Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна

“ITB-Берлин 2011” Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг яг одоо Герман улсын нийслэлд үргэлжилж байна. Энэ сарын 9-нд эхэлсэн тус үзэсгэлэнд нийт 188 орон оролцож буй, Монгол Улсын хувьд 1966 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 13 дахь жилдээ оролцож буй аж. Нэр хүнд, хамарч буй хүрээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын санаачлагаар энэ жилээс эхлэн Соёлын түнш гэсэн шинэ хамтрагч бий болгож, анхны түнш орноор Монгол Улс оролцож нүүдэлчдийн соёл, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байгааг “ITB-Берлин 2011”-ийн гол онцлог хэмээн олон улсын хэвлэл мэлээллийн байгууллагууд мэдээлж байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр “ITB-Берлин 2011” үзэсгэлэнгийн нээлтэд  Соёлын түнш орныг төлөөлөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүх үг хэлжээ. Тэрбээр Монгол Улсын баялаг түүх соёл нь дэлхийн соёлын үнэт өвийн салшгүй нэг хэсэг болох тухай мөн төрөөс аялал жуулчлалыг эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгосон тухай онцолсон байна.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагч тал болох ХБНГУ-ын Засгийн газар болоод бусад оролцогч орнуудын төр засаг тус үзэсгэлэнд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд үүнийг аялал жуулчлал эрхэлдэг компани болон сонирхогч талууд “…Дэлхийн дулаарал хүчтэй явагдаж, байгалийн нөөц шавхагдаж байгаа энэ үед байгаль орчинд халгүй, шавхагдашгүй нөөц бүхий хамгийн оновчтой үйлдвэрлэл учраас…” хэмээн тайлбарлаж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс мөн ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд үүний нэг илрэл нь Монгол Улс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас бүрдсэн томоохон багаа илгээж анх удаа соёлын түнш орноор оролцож байгаа явдал юм. УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх үзэсгэлэнд оролцож байгаа байгууллагуудаа төлөөлөн Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр сурталчлах маш олон уулзалт хэлцээрүүдэд биечлэн оролцсоор байна.

Үзэсгэлэнгийн эхний өдөр ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Монголын үзэсгэлэнгийн төв байранд хүрэлцэн ирж сайд Л.Гансүхтэй уулзаж ярилцсан нь Германы талаас Монголын оролцоог хэрхэн үнэлж байгааг харуулжээ.
Үзэсгэлэнд оролцож байгаа Монголын төлөөлөгчид хамтран Монголын чуулган нэртэй нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан нь үзэсгэлэнд оролцож байсан 20 гаруй жилийн түүхэн дахь анхны тохиолдол болсон аж.  Чуулганд нийт 500 гаруй төлөөлөгчид түүний дотор үзэсгэлэнгийн албан ёсны түнш Польш улсын төлөөлөгчдийн ахлагч Польш улсын ерөнхийлөгч асан Лех Валенса оролцжээ.
Чуулганы үйл ажиллагаанд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий захирал Талиб Рифай оролцож Монгол Улсыг дэмжиж үг хэлсэн нь мөн л манай улсыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс хэрхэн үнэлж байгаагийн нэг илрэл болсон аж. Сайд Л. Гансүх ноён Талиб Рифайг Монгол Улсад айлчлахыг урьж, тэрбээр урилгыг талархан хүлээн авч энэ жил танай оронд айлчлах болно гэдгээ илэрхийлжээ.
Монголын Чуулган арга хэмжээнд БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд Монгол оронд аялал жуулчлал хөгжиж ирсэн түүх, хэрэгжүүлэх бодит боломжийн талаар, мөн үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд “Аялал жуулчлалын маршрут – Монгол” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Ийнхүү Ай Ти Би Берлиний Аялал жуулчлалын үзэсгэлэн  яармагийн Соёлын түнш Монгол Улсын оролцоо бүхий хамтарсан үйл ажиллагаанд Байгаль орчин аялал жуулчлалын яам идэвхитэй оролцож байна. Үзэсгэлэн яармаг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж