч монголчуудад дэндүү ахадсан эд байлаа. Ахадсан гэдэг нь сэтгэлгээний хувьд л даа.
Зах зээлийн харилцаанд шилжсэн эхний жилүүдэд манай дарга нар жам ёс гэдэг үгийг байнга хэрэглэдэг байсан юм. Зүй тогтол гэхээр марксизм үнэртээд байсан хэрэг биз. Харамсалтай нь, мөнөөх жам ёсоо сөрсөөр л ирсэн юм уу даа. Ухаандаа өнөөгийн энэ тогтолцоог бүрдүүлж хэлбэржүүлэхийн тулд бидний үлгэр дууриал авсан орнууд зарим нь 100 жил, зарим нь бүр 200-300 жил зарсан бололтой байдаг. Бид бол ёстой нөгөө “Түмний нэг” кинонд гардаг шиг “сраз моёр” болчихсон байгаа юм.

Хэрэг явдал цаашид хэрхэн өрнөхийг харж л байя. Юутай ч дууриана гэдэг сармагчин ажаагаас бидэнд өвлөгдсөн “үнэт зүйл” болохоор яая гэхэв дээ. Ер нь ч тэгээд монголчуудын хөгжин дэвших нэг гол арга зам бол “хулгай” гэдэгтэй санал нийлмээр юм шиг. Хоёрын хооронд гурвын дунд болсон, болоогүй гадныхныг харж “хэрээ хөлөө хөлдөөв” гэгч болсоноос хуулсан шиг хуулж, хулгайлсан шиг хулгайлъя. Хоосон хоцорсон гуйлгачин байснаас хоолоо олсон хулгайч байсан нь дээр.
Бидэнд эдийн засгийн гайхамшгийг илбэ мэт бүтээдэг энэ тогтоц өнөөг хүртэл манай зэлүүд нутагт  байгуулах нь байтугай төсөөлөгдөө ч үгүй л явж байна. Гэтэл ахар богино хугацаанд хөгжиж хүчирхэгжсэн улс гүрнүүдийн оньс түлхүүр нь үүнд л нуугддаг. Гайхамшигт хулгайн бай нь чухам юу юм бэ? Цагдаагийнханд анхааруулахад, хэн нэгний өмчийг хулгайлж, өөрийнхөө нэр дээр болгох тухай энд яриагүйг анхаараарай.

Энэ бол шууд хэлэхэд технологийн хулгай юм. Бид технологийн зуунд амьдарч байна. Ерөөсөө ч өнгөрсөн бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байлаа. Ирээдүйд энэ хамаарал улам бүр ихэснэ. Бодит амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлж гайхуулаад байдаггүй. Учир нь тэдний бүх хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд л хамаг нөөцөө шавхаж орхидог. Гэтэл түүнийг нь хэний ч санаанд оромгүй замаар хулгайлан завших тогтолцоог бий болгочихсон улсууд нэгэнт олон зууны туршид асар их хөлс хүчээр бий болгосон нууцыг нь завшиж олоод, өөрийн бүх нөөц бололцоогоо түүнийг үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа асар их давуу байр суурь эзэлдэг ажээ.

Илүү суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг. Харин илүү сайн хулгайчтай нь түүнийг завшиж түрүүлэн хөгждөг. Нөгөөх хэрэглэгч хэмээх гурав дахь ангиллын улс орнууд түүнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай хамгийн буурай, хоцрогдонгүй хэсэг болдог. Тэдний төлөөлөл нь бид. Гурав дахь анилалд хамаарна гэсэн үг.
Тэгвэл бид яаж хамгийн үр ашигтай буюу хоёр дахь ангилалын улс болох вэ, Технологийн завшигч болох энэ тогтолцоог хэрхэн бий болгодог вэ? Энэ нь ердөө л цагаачид, хямд ажиллах хүч нэртэй технологийн тагнуулчдыг сурган бэлтгэж, зохих нүхэнд нь шургуулах явдал юм. Япон, Хятад, Израйлийн цагаачид, ажиллах хүч, оюутнууд дунд технологийн тагнуулын армийн цэргүүд олноор шургалсан байдаг. Тэдгээр улсууд тагнуулуудаа тодорхой нэг технологид тусгайлан сургаад юу ч мэддэггүй ажлын хар хүч маягаар зохих үйлдвэрт нь ажилд шургуулдаг ажээ. Очих газарт нь урьдаас замыг нь бэлдсэн нөлөө бүхий хүмүүс, элчингийн ажилтнууд нь тусгайлан бэлтгэгдсэн тагнуулуудыг ажилчин, үйлчлэгч гэх мэт эгэл дүрээр зохих ажлын байранд нь зуучлан шургуулах үүрэг гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл тагнуулууд нь сор болсон технологи, жорыг дэлсэх аргаа, улс төр, олон нийтийн бүтцийнхэн тэднийг хэрэгтэй газарт нь шургуулах замаа гаргууд сайн мэддэг, чаддаг байх ёстой гэсэн үг. Ийм арга замаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг, Швейцариас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна. Харин манайд яадаг вэ гэхээр өөрсдөөс нь тэдний бүтээгдэхүүнийг авчирч дундаас нь мөнгө олдог. Солонгосоос бэлэн гоймон авчраад л “Амт гэж ванлий. Жинхэнэ Солонгос амт” гэж илийрсэн реклам хийдэг. Тиймдээ ч бид 80 хувь хүнсний хараат байдалтай байна.

Еврейчүүд очсон газар бүрийнхээ хамгийн ашигтай, хамгийн шилдэг бүхнийг олж мэдээд тэрхүү нууцаа төрөлх Израйлруугаа ямар нэг замаар дамжуулдаг. Тухайн үедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хэрхэн дэлсэж АКА-аас аль ч талаараа дутахгүй, харин ч илүү авсаархан, хэрэглэхэд тохиромжтой ИҮЗИ-автомат бууг Израйльд үйлдвэрлэн АНУ, баруун европыг зэвсэглэж эхэлсэнийг та бүхэн бишгүй сонсоо л биз. Цагаач еврейчүүдийн илгээсэн хамгийн өндөр үр ашигтай жимс ногоо болон тариалах аргыг нь манай ганцхан сумтай тэнцэх нутаг дэвсгэрийнхээ бүр өчүүхэн алга дарамхан хэсэг цөл дээр Израйлчууд тариалаад ургацынхаа 30 хувиар хүн ардаа жимс ногоогоор элбэг хангалуун хангаж 70 хувийг нь экспортлож эргэн тойрныхоо цөлийн арабуудыг хангаж байна. Хятад цагаачид, оюутнууд Чех улсад очлоо гэхэд тэндхийн хамгийн шилдэг бүхний технологи, нууцыг олж мэдээд төрөлх Нанхиаддаа өвөрлөн очно. Тухайлбал Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар Хятадууд мэдэж авснаас хэсэг хугацааны дараа уг айргийг Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ. Гэтэл тэнд ажиллаж суралцдаг манайхан уг шар айргийг нь ердөө л ууж сурахаас цаашгүй.

Чадаж байгаа зүйл нь айргаа аль Модун Шанъюгийн бүлж байсан гэмээр тэр жороороо л бүлж байдаг. Энд жор технологийн дэвшлийн тухай яриа ч байхгүй. Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд ажилтай Дамаскад цөлж, тэд нь ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан тухай яриа бий.

….Ингэж л Дамаскийн илд ирээрээ гайхуулж, Хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэдэхгүй байсан англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр цайгаараа өнөөх Цейлон, Энэтхэгээсээ хол тасраад байна. Дэлхий дахин баян тансагийн үндэс болсон технологийн хөгжилөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа товарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил үл хийжээ. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан хүн амьтаныг коопиийдож байгаа мэт олшруулж, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс комьпютер интернэт хүртэл хөгжичихөөд байхад бид гахайн тэжээлийн төмсийг газар булсаар суухуу.

Үгүй ээ. өндөр хөгжил, баялгийг өөр лүүгээ юүлж цувуулдаг энэхүү зам гүүрийг бид эх орноосоо тал тал тийш тавих хэрэгтэй.

Францаас эх орондоо ирсэн монголчууд эхнэртээ Шампани мужийн амтат дарс, Шанелийн анхилуун сүрчиг авчирдаг. Гэтэл хятадууд тэр үнэртэн, дарсыг хийх ухааныг эх орондоо авч очдог. Тэд бэлэн бүтээгдэхүүнийг нь шохоорхон авч мөнгөө үрэх биш, харин түүнийг бүтээж мөнгө олох ухааныг эрхэмлэдэг.

Бид АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг гэх мэтээр дэлсэх боломж нээлттэй байна. Сургуулийн сурагч бүхний мэддэг маркетинг, менежмент улиглан ярьж, улс төрийн түүхий болоод илжирсэн нам хүчнүүдийн гар харсаар бид юугаараа гайхуулж, юу бүтээж чадаж байгаа юм бэ. Технологийн тэмцлийн эринд бид юугаа хүлээж, юундаа найдаад байгаа юм бэ?

Гэтэл бид өөрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд хөл тавин алхаж, тэдний долларын таатай үнэрээр цээж дүүрэн амьсгалах боломж нээлттэй байна шүү дээ. Бид адаглаад л өөрийн алтаар зоос гоёл шиг үлбэгэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэдэн авгайчуул, малчдаа хуурах биш Картей шиг сор болсон бүтээгдэхүүн гаргаж, дэлхийг тэднээс хямд хангах түмэн боломж дээр сууж байна шүү дээ.

Үүний тулд Картейд сайн мэргэжсэн нэг технологийн ангуучыг жирийн ажилчны дүрээр шургуулж, үүний хамт гадны гангачуулын хэрэгцээ сонирхолынх нь сэтгэлзүйг тандан судалж, түүн дээр нь үндэслэн зураг дизайныг нь бүтээх хоёр сайн дизайнер, загварыг нь хийх ганц сайн барималч байхад л хангалттай. Гэтэл бид эндээ бүдүүн тоймоор цээжээ дэлдэн зүтгээд, Чавганц дарханы гайхамшиг, Монгол шир гэж хоолойгоо хорстол хашгичаад юу хожсон бэ? Гагцхүү бидний орлого, улс орны минь хөгжлийг өндөр технологи хэмээх зүйл л шийдэж байгааг ойлгож, түүнийг олзлох аян дайнд алгуурлалгүй мордох хэрэгтэй биш үү. Монголчууд бид даян дэлхийг ахин эзэгнэхийн тулд эрэлхэг харваачдаа бэлтгэх бус технологийн байлдан дагуулагчдаа даян дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд руу үдэж мордуулах цаг хэдий нь болжээ. Үүний тулд манай шинжлэх ухааны хүрээлэнгийн нэгэн хэсгийг технологи, үр ашгийн судалгаа, боловсруулалтын газар болгож, тэндээ манайд хөгжүүлж болох бүх салбаруудын чиглэлээр авъяас чадвартай залуусыг сонгон тодорхой нэг технологийн мэргэжлээр боловсруулж бэлдээд, элчин консулаараа дамжуулж тэднийг зохих нүхэнд нь шургуулах хэрэгтэй.

Ингээд л гүйцээ. Тэд ч ингэж л ашиг олдог. Бид ч дутахгүй. Асар их ашиг, хөгжлийн цаана ийм л зүйл нуугдаж байдаг. Манай геологчид зөвхөн Сэлэнгэ аймгийн Хүдэртэй сумын нутаг дэвсгэрт 368 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгааг тогтоожээ. Тэгвэл бид юу хийх ёстой байсан бэ? Бөөн сүр болж зардлаасаа ч давахгүй үнээр шахагдах болхи муу бүтээгдэхүүн үйлдвэрлэж шившиг болох, эсвэл сурснаараа түүхий эд чигээр нь гадагш хямд худалдаж бусдад завшуулах хоёр уламжлалт зам л манайд байдаг. Үүнээс тухайн компанид болоод улс оронд ямар ашиг гарах нь ойлгомжтой. Иймдээ ч бид өдгөө ийм дорой амь зууцгааж байна. Хятадын газар нутаг дээр ямар нэг нөөц тогтоогдлоо гэхэд л тэд тэр дор нь технологийн тагнуулуудаа тухайн нөөцөөс урган гарах бүх салбар чиглэлийн дагуу бэлтгэдэг. Үүний дараа Хятадаас гадагш цуврах цагаач, ажилчид, оюутнуудын тоо эрс нэмэгдэнэ. Энэ үед гадаадын улс орнуудад суугаа дундад улсын нөлөөтэй бизнесмэнүүд, элчингийнхэн, олон нийтийн байгууллагынхны зуучлах ажил ихэсч зав чөлөө нь багасдаг. Удалгүй харийн газар одсон технологийн тагнуулын арми арвин олз ашиг тээн эх орон Руугаа бэлчинэ. Гэтэл манайд таг чиг.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж