Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж дууслаа

Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн 10 дугаар ээлжийн цэргийн баг бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо эргэн ирлээ. Тус ээлжийн энхийг сахиулагчид Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн хамгийн сүүлчийн энхийг сахиулагчид гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр 14:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Ажиллагаа, Удирдлагын газрын дарга хурандаа Ж.Бадамбазар болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд угтан авлаа. Хурандаа Б.Эрдэнэбатаар ахлуулсан тус ээлжийн 150 энхийг сахиулагч Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг авч долоон сарын хугацаанд үүргээ гүйцэтгээд ирж байгаа энэ юм. Маргааш тус ээлжийн цэргийн албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд болох юм.

2006 онд НҮБ-тай хийсэн таван жилийн хугацаатай энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх гэрээ энэ онд дуусгавар болж байгаа аж. Таван жилийн турш НҮБ-ын далбаатай зэрэгцэн мандсан Монгол улсын алтан соёмбот далбааг буулгах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 12-нд Сьерра Леон улсын Фрийтаун хотноо болжээ. Энэ үеэр НҮБ-ын холбогдох ажилтнууд Монгол Улсын Зэвсэгт хүчин харьцангуй богино хугацаанд НҮБ-ын ажиллагаанд цэргээ оролцуулсан Тор 40 орны тоонд багтлаа гэдгийг онцлоод Монгол Улсын талаас үүрэг гүйцэтгэсэн бүх цэргийн албан хаагчдыг үүргээ сайн биелүүлснийг үнэлээд, цаашид энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж