Т.Хасбаатар: ”Олигархи” гэж хэн болохыг нь нэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Т.Хасбаатар: ”Олигархи” гэж хэн болохыг нь нэрлэнэ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар ярилцлаа.

-Танай холбоо Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах талаар шаардлага хүргүүлсэн. Түүнийг заавал огцруулах шалтгаан байгаа юм уу?

Бид Монгол улсын Ерөнхий сайдыг зүгээр л санааны зоргоор огцруулах зорилго тавиагүй түүнд огцрох олон шалтгаан бий. Ерөөсөө одоогийн стандарт бус Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа маань энэ хүнийг огцруулах хамгийн том шалтгаан боловч нэгдүгээрт, эцэг өвгөдөөс өвлүүлсэн байгалийн баялагт шунаж энэ насандаа стратегийн орд газруудыг өөрсддөө ашигтай байдлаар гадныханд арилжах сонирхол бүхий улс төрд шургалсан бизнесийн бүлэглэлийг улс төрөөс ангид байлгахын тулд, хоёрдугаарт, хот суурин газрын  гэр хорооллын иргэдэд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүй хоёр өрөө орон сууц олгох эрх зүйн орчныг бий болгох шаардлагыг хөсөрдүүлж ядууралтай, эдийн засгийн эрх чөлөөгүй ард түмнийг дарлаж байх сонирхолыг далд агуулж байгаад, гуравдугаарт, зарим нэг УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар Чингис зочид буудал, Бороо гоулд, Таван толгой зэргийг хэрхэн эзэмшдгээ ард түмэнд өнөөг болтол тайлбарлаж чадахгүй байгаад нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ нэн даруй огцрох хэрэгтэй л гэж үзэж байгаа юм. Төрийг ганцаар засаглах хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох эзэнтэй байдаг. Харин улс төрд шургалсан, улс төрийн намыг худалдаж авсан олигархуудын системчлэгдсэн сүлжээгээр засаглах нь  онц аюултай тул эртхэн энэ алдааг засах хэрэгтэй.

-Төрийг олигархуудын системчлэгдсэн сүлжээгээр засаглах нь аюултай гэж хэллээ. Энэ талаар жаахан тодруулж өгнө үү?

Бид нэг хүний ганцаар захирах дэглэмийг түлхэн унагасан улс шүү дээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын ганцаар захирах дэглэм, түүнийг тойрон хүрээлэгчдийн улс төрийн дарангуйллаас салсан ч тэдний намын дарангуйллаас ангижраагүй л байна. Одоо миний харж байгаагаар улс төрийн намуудыг бүхэлд нь худалдаж авсан бизнесийн бүлэглэлүүд гадаадын үндэстэн дамнасан корпорацуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр улам бүр хүчирхэг болох хандлагатай байна. Тиймээс энэ засаглал Монголд удаан тогтвол бид баялагийн хараалд амархан өртөж, ядуурал улам бүр газар авч, хариуцлагын тогтолцоогүй, олигархууд нь гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа асар их мөнгөтэй л болж хувирна. Тэр цагт сайн засаглалыг мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ аюултай сүлжээ одоо өөрсдийн хоёрдох үе болох үр хүүхдүүдээ улс төрд татан оруулж байна. Олигархиудыг бид хэлдэг болоод удлаа, ялгаж чадахаа байлаа. Аль ч намын хэн нэг улс төрч “олигархиуд засгийн эрхийг барьж байна” гэж сүржигнэн хэлэх болсон. Тиймээс бид тун удахгүй “олигархи” гэж хэн хэнийг нэрлэж байгаагаа олон түмэнд зарлах болно.

-Сайн засаглалыг бий болгож чадаж байгаа гэж хэлдэг хүн олон биз дээ?

 Үгүй дээ. Сайн засаглалыг хүсч байгаа хүн нь харин олон байх. Төрийн байгууллагын бүх шатанд хууль, дүрэм журам хэрэгжихээ больжээ. Хариуцлагын тогтолцоо бүхэлдээ үгүй болсон. Шударга ёс шалан дээр хэвтэж байхад сайн засаглал тогтож байна гэж хэлэгсэд олширдог. Тэр л жамаар харагдаж байгаа байх. Тиймээс бид нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа гүнзгий ухамсарлаж өөрсддөө хатуу тангараг өргөж шударга ёсыг тогтохын төлөө энэ холбоог байгуулсан.

-Та бүхнийг дэмждэг тийм их хүч байгаа юм уу?

Цаг хугацаа бүхнийг харуулдаг. Одоо бид нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа 160000 өрхтэй гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Тэдэнд эхлээд тохилог орон сууцыг байгалийн баялагаас орох орлогоос олгох эрх зүйн орчныг бий болгох, түүнээс гадна гэр хорооллын өрхүүдийн хувьд шилжсэн газруудыг  Засгийн газар бүсийн зэрэглэлээс шалтгаалан ямар үнээр худалдан авч болох тухай эрх зүйн орчныг бий болгох талаар шаардлагатай бүх алхамуудыг хийх болно. Цаашлаад хөдөө орон нутгийн хот суурин газрын гэр хорооллын өрхүүдийг ч хамруулна. “Гэр хорооллын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-аар батлагдтал явах болно. Тэр цагт манай холбоо хичнээн гишүүнтэй, биднийг дэмждэг ямар их хүч байгааг одоогийн улс төрчид ойлгох болно. Түүнээс гадна Ардчилсан намын үнэт зүйлсийг эрхэмлэж яваа мянга мянган гишүүд дэмжигчид байгаа гэдэгт итгэдэг. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны шаардлагыг дэмжиж байгаа илэрхийлэх батламж бичигт гарын үсэг зурах саналыг тун удахгүй Ардчилсан намын дарга Н. Алтанхуягт тавих болно.

-Намын даргатайгаа шөргөөцөлдсөн асуудал болж хувирахгүй юу? 

Бидний дээрх санал түүнийг хэн бэ? гэдгийг олон түмэнд харуулж өгөх шалгалтын асуулт юм. Бид асуудлаа тавиагүй, тэр хүн асуудалд ямар нэг байдлаар хандаагүй байхад шөргөөцөлдөнө, эвдрэлцэнэ гэж ярих арай эрт байх. Хэрвээ манай Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялалт байгуулая гэж байгаа бол хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг дүгнээд хамтарсан засгаас гарах, 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдалд улс төрийн дүгнэлт хийж, гэм буруутай улс төрийн хүчнийг зарлаж байж ирэх сонгуульд оролцвол бид олуулаа ялалт байгуулна гэж боддог. Эс тэгвээс дахин ялагдал хүлээх болно. Тэр үед хамтарсан засаг байгаа ч бил үү? үгүй ч бил үү? Түүнээс гадна бидний асуудалд Ардчилсан намын дарга нааштай хариу өгөхгүй бол өөр сонголт олон бий. Тухайлбал, Монгол оронд ардчилал, шу­дар­га ёс тогтоож, хариуцлагатай сайн засаглал бий бол­гож, байгалийн баяла­гаа зөв зохистой ашиг­лахын тулд “Ард­чиллын төлөө Үндэс­ний зөвлөл” байгуулан тэмцэхээс өөр гарц харагдахгүй байна.

-“Ардчиллын төлөө Үндэсний зөвлөл” байгуулна гэхээр дахиад л хувьсгалын замыг сонгох болж байна уу?

Хэрвээ гэж хариулсан болохоор Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны санаачлагаар байгуулагдах “Ардчиллын төлөө Үндэсний зөвлөл” дээрх зорилгыг биелүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авах болно. Энэ нь магадгүй хувьсгалын зам руу хөтлөх болно. Монгол үндэстний тусгаар тогтнолын асуудлыг дахин авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдах учраас элэг нэгт ахан дүүс маань бидний зорилгыг дэмжих нь гарцаагүй.

-Та Японд боловсрол эзэмшсэн хүний хувьд газар хөдлөлт, цунамид өртсөн энэ орны талаар илүү их мэдээлэлтэй байв уу?

Тийм ээ. Байгалийн гамшигт асар их хохирол амссан тухай та бидний мэдээлэл адилхан байх. Энэ оронд сурч боловсорсон хүний хувьд Япончуудыг бусдаас  юугаараа давуу бас сул талтайг гадарлах нэгэн гэж боддог. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх Япончуудад бидний сэтгэлийн дэм хамгийн чухал гэж бодож байна. Тэд бидэнтэй бидэнгүй асуудлаа шийдчих чадвартай ард түмэн. Хоёр орны  найрамдалт харилцааг дээдлэж явдаг хүний хувьд Японоос илүү ядуурал, гамшигт өртсөн биднээс чөдрийн ганц морийг гуйгаагүй байхад, муу эр дайнд хөөрөв гэгчээр манай Засгийн газар нэг сая доллар бас бус зүйлээр туслаж байгааг нь хараад санаа зовж байлаа.

-Таны санааг хүмүүс тэр болгон хүлээж авах болов уу?

Би олон жил Японд амьдарсан болохоор тэдэнд тусалсан шигээ хойд Африкийн ардчилал шударга ёсны төлөө тэмцэж байгаа олон оронд адилхан туслаасай л гэсэндээ ийм санааг хэллээ.

Т.ОЛДОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж