Ажлын хэсгийнхээн, амаа хэзээ ангайх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхээн, амаа хэзээ ангайх вэ?

Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах ажлыг хариуцан ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах эрхийг одоогоор дөрвөн банк аваад байгаа. IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банкийг монголчууд сонгоод байна. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын Би Эн Пи Парибас банк, Австралийн  Маквэари банкыг шалгаруулаад буй. Харамсалтай нь гол спонсороор сонгогдоод байгаа Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакстай холбоотой мэдээлэл гадаадын хэвлэлүүдийн нүүрийг чимэх боллоо. Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг бужигнуулсан Германы Дойче банк ихээхэн хэмжээний торгууль төлөх шийтгэл хүлээгээд байгаа бол АНУ-ын Голдман Сакстай холбоотой сөрөг мэдээлэл ч цацагдаж байна.  Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж байгаа Тавантолгой хэмээх баян ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, тодорхой хэмжээний шимтгэлээр халаасаа зузаатгах эрхийг олгосон дээрх хөрөнгө оруулагч банкуудыг хэрхэн ямар шалгуураар сонгосноо ажлын хэсгийнхэн өнөө ч тайлбарлаагүй байна. Хувьцааг арилжаалах бүс нутгийн төлөөлөл, ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээрх тоглолт, ирүүлсэн саналыг харгалзсан хэмээх ерөнхий мэдээллээс тоймтой, тодорхой хариултыг ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс унагахгүй байна. Эдийн засгийн форумын үеэр “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад тоймтой хариулт хэлэхээс татгалзсан нь хэний үнэлэмжээр хэнийг сонгов оо гэсэн  асуултыг, бяцхан хардлагатай хамт үлдээгээд буй. Тавантолгой ордыг эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг гардан хийж буй ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч банкуудтай холбоотой сөрөг мэдээллийг нотлох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа бололтой.

Дэлхийн томоохон хэвлэлүүдийг сөрөг мэдээллээр чимж байгаа, монголчуудын итгэлийг өвөртөлсөн тэдгээр хөрөнгө оруулагч банкуудыг хэрхэн сонгосон, ямар учраас тэдэнд итгэснээ ажлын хэсгийнхэн албан ёсоор мэдээлэх, амаа ангайх цаг болжээ. Өөрөөр хэлбэл, ямар шалгуураар, ямар босгоор дээрх банкуудад боломж олгосноо  ажлын хэсгийнхэн нотлох ёстой болов уу. Яагаад ийм яриа гарч байгааг иргэд, аль эсвэл гадаадын хэвлэлийнхэн ажлын хэсгийнхэнд тайлбарлах шаардлага байхгүй. Үнэндээ гадаадынханд монголчууд хэнийг сонгож, хэнээр “хоолоо” зөөлгөх нь ямар ч хамаагүй юм. Харин Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхний хувьд элдэв мэдээллийн үнэн зөвийг олох, шалгах, хариулт өгөх, хяналт  тавих эрхтэй болохоос асуултыг асуултаар хариулж, аль эсвэл асуултаас булзаж бултах эрх байхгүй байх. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлснээр бол хөрөнгө оруулагчидтай холбоотой сөрөг мэдээллүүдийн талаар энэ долоо хоногт багтаж, ажлын хэсгийнхэн нэгдсэн журмаар хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ.“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах эрхтэй хөрөнгө оруулагч банкуудтай холбоотой мэдээллийг Монгол Улсын Засгийн газар хэрхэн хүлээж авч байгаа болон эдгээр мэдээллүүд хэр үндэстэй, энэ мэдээлэлд холбогдоод байгаа хөрөнгө оруулагч банкууд үүнийгээ юу гэж тайлбарлаж буй гэх олон асуултад ажлын хэсгийнхэн тавуулаа сууж байгаад хариулт өгнө гэдгээ Д.Сугар дарга амлаад байна. Тэгэхээр ажлын хэсгийнхэн,  дэлхийн банк санхүүгийн салбарын томчууд жижигхэн улсын баян компаниур тоглоод өнгөрөхгүй гэх баталгааг нотлох хэрэгтэй болох нь ээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж