Өвөрхангай аймагт хурдан морины уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймагт хурдан морины уралдаан боллоо

Өвөрхангай аймгийн зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр Хужирт суманд  болсон байна. Хэдийгээр цас ихтэй байсан ч, Хужирт сумын зүүн бүсийн наадамд гурван насны морьд уралджээ. Ингэхдээ Булган, Архангай, Төв аймгуудаас мөн уяачид хүрэлцэн ирж, 500 гаруй шандаст хурдан хүлгээ сойжээ. Азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Ц.Батжаргалын халтар азарга түрүүлж, үзүүрт Хужирт сумын харьяат н.Төмөрхуягийн хээр азарга оржээ. Харин гуравт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач н.Доржжанцангийн шарга азарга, Булган аймгийн харьяат уяач Въячеславын халтар азарга, Архангай аймгийн Цэнхэр сумын уяач н.Дашцэрэнгийн халтар морь орж, айргийн тавд багтжээ.

Их насанд Төв аймгийн харьяат уяач н. Түвшинбаярын цавдир түрүүлж,  Булган аймгийн уяач  н.Бадмаарагийн хонгор морь, Өвөрхангай аймгийн харьяат н.Ламаачингийн сарт хүрэн, мөн аймгийн уяач н.Намдагийн ногоон морь айрагджээ. Соёолон насанд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач н.Даваасүрэнгийн хар соёолон, Уянга сумын уяач н.Даваадоржийн хонгор халзан, мөн сумын уяач н.Төмөрхуягийн сартай хонгор, Хужирт сумын уяач н.Энхболдын зээрд халзан, н.Мөнх-Эрдэнийн хул морьд эхний тавд орж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

Энэ удаагийн хурдан морины азарганы бай шагналыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Зоригт нар ивээн тэтгэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж