Аюулыг давах ганц арга нь бэлэн байх

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Аюулыг давах ганц арга нь бэлэн байх

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төв  хэмээх хаягтай жирийн үед хүмүүс тэгтэл их анзаардаггүй жижигхэн байшин хөл хөдөлгөөн ихтэй байна. Японд аймшигт газар хөдлөлт болсон сургаар л хэвлэл мэдээллийнхэн тийш харайлгаж, шинэ мэдээлэл, эрдэмтэн судлаачдын нэмэлт тайлбарыг хүргэх гэж чармайж буй. Японд яг газар шилгээж буй тэр цаг мөчүүдэд ч эднийхэн хаана, ямар хөдлөлт болж байгааг бүртгэж суусан. Харин энэ удаад “АЭ” газар хөдлөлийн хүчийг өмнөөс нь сааруулж  багасгах шинэ туршлага гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Бүр тодруулбал, Оросын эрдэмтэд Улаанбаатарын орчим Эмээлт дэх газрын хагалбарыг өрөмдөн болзошгүй газар хөдлөлийн хүчийг бууруулж болно, харамсалтай нь Монголын Засгийн газар ядуу болохоороо санхүүжилтийг нь дийлэхгүй байгаа гэсэн утгатай мэдээлэл Оросын хэвлэлүүдэд гарч байсан юм. Энэ талаар болон бусад мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал У.Сүхбаатарын яриаг эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлийн нэмэлт тайлбартайгаар хүргэж байна.

-Яриагаа яг одоо байдал ямар байгаа талаар шинэ мэдээллээр эхлэх нь зүйтэй болов уу? Японд одоо ч чичирхийлэл бүртгэгдсэн хэвээр байгаа гэсэн?
-Японы энэ газар хөдлөлт бол яалт ч үгүй хосгүй хүчтэй газар хөдлөлт.  Том газар хөдлөлтийн дараа жижиг хөдлөлүүд явагддаг.  Одоо ч Японд 6-7 магнитутын хөдлөлт үргэлжилсэн хэвээр байна. Энэ бол эх газарт бол гамшиг дагуулах хэмжээний газар хөдлөлт. Харин Японы хувьд газар хөдлөлтийн эсрэг асар сайн хамгаалалттай болохоор газар хөдлөлтөөсөө илүү цунамигаас хохирол амссан. Хосгүй хүчтэй газар хөдлөлт гэхэд Токиод л лав байшин барилга нурсан зүйл алга. Тэгэхээр ямар сайн хамгаалалттай вэ? гэдэг нь харагдаж байна л даа.

-Ер нь Япон тэнгис орчмыг газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэдэг. Дэлхийн галт цагираг ч гэж нэрлээд байна?
-Тийм ээ. Филлипин, Индонези гээд энэ галт цагиргын дагуу хүчтэй газар хөдлөлт болдог. 400 км гүнд газар хөдлөлт болж байна гэдэг чинь газар төдий хэмжээний доошоо шургаж орж байна гэсэн үг. Нэг талаасаа бол газар тэлж, халуун магм гарч ирж царцан уул үүсэх процесс явж байгаа юм. Дэлхий амьд организм юм болохоороо нэг  талаасаа ургаж, нөгөө талаасаа уусч устаж байдаг. Энэ маш удаан үргэлжилдэг процесс учраас хүнд бол төдий л мэдрэгдэхгүй. Мэдрэгдэж байгаа илрэл нь, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх юм даа.

-Саяны газар хөдлөлтөөс болж дэлхийн тэнхлэг 10 см-ээр өөрчлөгдлөө гээд байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ?
-Дэлхийн эргэлдэх хөдөлгөөн биш, өөрийнх нь хувийн тэнхлэг. Энэ тэнхлэг 15 см шилжсэн. Дэлхий бол цул хатуу зүйл биш. Хатуу сац давхаргын цаана мааньт, тэгээд шингэн гэх мэт давхаргууд бий. Хамгийн гол цөм нь төмөр, никелиэс бүрдсэн маш хатуу нягттай. Хаа нэгтээ их энерги ялгарахад хэлбэр дүрс нь өөрчлөгдөж гажиж байгаа юм.

-Тэгээд энэ аюултай тоо мөн үү, урьд нь ийм гажилт  гарч байсан уу?

-Үгүй ээ. Судалгаагаар л гарч ирж байгаа тоо шүү дээ. Оросууд 1953 онд ус төрөгчийн бөмбөг анх хийгээд туршихад ийм шилжилт гарч байсан. Суматрид 2004 онд газар хөдлөхөд бас 5-6 см-ийн шилжилт гарч байсан. Энэ нь 2,65 мел/сек буюу секунтийг сая хуваасантай тэнцэхүйц нэгжээр л дэлхийн эргэлт хурдасч байна гэсэн үг.

-Энэ нь хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ ордог юм уу, эсвэл?
-Орохгүй. Нэгэн хэвийн гажилт болоод явчихаж байгаа юм. Эргэлдэх хурд секундийг сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, нэлээд хэдэн жилд л дэлхийн эргэлтэд нэг секунтийн зөрөө гарна гэсэн үг л дээ.

-Бас ойрын үед сар дэлхийд хамгийн ойр зайд ирж байгаа учир хүчтэй газар хөдлөлт болж байна. Тухайлбал, энэ гуравдугаар сарын 19- нд сар хамгийн ойрын зайд ирэх учир дахиад хүчтэй газар хөдлөлт болно гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Яг ч батлагдсан зүйл биш л дээ. Гуравдугаар сарын 19-нд тэргэл сар гарна. Усны түрлэг бол сарны татах хүчтэй холбоотой. Нар, сарны харилцан үйлчлэлээс газар хөдлөлт болдог гэсэн таамаг байдаг. Гэхдээ яг ч батласан зүйл үгүй. Хэрвээ баталчихсан бол бид одоо шинийн 15 болохоор тэргэл сар гарна, газар хөдөлж магадгүй гээд мэдчихэж болно гэсэнү үг. Гэтэл тэгдэггүй л байхгүй юу. Хуримтлагдсан энерги яаж, чөлөөлөгдөж байна вэ гэдэг  газар хөдлөлтийн механизмын асуудал. Энэ ч бас тодорхойгүй. Одоо бол Японы газар хөдлөлтөөс суллагдсан их энерги тархаад явж байна шүү дээ. Газар хөдлөлтийн бэлэн байдалд орсон энэ их энергийг өдөөх хүч хаана ч байж болно. Тиймээс галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил дэлбэрэлт ажиглагдаж магадгүй. Гэхдээ сар ойртох гэх мэт нь бага л хүч л дээ. Гэхдээ үгүйсгэх бас арга байхгүй. Буу ямар хүчтэй билээ, гэтэл гох дарахад ямар бага хүч зарцуулагддаг билээ. Үүнийг газар хөдлөлт дээр жишээлээд хэлэхэд “гох дарж байгаа механизм” юу гэдэг нь оньсого байна. Гох дарах механизмыг тайлж чадвал хэзээ дарах вэ гэдгийг мэдэх боломжтой болно шүү дээ.

-Гэхдээ саяны тохиолдолд газар хөдлөлт болно гэдгийг хоёр хоногийн өмнө анхааруулж чадсан?
-Хүчтэй газар хөдлөлтийн өмнөх хөдлөлтүүд байдаг. Үүнээс  болгоомжлохыг эрдэмтэд хэлж чадсан. Гэхдээ гох хэзээ дарагдах вэ гэдэг шиг яг хэзээ газар хөдөлж болох вэ гэдгийг мэдэхгүй байгаа болохоор хэчнээн хүнийг хааш нь нүүлгэх вэ гэдгийг ч хэлэх арга байхгүй. Энэ бол аль ч Засгийн газрын хийж чадахгүй байгаа зүйл. Эхлээд гуравдугаар сарын 9-нд долоо гаруй баллын хөдлөл болсны дараа эрдэмтэд дахиад илүү хүчтэй газар хөдөлж, цунами үүсч магадгүй гэж хэлж байсан.
 
-Мэргэжилтнүүд бол хэзээ га­­­­зар хөдлөхийг хэлэх аргагүй гэ­дэг. Харин Оросын эрдэмтэн га­зар хөдлөлт болох магадлалтай газ­рыг угтуулан тэсрэлт хийж хү­чийг нь бууруулж болно гэ­сэн санаа гаргасан байсан. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлс­нийг “АЭ” сонин орчуулан гар­­­гаж байсан юм. Оросын тэдгээр эрдэмтэн Улаанбаатарын ойрол­­­цоо байгаа Эмээлтийн газрын хагал­­­барт эл туршилтыг хийх санал тавь­­­сан ч Монголын Засгийн газар хө­рөн­­гө, мөнгөний бололцоогүй гээд зөвшөөрөөгүй гэсэн байсан. Ми­ний ойлгосноор бол газар хүч­тэй хөдлөхөөс нь өмнө сөргүүлж өрөм­дөн хуримтлагдсан энергийг нь бага багаар гадагшлуулж хү­чийг нь сулруулах санаа юм уу даа, тийм үү?
-Тэсрэлт дэлбэрэлт байдлаар биш аажмаар сулруулж гаргахыг л хэлээд байгаа юм.

-Өрөмдөнө гэсэн үг үү. Одоо бид газар хөдөлбөл ядарсан Монгол яах билээ гэж сандралдаад л байгаа. Гэтэл  ийм хүч сулруулах арга байдаг юм бол яагаад түүнийг хэрэглэж, хэрэгжүүлж болохгүй байгаа юм бэ? Гамшиг болсны дараа толгойгоо үгтээж сууснаас дээр биш үү?
-Өрөмдөж, ус хийнэ гэх мэтчилэн яриад байгаа л даа. Гэхдээ үүнийг ганц нэгхэн газар туршиж үзсэн болохоос биш яг үр дүн харагдсан, батлагдсан зүйл биш. Зохиогчийн эрхийг нь бол Оросын эрдэмтэн авсан байдаг юм.  Бас нөгөө талаасаа осол дагуулсан эд. Хамгийн гол нь энергийн хуримтлал хаана байна вэ гэдэгт маш нарийн судалгаа хийх хэрэгтэй. 2005 оноос хойш Улаанбаатарын орчимд энергийн цугларал бий болоод байгаа гэх боловч Хустайн, эсвэл Эмээлт, Гүнжийн /Гачуурт орчим/ хагарлаас уу гэдгийг олж тогтоож чадахгүй л байгаа шүү дээ. Түүнийг тогтоож чадах юм бол өрөмдөнө үү, ус хийнэ үү гэдгийг шийдэх асуудал. Гэтэл энергийн хуримтлал хаана, юунаас болж байгааг мэдэхгүйгээр өрөмдчих юм бол болзошгүй аюулыг өөдөөс нь өдөөчихөж магадгүй шүү дээ.

-Нээрээ тооцоо судалгаагүй өрөмдлөг хийгээд алдах ахул унтаж байсан лууг сэрээсэн дайтай юм ч болж болох юм даа?
-Физикийн шинжлэх ухааны үүднээс бол боломжтой ч байж болох асуудал. Шинжлэх ухаанд патент авах явдал зөндөө. Тэр болгон ашигтай хэрэгтэй гэх нь хэцүү, осолтой. Би бол байгальд нөлөөлөхийн эсрэг байдаг хүн. Тухайлбал, үүл буудаж бороо орууллаа л гэдэг бизнесийн талаасаа ашигтай байж болох ч зүйрлэвэл хүчээр үр зулбуулж байгаатай л адил. Шинжлэх ухаан талаасаа үр ашигтай зүйл юм гэж нотлогдож батлагдсан зүйл ч байхгүй юм. Байгаль өөрөө бүрэлдэж, хаана бороо орох вэ, жамаараа л явах ёстой болохоос биш хүний оролцоо ороод ирэхээр л сүйрэл болж байна. Хамгийн наад зах нь цөлжилтийг л харах хэрэгтэй. 

С.Дэмбэрэл:-Онолын хувьд боломжтой байж болох ч практик шийдэл нь хэцүү. Хүн төрөлхтөний түүхэнд газрын гүн рүү 11 мянган метрт өрөмдсөн рекорд байгаа. Бидний судалгаагаар бол жижиг эвдрэлийн процесс 12-15 км-д зонхилж байгаа. Бид бол 200 метрт л өрөмдөнө. Тэгээд тийш нь ямар тэсрэх бодис хийгээд ямар нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ гэдэг хэцүү. Нөгөө талаас Орост ч бас зөндөө газар хөдлөлт болдог. Тэд өөрсдөө яагаад энэ аргаа хэрэглэхгүй Монголд турших гээд байгаа юм бэ гэдгийг бас бодох л ёстой асуудал.

-Иймэрхүү туршилт хийх санал байна гэж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч юм уу танилцуулсан уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн асуудалд их анхааарал хандуулж, тусгайлан авч үзэж байсан санагдана?
-Бид нэг их онц ач холбогдолтой зүйл биш гэж үзэж байгаа учир танилцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Орост Камчатка, Байгаль нуур гээд зөндөө газар хөдлөлт болдог. Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь авч үзээд үр дүнтэй юм байна гэсэн бол өөр хэрэг. Түүнээс биш бид туршлагын туулай болж зүтгэж болохгүй шүү дээ. Тэр тусмаа ийм осолтой асуудалд.  Ямар ч эрсдэл дагуулж магадгүй шүү дээ.

-Үүнийг санал болгоод байгаа эрдэмтэн салбартаа хэр танигдсан, нэр хүндтэй хүн юм бэ?
-Том эрдэмтэн,  маргаан байхгүй. Бид ч бас хамтарч ажиллаж байсан. Хурал семинари дээр уулзалддаг. Энэ хийж байгаа ажлаа танилцуулдаг, бид танилцсан.    Гэхдээ тэр болгон улс орнууд ухасхийж аваад хийхгүй л байна. Мэдээж тэр хүнд нэгэнт ийм патентаа авчихсан байгаа болохоор туршаад үзчихье гэсэн санаа бол байгаа л байх. Монголчууд мөнгөгүй болохоороо саналыг хүлээж авахгүй байгаа юм биш. Тэгж ярих дээрээ тулах юм бол Орос ч гэсэн мөнгөгүй юм уу? Орос яагаад өөрсдөө үүнийгээ хийхгүй байгаа юм бэ? Хамгийн гол нь энерги яаж хуримтлагдаж байгааг хэрхэн тогтоодгоо баталчих. Үүний дараа хуримтлагдсан энергийг хэрхэн задлахаа ярилцья гэсэн саналыг бид тавьдаг.

-Маш их хэмжээний мөнгө шаардлагатай юм уу?

-Мэдэхгүй. Ядаж 5-10 км-т өрөмдлөг хийх биз. Тэр хэмжээний өрөмдлөг хийж чадаж байгаа газар цөөхөн байх шүү. Монголын Засгийн газар ядуудаа биш шүү дээ. Юун дээр туршилт хийх вэ гэдэг нь чухал. Хүн дээр туршилт хийж болдоггүй шиг, эх дэлхий дээрээ, эх орон дээрээ туршилт хийж болохгүй л дээ.

С.Дэмбэрэл:Зааныг шумуулаар хазуулах гээд байгаатай л адил юм. Байгаль нуурын мөсөн дээр хийсэн өрөмдлөгийн ажилтай нь танилцсан. Хуримтлагдсан хагарлын бүст хатгаж үзээд эргэж гарч ирж байгаа реакциар нь энерги хуримтлагдсан эсэхийг тогтооно гэж байгаа юм л даа. Яг түүнийг тогтооно гэдэг хэцүү. Эрхүүгийн ойролцоо маш том газар хөдлөлт болсон шүү дээ. Тэгвэл оросууд түүндээ яагаад хэрэглээгүй юм бэ, энэ аргаа. 

-Эмээлтийн хагалбараас үүдээд Улаанбаатарт хүчтэй газар хөдөлж болзошгүй гэдгээс л их айдас төрөөд байна л даа, хүмүүст. Эмээлт гэдэг энүүхэн ойрхон байна шүү дээ?   
-Гүнжийн хагалбар бол бүр энүүхэнд Гачуурт орчим, хуучнаар мянган ламын булшны орчим байгаа шүү дээ. Хустай, Эмээлт, Гүнжийн хагалбарууд хоорондоо уялдаа холбоотой эсэхийг судлах хэрэгтэй байгаа. Эдгээр хагалбарууд нэг хавтангийн өнцөг болж таарвал Говь-Алтайд 1953 онд болсон хэмжээний газар хөдлөлт болж болзошгүй. /Өнгөрсөн зуунд Монгол Улсад хоёр удаа 12 баллын газар хөдлөлт болсон. Эхнийх нь 1905 онд, хоёрдахь нь 1953 онд. Тухайн үед суурьшмал газар үгүй байсан болохоор гарз хохирол бага гарсан гэдэг. Сурв./ Энэ жилийн судалгааны ажлаар гол нь энэ хагарлууд хоорондоо холбоотой байгаа эсэхийг тогтооно. Хэрвээ холбоотой байх юм бол цаашид Улаанбаатарт өндөр барилга барьж болохгүй гэх мэт зөндөө асуудал гарч ирнэ. Энэ жилийн хувьд судалгааны тоног төхөөрөмж авах хоёр тэрбум гаруй төгрөг өгөхөөр болсон. Удахгүй багажнуудаа авна. Судалгаа энэ гурван хагарал холбоотой эсэхийг  тогтоох юм.

-Өнгөрсөн жил Ерөнхийлөгч анхаарал тавьж байснаас хойш танай ажилд хэр ахиц гарсан юм бэ гэж яг асуух гэж байлаа. Хоёр тэрбум төгрөг олгож байгаа гэхийг бодоход гайгүй ахицтай л байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Газар хөдөлсөн тохиолдолд яаж өөрийгөө болон өрөөлийг хамгаалах вэ гэх чиглэлээр их ажил хийгдсэн. Газар хөдлөлийн эрсдлийг бууруулах ганц арга зам бол бэлэн байх. Жишээлбэл, Гайти ямар ч мэдээлэл байхгүй, харанхуй, аюул болчихоод байхад Засгийн газар нь олдохгүй л байлаа шүү дээ. Гэтэл Япон бол үнэхээр бэлэн байдалд байж чадаж байгаа, үнэхээр их гүрэн, хөдөлмөрч хүмүүс учраас энэ хэмжээний хохиролтой гарч байна. Аюул болоход ядахдаа Засгийн газар нь хаана цуглаж, яаж хуралдах вэ гэдгээс эхлээд бэлтгэлтэй байж л хүмүүсийг аврах тухай асуудал яригдана шүү дээ.

-Ер нь сонирхоход манайд газар хөдлөхөд Засгийн газар нь хаана хуралдах юм бэ, хорогдох байр байна уу, бэлтгэл ажил хийдэг юм уу?

-Байлгүй яах вэ дээ, нууцын зэрэглэлтэй зөндөө ажил хийгдэж байгаа шүү дээ. Ямар ч байсан Гайти шиг байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч ч үүнийг сайн ойлгож байгаа. Байгалийн аюулыг  барьж тогтоож чадахгүйгээс хойш бэлэн байх л ёстой. Улаанбаатар хотын захиргаа ч их ажил хийж байгаа. Тэргүүн зэрэгт бараг өөрөө нураад уначих байшингуудын жагсаалт гаргасан байгаа. Мөн байшингуудыг төрөл ангиллаар нь паспортжуулах ажил хийх гэж байгаа.

Улаанбаатарчуудын хэний ч сайн мэдэх айдас бол Япон шиг 12 балл бүү хэл газар ганхахын төдийд нураад уначих найдваргүй барилга байшингууд. Тэдгээрийг паспортжуулна гэдэг нь ямархуу даац, ганхалт даах нь вэ, цаашид яах ёстой вэ гэдгийг нь тогтоож өгнө гэсэн үг аж. Шинээр байшин худалдаж авахад ч газар хөдлөлтийн анхны ширвэлтээр дарагдаад үхчихгүй юм байна гэх айдсаа дарж магадгүй бичиг баримттай болно гэсэн үг. Түүнээс гадна маш сонирхолтой мэдээ дуулгахад “цаадуул чинь”, өөрөөр хэлбэл, дэлхийн бусад орнуудад 35-хан ам.долларын үнэтэй бэхэлгээгээр байшингаа торддог болсон байна. Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлийн тайлбарласнаар бол чемодоны нугас, бүр энгийнчилбэл скоч маягийн зүйлээр байшингаа бэхэлчихэд л баргийн донсолгоог даахаар болдог юм байна. Бүр энгийн байшин “скоч”-той байшин хоёрыг яг адилхан чичрүүлэхэд ямархуу байхыг харуулсан туршилтуудыг компьютертээ суулгачихсан харуулж байна лээ. Магадгүй та хувийнхаа хаусыг ийм зүйлээр хулдчихаж ч болмоор юм байна лээ. Үүнийг удахгүй манайхан туршлага болгон хэрэгжүүлнэ буй за. Газар хөдөлсөн ч бас төдийлөн айлтгүйгээр байж болох л юм шиг. Манай мэргэжилтнүүд Японоос өөр газар өдий дайны хөдлөлт болсон бол жинхэнэ босоо байшин үгүй сүйрэл болох байсан гэж “атаархаж” бас “олзуурхаж” буйгаа ч хэлж байна лээ.   

 А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж