Цэрэг, аврагчдыг Японд ажиллуулах шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Цэрэг, аврагчдыг Японд ажиллуулах шийдвэр гарчээ

Өнөөдөр 18.00 цагт Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Кидокоротой Японы ЭСЯ-нд уулзаж, Япон Улсад газар хөдлөлт, цунамийн ноцтой гамшиг тохиолдож, олон зуун хүний амь үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Японы ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас санал оруулсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газарт 1.0 /нэг/ сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, ОБЕГ-аас 30 тусгай мэргэжлийн аврагч, БХЯ-наас 200–300 мэргэжлийн цэргийн албан хаагчийг Монголын талын бүрэн санхүүжилтээр гамшигт онц ноцтой нэрвэгдсэн газарт ажиллуулах шийдвэр гаргасанаа Элчин сайдад мэдэгдэв. Мөн өчигдөр орой ОБЕГ-ын шийдвэрээр 2.500 ширхэг ноосон хөнжил нэн яаралтай Япон руу илгээх болсныг хэлэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагын албан хаагчид болон бусад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Японд хандив дэмжлэг үзүүлэхийг уриалсны дүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОБЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт ажилтан албан хаагчид 1-2 өдрийн цалингаа, бусад бүх төрийн албан хаагчид 1 өдрийн цалингаа японы ард түмэнд хандивлахаар болсныг мэдэгдэв.

Мөн Япон Улсад байгаа монгол иргэдийг шилжүүлэн авчрах чингэхдээ гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн Монгол Улсын иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэхээр тогтосныг японы талд дуулгав.

Япон Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл, судалгааг шуурхай гаргаж, мэдээллээр хангах талаар Гадаад харилцааны яам 24 цаг ажиллаж байгааг мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж