Хэрэгсэхгүй хөрөнгө орлогыг мэдүүлсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хэрэгсэхгүй хөрөнгө орлогыг мэдүүлсээр байх уу?

Төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газарт 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх хугацааг жил бүрийн хоёрдугаар сарын 15-наар эцэслэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, тогтоосон хугацаанаас яг нэг сар өнгөрөөд байна. Нийтдээ 54 мянган төрийн албан хаагч, 256 төрийн өндөр албан тушаалтан АТГ болон харьяалах дээд байгууллагадаа ХОМ-ээ гаргаж өгөх ёстой. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр дээрх нөхдийн гурваас бусад нь ХОМ-ээ гаргаж өгчээ. Хоёр нь хугацаандаа гаргаж өгөөгүй, нэг нь ХОМ гаргаж өгөхөөс санаатайгаар татгалзсан. Өөрөөр хэлбэл, 54.253 этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргасан гэсэн үг. Гэвч АТГ-ын вэб сайтад нээлттэй тавигдах ёстой төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ одоо болтол олон нийтэд ил болоогүй байна.

Ингэхэд хөрөнгө орлогын мэдүүлгийг юуны тулд гаргадаг юм бэ. Төрийн албан тушаалтан, албан хаагчид өөрт оногдсон эрх мэдлээ ашиглан эдийн засгийн давуу байдлыг хувьдаа бий болгосон, нийтийн ашиг сонирхлыг хохироосон буюу өмч хөрөнгийн хохирол учруулсан байх вий гэдгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүднээс тэдний жил бүрийн орлого зарлагыг бүртгэж, энэ нь хууль ёсны үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоодог. Хэрвээ төрийн албан тушаалтан, албан хаагчид эх үүсвэр нь тодорхойгүй байдлаар гэнэт хөрөнгөжсөн, орлогоосоо давсан үнэтэй өмч хөрөнгө худалдан авсан, бүртгүүлсэн бол АТГ уг асуудлыг шалгаж нягтлах үүрэгтэй. Ингэхдээ иргэдээс өгсөн болон хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэл дээр тулгуурлан хяналт шалгалтыг явуулахаар хуульчилсан байгаа. Харамсалтай нь АТГ байгуулагдсанаас хойших таван жилийн турш энэ ажил огт хийгдсэнгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг нь зүгээр л нэг АТГ-ын өдөр тутмын ажлын норм норматив, дээшээ тайлагнадаг үзүүлэлт, АТГ-ын албатуудыг ажилтай байлгахын тулд сэдсэн зүйл мэтээр явж ирэв.

Ингэж хэлэхээр зарим нь гайхаж магадгүй. АТГ тэгвэл өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэж. Тэд ажил хийсэн. Гэхдээ тэдний хийдэг ажил зөвхөн улс төрийн зорилготой, улс төрчдийн, улс төрийн намуудын бие биенийхээ эсрэг барьдаг зэвсэг төдий явж ирсэн гэвэл маргах хүн гарахгүй болов уу. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн Эрүүл мэндийн сайд байхдаа бөөрний аппарат өндөр үнээр шахсан, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын Улсын нөөцийн бараа бүтээгдэхүүн хууль бусаар зарцуулсан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын төв банкны захирал байхдаа Жорж Чельмерстэй холбогдох орон сууцны зээлийн аккердетив нээсэн гээд энэ байгууллага дээр шалгагдаж байсан олон хэргүүд бүгд улс төрийн зорилготой, улс төрийн өрсөлдөгчдөөс нь гаргаж тавьсан ээлжит “сюрприз”-үүд байв. Тиймээс сонгуулиас сонгууль дамжин шалгагдаж буй энэ хэргийг АТГ-ынхан одоо хүртэл хааж ч чаддаггүй, шүүхэд шилжүүлж ч чаддаггүй. Өрсөлдөгчдөөс нь хийх дараачийн захиалга, улс төрийн акцийг хүлээн АТГ-ын мөрдөгчдийн сейфэнд өдөр хоногийг өнгөрөөж буй. Нэг үгээр хэлбэл, энэ байгууллага хууль журмын дагуу бодитой баримтад тулгуурлаж ажлаа явуулахын оронд улстөрчдийн хоорондоо хийдэг  хов живээр ажлаа явуулдаг гэсэн үг.

Саяхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хэвлэлийн бага хурал зарлаж, ҮШН-ын нарийн бичгийн дарга Г.Уянга, сэтгүүлч Д.Баатархуяг нарын гэр бүлтэй хэвлэлээр байлдав. Гэр бүлийн хоёр эрхэм сайдыг Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө сая долларын үнэтэй хаус авлигад авсан гэж, харин сайд үүнийх нь эсрэг өөрийгөө хамгаалах нотлох баримт гаргаж. Жил тойрон үргэлжилж буй энэ маргаан уг нь хамгийн түрүүн АТГ-ын анхааралд өртөж, хэрэгт бүртгэгдсэн байх учиртай. Оюутолгойн гэрээ бол улс орны эдийн засгийн чадавхид голлох үүрэгтэй, үүгээрээ ч хөрөнгө оруулагчдын шуналыг хамгийн их өдөөж, нэлээдгүй шахалт, шаардлагатай тулж байж хийсэн анхны том гэрээ. Энэ гэрээн дээр УИХ, Засгийн гишүүн хүн хувийн ашиг сонирхлоор хандаж, тэр тусмаа авлига, хээл хахууль авсан гэдэг мэдэгдлийг эрүүл ч бай, согтуу ч бай хэн нэг нь хийсэн тохиолдолд АТГ хамгийн түрүүнд үүнд хошуу дүрж, хуруугаа хөдөлгөх ёстой. Ажил үүргийн хуваарь нь ийм. Авлига авсан бол авсан бол авсныг нь илрүүлээд, аваагүй бол үгүй гэдгийг нь хэлээд нэр төрийг нь цэвэрлээд өгөх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр авлига аваагүй нь л үнэн юм бол тэр нэг сайдыг гэрээ хийснийх нь төлөө яллаад, ганцааранг нь бүлтэлзүүлээд суулгах шаардлага ч үгүй. Гэтэл АТГ-ын мөрдөгчид үүн дээр хүний урманд хуруугаа байтугай сахлаа ч хөдөлгөөгүй. “Хар нүднээс хөмсөг гадуур” гээд орхисон бололтой юм. Харин сайд, сэтгүүлч хоёр л баахан “сайн дурын уран сайхан” хийгээд, хоорондоо үзэлцээд л өнгөрсөн.

Хөрөнгө орлогын мэдүүлэг нь нэг талаас хууль бус ашиг орлогыг илрүүлэх хэрэгсэл, ял мэт боловч нөгөө талаас төрийн албан хаагчдыг элдэв хардалтаас хамгаалах хэрэгсэл. Тэр ч утгаараа ХОМ-ээ хугацаанд нь, үнэн зөв гаргаад өгсөн хүн ямарваа хардалт сэрдэлтээс ангид ажил, албан тушаалаа гүйцэлдүүлэх боломжтой гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ жилийн жилд цаг, цаас үрэн байж авдаг ХОМ-ийг хэрэглэдэг, хэрэгсдэг хүн гэж алга. Өнгөрсөн удаад Засгийн газрын гишүүдийн ХОМ-ийг нийтэд зарлахад жишээ нь, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын хөрөнгө орлого өмнөх жилийнхээс 20 дахин өссөн мэдээ гарч байлаа. Ямар эх үүсвэрээс энэ орлого бүрдсэн бэ гэдэг дээр асуусан, сонирхсон зүйл АТГ-т лав байхгүй, хэвлэлээр л баахан шогшроод өнгөрсөн. Зүй нь энэ орлого хаанаас бий болсон бэ, хууль ёсны юу үгүй юу гэдгийг АТГ өөрсдөө ард иргэдэд хэлж өгөх, мэдүүлэг гаргагчаас үүнийг шаардах ёстой. Тиймгүй бол жилийн жилд ингэж улс амьтны нерв барж, цаас үрэхийн шаардлага ч үгүй.

Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээр дахиад хэний өмч хөрөнгө хэд дахин өсч гарахыг бүү мэд. Өссөн байлаа ч АТГ мөн л нүдээ аниад, чихээ дараад өнгөрөх нь лав. Уг нь бол ХОМ гаргах гэдгийг ганц манайхан л сэдчихээд, хаашаа, юугаа хийхгүй самгардаад байгаа юм биш. Ардчилсан бүх улсад, ялангуяа манайтай адил хөгжиж буй орнууд бүгд л төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдадаа энэ шаардлагыг тавьдаг. Ялгаатай нь ХОМ-ийг сейфэнд дарах гэж биш, төрийг цэвэр тунгалаг байлгахын тулд гаргуулдаг. Энэ утгаараа заавал иргэдийн шахалт шаардлага гэлгүйгээр санамсаргүй байдлаар түүвэрлэн хөрөнгө орлогыг нь шалгадаг туршлага ч байдаг зарим оронд аж. Ялангуяа лиценз, тусгай зөвшөөрөл олгодог, тендер зарладаг, шалгаруулдаг, хөрөнгө оруулалтын том том гэрээнүүдийг байгуулдаг эрх бүхий байгууллагууд, яам, агентлаг, гааль, татвар гэх мэт тодорхой салбаруудыг хамгийн “эрсдэл бүхий” бүлэгт хамруулж, тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын хөрөнгө орлогод төлөвлөгөөт шалгалтуудыг тогтмол хийдэг туршлага түгээмэл байдаг аж. Монголд ч бас илүүдэхгүй л зүйл. Харин манайхан авлигатай огт өөрөөр тэмцдэг. Сумын сургуулийн эмч, эрхлэгч, соёлын төвийн захирал гээд аль чадал муутай, эрх мэдэл багатайг нь “шударга иргэдийн” мэдээллээр гүйж очиж шалгаад, шоронд хийж чаддаг. Уг нь АТГ-ыг газрыг байгуулахаас өмнө энэ эрх үүрэг нь цагдаад байв.

Тэгээд ч АТГ-ыг анх байгуулсан шалтгаан нь сумын сургуулийн эрхлэгч, соёлын төвийн захирлын төсвөөс дутаасан таван төгрөгийг илрүүлэх биш, төрийн албаны дээд түвшинд нүүрлээд байгаа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийг ил болгох, үүнээс урьдчилан сэргийлэх явдал. Харамсалтай нь манайд энэ үүрэг нь орхигдож, АТГ-ын дарга нарт ч энэ талын эрмэлзэл байхаа болиод, авлигатай тэмцэхээсээ илүү АТГ-тай нь тэмцэх хүсэл нийгэмд бий болчихоод байна.  

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж