Манай иргэд цацраг идэвхт бодист хордоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Манай иргэд цацраг идэвхт бодист хордоогүй гэв

Япон улсад  байгалийн гамшиг нүүрлэсэнтэй  холбоотой тус улсад түр хугацаагаар оршин сууж байгаа монгол иргэдээ татах, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрөөс эхэлсэн юм. Одоогоор ГХЯ-наас тусгай ажлын хэсгээс 1800, Японд  суугаа Элчин сайдыг яамнаас 1500 нийт 3300 монгол иргэний байршлийг тогтоогоод байгаа юм. Мөн хамгийн их гамшигт өртсөн нутаг дэвсгэрт оршин сууж буй монгол иргэдийг өчигдрөөс Токио руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар ГХЯ-наас мэдээллээ. Японд амьдарч буй иргэдийнхээ нөхцөл байдлын талаар  тус яамны Азийн газрын захирал Б. Ганболдоос тодрууллаа.

-Голомтын бүсэд байгаа иргэдээ  өнөөдөртөө/өчигдөр/ багтаан нүүлгэн шилжүүлэх боломжтой юу?

-Сендайд нийтдээ  187 иргэн байна. Өнөөдрөөс / өчигдрөөс/ 48 хүний суудалтай хоёр автобус  голомтын бүсэд байгаа монгол иргэдийг нүүлгэн шилжүүлнэ.Тэгэхдээ эхний ээлжинд Сендайгаас  80 км зайд байрлах Ямагита муж руу авчирна. Дараа нь Токио хотын “Нарита” Олон Улсын нисэх онгоцны буудал руу хүргэнэ. Дээрх хоёр автобусаар  80 гаруй монгол иргэнийг өнөөдөртөө авчирна гэсэн үг л  дээ. Сендайд Японд суугаа  дэд консул Н.Эрдэнэ очсон . Иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.Танай сайтаар дамжуулан хэлэхэд голомтийн бүсэд амьдарч байгаа монголчууд гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байгаа бол өнөөдөр 17.00 цагаас / орон нутгийн цагаар/ Сендайгаас  автобус  хөдлөнө.

-“Нарита” Олон улсын нисэх онгоцны буудалд монгол руугаа буцах хүсэлтэй хичнээн иргэн байна вэ?
-Монгол иргэдийг эх оронд нь авчирах гурав дахь ээлжийн онгоц өглөө 09.05 цагт  Токио руу ниссэн. Уг онгоц таван цагийн дараа “Нарита” Олон улсын нисэх онгоцны буудалд 14.10 цагийн орчим газардана. Эл нислэгээр гамшгийн бүсэд амьдарч буй иргэдэд туслах тусламжийн барааг хүргүүлж байгаа. Гурав дахь нислэгээр 160 орчим хүн ирэх байх.

-Атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвхт бодис алдагдаж олон хүн хордсон гэсэн мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр монгол хүн цацраг идэвхт бодист хордсон тохиолдол бий юу?
-Нэлээд олон хүнийг нарийн шинжилгээнд хамруулсан гэсэн. Манай иргэдээс цацраг идэвхт бодист хордсон тохиолдол бүртэгдээгүй. Өнөөдөр өглөө Ивакигаас 14 хүн Элчин сайдын яам руу холбоо барьсан байна лээ. Нөхцөл байдал тайван байгаа учраас нутаг буцахгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Манай Элчин сайдын яамнаас Японд амьдарч буй иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа.

-Японоос буцаж ирсэн монголчуудын хувьд байдал тайван болсоны дараа буцахад визний асуудалд хүндрэл гарах вий. Оюутан сурагчдын визний асуудлыг хэрхэх вэ?
-Японоос буцаж ирсэн монголчуудын визний асуудлыг шаардлагатай тохиолдолд байдал тайван болсоны дараа сэргээх талаар тус улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж болно. Оюутнуудын суралцах боломжийг бүрдүүлнэ. Хууль бусаар оршин сууж байсан монголчуудын хувьд мэдээж визний асуудал яригдахгүй.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж