Засгийн газрыг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг маргааш шүүнэ

Монголын гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны шүүхэд өгсөн юм. Энэ дагуу шүүх  хурал маргааш  09.30 цагт  Сүхбаатар дүүргийн  шүүхэд болох юм байна.  Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хоёр жил болж байхад хуулийн хэрэгжилт 0 хувьтай байна хэмээн тэд Засгийн газрыг буруутгаж байгаа билээ.  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдэмбэрэл, гишүүн Ц.Мөнхбаяр,  Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд  оролцох бол  хариуцагч талаас БОАЖ-ын дэд сайд Жаргалсайхан,  ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан болон тэдний өмгөөлөгчид оролцох  юм. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс шүүх хурлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид тавьсны үндсэн дээр хэвлэл мэдээллийнхэнд шүүх хурал нээлттэй болжээ. Шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч  хариуцагч талаас  тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргээс хойшилж байсан юм. Энэ удаагийн шүүх хуралд  хариуцагч талынхан бүрэн хүрэлцэн ирнэ гэдэгт Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн итгэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж