Хүчирхийлэгч рүү чиглэсэн бодлоготой болъё

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэгч рүү чиглэсэн бодлоготой болъё

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР УУ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ҮҮ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болдгоороо болоод өнгөрсөн.  Энэ өдрөөр дэлгүүрийнхэн агуулахад байсан набор, архи дарсаа шахаад, хошин шогийнхон, нийтийн дуучид тоглолтынхоо билетийг хөлсөө бурзайтал зараад, хүүхнүүд маань нэг өдөр “сайхан” баярлацгаав. Иргэд нь ч яах вэ ингэсгээд баярлаж өнгөрөөлөө. Гэтэл төр засгийнхан энэхүү өдрөөр мөн л “иргэдийнхээ дунд” баярлалдан хөөрөхөөс өөр зүйл хийсэнгүй.
Уг нь энэхүү өдрийн агуул­га эмэгтэйчүүдийн эрхийг ба­тал­гаажуулах, тухайн өдрөөр зөрчиг­дсөн эрхийг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой. Гэвч энэ өдрөөр эмэг­­­­­­­тэйчүүдийн зөрчигдөөд буй эрхийг хангах талаар ийм зүйл хийлээ гэх төр засгийн дуу хоолой сонсогдсонгүй.  Ер нь дараа дараа­гийн жилүүдэд энэ өдрийг энэ хэвээр байсаар байх уу. Бидэнд эмэгтэйчүүдийн баяр хэрэгтэй юу, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрэгтэй юу?

ХОХИРОГЧДИЙН ДИЙЛЭНХ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ
Телевизээр нэгэн цэнгээнт нэвт­рүүлэг гарна. Хөтлөгч  “гу­дам­жинд явж буй хэн нэгэн хүнээс авч яваа юмыг нь шүүрээд зугтах” даалгаварыг нэвтрүүлгийн оролцогчид өгнө. Гүйлээ, шүүрлээ, зугтлаа… Хэд хэдэн хүнийг сандар­гаад авлаа. Оролцогч залуу голдуу эмэгтэйчүүд, өндөр настны юмыг шүүрчээ.
Нэвтрүүлгийн хөтлөгч даал­гаврыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргээд ямар хүмүүсийг “бай” болгосон талаар асууна. Оролцогч “Би гүйцэгдэхгүйн тулд, баригдсан ч өөрийн аюулгүй байдлаа бодоод эмэгтэйчүүдийн юмыг булаалаа. Ер нь хэний юмыг шүүрэх вэ гээд бодохоор биеээ хамгаалах чад­варгүй хүн байх нь зүйтэй гэсэн бодол толгойд хамгийн эхэнд орж байсан” хэмээв.
Үнэхээр хүчирхийлэгчид “биеэ хамгаалах чадваргүй байх” гэсэн шаардлага хамгийн эхэнд тавигддаг байна. Иймээс ч өнгөрөгч жилүүдэд гарсан санаатай үйлдэгдсэн нийт гэмт хэр­гийн хохирогчдын 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.

ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО ХОХИРОГЧДОД ЧИГЛЭЖ БАЙНА
Эмэгтэйчүүдийн эрхийг хам­­гаалах тухай тусгайлсан зохи­цуулалт байхгүй ч Гэр бүлийн хү­чир­хийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиар зохицуулахыг оролджээ.
Гэсэн хэдий ч хууль тогтоомж зөрчигчдөд оноох хариуцлагыг эрүүгийн хуульд шилжүүлсэн бай­на. Харин эрүүгийн хуулийн хариуцлагийн хэсэгт гэмт хэргийн хохирогчийг хүйсийн байдлаар нь ялгалгүйгээр нийтлэг зохицуулалт хийжээ.
Иргэний нийгэм, олон нийтийн байгууллагын зүгээс эмэг­тэй­­чүүдийн эрхийн зөрчлийн асуудлыг улс төрийн эрх, хохи­рогч­­­дод туслах боломж гэх хязгаарлагдмал хүрээнд л авч үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна.
Үүнээс харвал эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буюу хүний эрхийн уг зөрчлийг арилгахын тулд авч буй арга хэмжээний дийлэнх хэсэг нь “хохирогчдод” чиглэсэн байгаа аж.  Харин “хүчирхийлэгч”-рүү үр нөлөөтэйгээр хандсан арга хэмжээ төдийлэн үгүй бөгөөд уг харьцааг хувиар авч үзвэл 70:30 орчим байгаа юм.

ХҮЧИРХИЙЛЭГЧ РҮҮ ЧИГЛЭСЭН БОДЛОГОТОЙ БОЛЦГООЁ
Эмэгтэйчүүд хохирогч нь болж байгаад бид санаа зовж байгаа ч, эрэгтэйчүүд хохироогчид гэдэгт илүү санаа тавих шаардлагатай болоод байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдан, нэг хүний үүрэг нөгөө нэгнийх нь эрхийг баталгаажуулж байдаг тул  “эмэгтэйчүүдийн эрх гэдгийг эрэгтэйчүүдийн үүрэг” хэмээн үзэж болох юм.

Эмэгтэйчүүдийн эсрэг үйл­дэг­дэж буй хүчирхийллийн гэмт үйлдлийн учир шалтгаан хохи­рогчоос бараг хамаардаггүй  бөгөөд “хүчир­хийлэгчийн” санаа бодлоос шууд хамааралтай байдгаас нь авч үзвэл хэнд хандсан үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байх талаар бодох шаардлагатай юм.

Магадгүй хүчирхийлэл үйл­дэгч рүү хандсан 30 хувийг 70 болгож, хохирогч руу чиглэсэн ажиллагааг 30 хувь болгож болох.

Гэхдээ 70 хувьтай байсан зүйлийг 30 хувь болгоно гэдэг нь хохирогчдод хандсан ажлыг багасгахын нэр биш. Хэрчмийг богино болгохын тулд тайрах биш, хажууд нь илүү урт хэрчимийг бий болгох аргыг санал болгож байгаа нь энэ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн хү­чир­­­хийлэл үйлдэгдэхэд “хохи­рогч”, “хүчирхийлэгч” бай­хын хамт, зайлшгүйгээр “нөхцөл бай­­­­­­­­­дал” нь бүрдсэн байдаг.  Харамсалтай нь уг нөхцөл байдлыг бид өөрсдөө тордон усалсаар байх аж.  Уг нөхцөл бүрдэхэд зарим зан заншил, уламжлал, эрхийн тухай мэдлэг боловсролгүй байдал, ёс суртахуун, нийгмийн хүчин зүйлс ч нөлөөлсөөр байна.

 “Эр эмийн хоо­ронд илжиг бүү жороол” хэмээн илжиг мэт өөрийгөө тө­сөөлөгчид хүчирхийллийн хөрс­ийг тордсоор… 

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж