“Bank of China”-г дахин сонгох магадлал өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Bank of China”-г дахин сонгох магадлал өндөр байна

“Bank of China”-г дахин шалгаруулалтаар сонгох магадлал өндөр байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаалж хувьцааны борлуулалтад оролцох 1-2 банкийг одоо сонгочихсон байгаа дөрвөн банк дээр нэмж авах магадлалтайг ТӨХ-ноос мэдээлж байсан. Харин сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийх гол зохион байгуулагчаар сонгосон хоёр банкны талаар таагүй мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”-н ажлын хэсгийнхэн дээрх хоёр банкинд эдгээр мэдээллийн талаарх тайлбар өгөх хүсэлт гаргасан аж. Тиймээс энэ долоо хоногт сөрөг мэдээллүүдийн та­лаарх албан ёсны тайлбарыг өгө­хөөр ТӨХ зэхэж байгаа аж. Харин одоо­гоор ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-оос “Тив тивээс банкууд сонгосон шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дэлхий даяар үнэд хүргэж, арилжаалах гэсэн оролдлого. Харин эдгээр банкны талаарх сөрөг мэдээллүүд нь өрсөлдөгч банкуудынх нь явуулж байгаа арга хэмжээ” гэсэн хариулт өгч байгаа юм. Үүнээс гадна дахин ямар банкийг нэмж сонгох бол гэдэг асуулт олны анхаарлын төвд байгаа. Уг нь зөвлөх банкуудыг шалгаруулах тендерт манай талаас Австралийн “Маквэари”, Японы “Номура”, Хятадын “Bank of China” гэсэн банкуудыг урьсан юм. Энэ­хүү урилгыг Японы “Номура” банк хүлээж аваагүй бол Австрали, Хятад улсууд урилгыг хүлээж авч, шалгаруулалтад оролцсон. Шал­гаруу­лалтаар Австралийн “Мак­вэари” банк сонгогдож, Хятадын “Bank of China” банк хоосон хоцорсон. Хэрэв Японы “Номура” банк тендерт оролцсон бол шалгарах магадлал өндөр байсан аж. Хятадын “Bank of China” банк эхний удаагийн шалгаруулалтаар сонгогдоогүй ч банк нэмж шалгаруулах хоёр дахь шалгаруулалтаар сонгогдох магадлалтай банкуудын тоонд багтаж байгаа бололтой.  Мэдээж, шалгарсан банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондоны хөрөнгийн бирж, аль эсвэл Хонконгийн хөрөнгийн биржид борлуулбал аль нь илүү ашиг өгөх вэ гэдгийг судалж, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд зөвлөгөө өгөх юм.  Харин тэдний хийсэн судалгаан дээр үндэслэн дээрх газрууд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах Хөрөнгийн биржээ сонгоно. Хэрэв Хонкон­гийн хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арил­жаалахаар болбол “Bank of China”-г нэмэлт сонгон шалгаруулалтаар сонгох магадлал улам өндөр болохыг эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж