Дэлхийн тэнхлэг 10 хэмээр хазайлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэнхлэг 10 хэмээр хазайлаа

Америкчууд Хирошима, Нагасаки хотын дээр атомын бөмбөг хаяснаас хойш 66 жил өнгөрсөн ч Японы ард түмэн цацраг идэвхт бодисын хор хохирлыг дахин амсах аюул тулгараад байна. Тус улсад өнгөрсөн баасан гарагт хүчтэй газар хөдлөлт болж, цунами нүүрлэн далайн эргийн хотууд нь бүхэлдээ сүйджээ. Үүнээс болж гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад байрлаж буй атомын цахилгаан станцууд дэлбэрч магадгүй болоод байна. Дэлхийн олон орон Японд тусламжийн гараа сунгахаа амласан. Японд үүсээд буй цунамийн хор хохирлоос болж олон улсын биржүүд нэлээд хэлбэлзэх төлөвтэй байна.

ТОКИО ХҮНСНИЙ ХОМСДОЛД ОРЖ МЭДНЭ

Японы зүүн өмнөд эргийн Фукушима, Иватэ зэрэг мужид хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, далайн ус хотуудыг бүхэлд нь нөмрөн авсан байна. Цунамигаас болж үүссэн хүчтэй давалгаа АНУ-ын Аляскаас Калифорни муж  хүртэл үргэлжилж, Курилын арал, Тайвань, Филиппин, Индонез, Шинэ Зеланд, Никарагуа зэрэг улсад мэдрэгджээ. Харин Японы хувьд далайн эргийн боомт хотуудаас гадна Токио тэргүүтэй бусад хотод хүч багатай газар хөдлөлтүүд үргэлжилсээр байгаа юм.

АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр уржигдар оройны байдлаар Японы зүүн эргийн мужид нийт 90 удаа газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгджээ. Түүний таваас бусад нь зургаагаас дээш магнитутын хүчтэй байсан аж. Японы “Киодо Ньюс” агентлагаас мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас хойш нийт 125 гаруй газарт хүчтэй чичиргээн мэдрэгджээ.

Японд амь үрэгдсэн хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 1300-1700-ийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Гэхдээ өчигдөр өглөө “Киодо Ньюс” агентлагийн мэдээлснээр энэ тоо 2000-аас давжээ. Түүнчлэн газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон хотуудад байгаа гурван том атомын цахилгаан станц дэлбэрэх аюултай болжээ. Үүнээс болж зөвхөн Мияга мужид л гэхэд амь үрэгдэгсэдийн тоо 10 мянга хүрч магадгүй аж. Энэ талаар “NHK” мэдээлжээ. Нийт 390 мянган хүн орон гэрээсээ дүрвэж, тэднийг аврах ажилд зориулж Японы Засгийн газар 100 мянган цэрэг илгээсэн байна. Японы далайн эргийн  Минамисанрику хотод л гэхэд 10 мянган хүн ор сураггүй болжээ. Бусад газарт ч байдал хүнд байгаа аж. Нийт 74 мянган хүн амтай Кесеннума хотын гуравны нэг нь усанд автсан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн далайн эргийн 23 мянган хүн амтай Ивате хот бүхэлдээ сүйрч байгаа аж. Ерөнхийдөө Фукушима, Ивате мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Харин нийслэл Токио хотод өнгөрсөн баасан гарагт долоон баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Түүнээс болж Токио цамхагийн орой махийж, хэд хэдэн гудамжинд цууралт үүсчээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн хүч саарсан боловч байнгын чичирхийлэлтэй хэвээр байгаа юм. Гэхдээ цаашид үүсч болох аюулаас сэргийлж Токио тэргүүтэй томоохон хотын иргэд хүнсний бүтээгдэхүүн, цэвэр ус их хэмжээгээр нөөцөлж байгаагаас хүнсний хомсдол үүсч магадгүй болжээ. Одоогоор 3400 барилга сүйдэж, 200 гаруй газар гал түймэр гарсан байна. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар нийт хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

АНУ ЦЭРГИЙН ХҮЧЭЭ ИЛГЭЭЖЭЭ

Японы Засгийн газар олон улсаас тусламж авахыг зөвшөөрчээ. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бодисоос бусад зүйлийг авахаар болсон байна. Үүний хариуд 50 гаруй орон тус улсад тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа  илэрхийлэв. Хятадын Засгийн газраас 15 хүнтэй аврах багийг Япон руу илгээжээ. Тэдний хувьд олон тонны даацтай төхөөрөмжүүд зөөж байгаа бөгөөд харилцаа холбоогүй болоод байгаа бүс нутгуудыг зорьсон байна. Японы гамшигт нэрвэгдсэн мужуудад гар утасны сүлжээ тасарснаас болж иргэд радио, телевизийн станцуудыг ашиглаж, хоорондоо болон аврах багийнхантай холбогдож байгаа юм. Тэд “Би Саппорогийн Кимура Аяако байна. Сомагийн Танакагийн гэр бүлийг хайж байна” гэхэд нөгөө хэсгээс “Бид бүгд сайн. Өөрийнхөө байршлыг хэл” гэх зэргээр хариу өгч байгаа тухай “BBC” мэдээлжээ.

ОХУ-ын хувьд 200 гишүүний бүрэлдэхүүнтэй эмч, сэтгэл зүйч тэргүүтэй аврах багийнхныг зургаан онгоцоор тээвэрлэн Япон руу илгээхээр шийдвэрлэсэн байна. Тэд Японы Засгийн газрын зөвшөөрлийг хүлээн бэлэн байдалд гарчээ. Түүнчлэн хэрэв шаардлагатай бол 150 мянган тонн шингэн хийн түлш тээвэрлэн хүргэж өгөх юм. Америкчуудын хувьд Японы нутаг дэвсгэр дээр байрладаг цэргийн баазуудаасаа хэдийнэ тусламжийн багийг илгээжээ. Их Британийн хувьд гал унтраах 59 төхөөрөмж бүхий мэргэжилтнүүд, аврах багийнхан, эмнэлгийн ажилтнуудаа явуулахаар болсон байна. Мөн 11 тонн хийн түлш илгээж байгаа аж. Дашрамд дурьдахад, өмнө нь 1995 онд Кобэ мужид болсон газар хөдлөлтийн улмаас 6000 хүн амь эрсдэж байв. Тухайн үед Японы Засгийн газар гадны орнуудаас тусламж авахаас татгалзсан явдал амь үрэгдэгсэдийн тоо улам нэмэгдэхэд хүргэсэн хэмээн олон улсын зүгээс шүүмжилсээр ирсэн юм.

ЦӨМИЙН РЕАКТОРУУДЫГ ДАЛАЙН УСААР ХӨРГӨЖ МАГАДГҮЙ

Фукушима мужид байгаа цөмийн I, II, III станцуудын үйл ажиллагааг газар хөдлөлтийн эхний чичиргээн мэдрэгдсэний дараа зогсоосон байна. Гэхдээ гэрэл цахилгаан тасарснаас болж тэдгээр станцыг бүрэн хөргөх боломжгүй болжээ. Мөн хөргүүр ажиллахаа больсон тохиолдолд дизель түлшээр ажиллаж, станцуудыг царцаах ёстой үүсгүүрүүд далайн усанд автсан нь том аюул дагуулж байна. Одоогоор нөөц батерайгаар хөргүүрийн системийг ажиллуулж байгаа юм. Гэвч энэ нь хангалттай удаан үргэлжилж чадахгүй. Ийнхүү нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцээд Фукушимагийн I реакторт дэлбэрэлт гарч, дөрвөн хүн шархадсан ба 19 хүн цацраг идэвхт бодист хордсон байна. Хэдийгээр энэхүү дэлбэрэлтэд цөмийн реакторын хамгаалалт нь өртөөгүй гэх боловч ойр орчмын газарт нь нарийн шинжилгээ хийж чадахгүй байгаа аж. Тус станцын ойр орчмын газрыг аюултай бүс хэмээн зарлаж, 200 мянган хүнийг нүүлгэж шилжүүлэх ажил ид өрнөж байна. Фукушимагийн цөмийн реакторуудын хувьд 7.9 магнитудын газар хөдлөлтийг тэсэх боломжтой гэх тооцоо бий. Дэлбэрэлтийн улмаас тус бүс нутагт цацраг идэвхт бодисын түвшин 1529 дахин нэмэгдсэн байна. Фукушимагийн I, II цөмийн реактор нь Токио хотын  хойд захаас 240 км-ийн зайд байрладаг. Ямартай ч аргагүй байдалд хүрвэл цөмийн реакторуудыг далайн усанд живүүлэх замаар үйл ажиллагааг нь бүрэн зогсоож болно. Гэвч энэ нь байгаль орчны асар их сүйрэл дагуулахаас гадна тэдгээр реакторыг дахин ашиглах боломжгүй болох юм. Өчигдөр өдрийн байдлаар Фукушимагийн I, II станц тус бүрт хоёр цөмийн тогооний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, урвалын зуух нь доголдож эхэлсэн байна.

ГАЛТ УУЛУУД ИДЭВХЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Эрдэмтдийн үзэж байгаагаар Японд газар хөдлөлт бүтэн нэг сарын турш үргэлжлэх юм. Италийн Геофизик ба галт уул судлалын үндэсний институтын шинжээчдийн дүгнэж байгаагаар хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхийн тэнхлэгт 25 см-ийн өөрчлөлт орсон ба 10 хэмээр хазайсан байна. Энэ талаар “Синхуа” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Геологийн шинжээчдийн багийнхны дүгнэсээр Японы эрэг 2.4 метрээр зөөгдсөн байна. Өмнө нь 2004 онд болсон Суматрагийн газар хөдлөлтийн үед дэлхийн тэнхлэг зургаан см-ээр хазайж байв. Түүнчлэн уржигдар ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болжээ. Түүнээс болж олон мянган хүн орон гэрээсээ дайжиж магадгүйд хүрсэн байна. Харин өнгөрсөн баасан гарагийн орой Индонезийн зүүн эргийн Карангетанг галт уул дэлбэрч, их хэмжээний лав урсч, агаарт үнс нурам цацагдсан байна. Энэ нь Номхон далайд болсон 8.9 магнитутын  хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэх таамгийг шинжээчид гаргажээ. Уржигдар үдээс хойш Хавайн арлын Пу-у О галт уулын тогоо лаваар дүүрч, 65 фүт өндөрт галт уулын хайлмаг цацсан байна.

ГАЗАР ХӨДЛӨЛТ БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД НӨЛӨӨЛНӨ

Газар хөдлөлттэй холбоотойгоор Хөрөнгийн биржүүд дээр хувьцааны ханш өсч, түүхий эдүүдийн үнэ буурсан байна. Өнгөрсөн баасан гарагт арилжаа хаагдах үед “The S&P/TSX composite” индекс 35.67 нэгжээр өсчээ. Харин Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 1.54 ам.доллараар буурч, 101.16 ам.доллар болсон байна. Энэ нь Японы эдийн засагт учирсан хохиролтой холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлажээ. Харин зэсийн үнэ буурах хандлагатай байснаа баасан гарагийн орой 1.7 хувиар өссөн байна. Японд болж буй хүчтэй газар хөдлөлтүүд биржүүдийн арилжаа хаагдах үед эхэлсэн учир үнийн хувьд төдийлөн хүчтэй хэлбэлзэл гараагүй юм. Харин өнөөдрөөс эхлэн түүхий эдүүдийн үнэ нэлээд савлана хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж