Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Манай гаригийн амссан гамшгуудаас дагуулсан хор хөнөөлөөрөө цунами нэг их дээгүүр орохгүй. Ер бол хангалттай их хэмжээгээр болдог үзэгдэл.  Тоо бүртгэлийн мэдээгээр бол жижиг хэмжээний цунами жилд дундажаар дөрвөн удаа, найман метр хүртэл өндөр давалгаатай том хэмжээний  цунами 10 жилд нэг удаа давтагддаг ажээ. 


Цунами гэсэн үг нь бидний ярианд япон хэлнээс орж ирсэн ба тэр нь “Боомт дахь их давалгаа” гэж үгчлэн буудаг. Далайн эрэгт үзэгдэх ердийн давалгаа нь салхины улмаас үүсэх ба харин цунами гарч ирэх нь огт өөр механизмтай. Далайн ёроолын газар хөдлөлт, усан доорхи галт уулын дэлбэрэлт, усан доорх газрын нүүлт, булингарт урсгал,  хад  чулууны ба мөсөн уулын нуралт болон солир усанд унах зэрэг түр зуурын хүчтэй үзэгдэл цунамийг үүсгэдэг.  Цунамийн 85 орчим хувь нь газар хөдлөлтөөс үүдэлтэй аж. Газар хөдлөлтөөр газрын гадрагын тектоник тавцангууд нь дээш доош хөдлөн машины поршень шиг дээрээ байгаа усны массыг хутгана. Газрын тавцангуудын өргөлт ба буулт нь хэдхэн см байх боловч хөдөлгөөнд орж буй тавцангуудыг талбай мөн далайн гүн зэргээс болон хөдөлгөөнд орж буй усны хэмжээ асар их байдаг. Нэг газар хөдлөлтөөр 3-9 цунами ч үүсч болно. Давалгаа нь хэдэн км-ын гүнээс эхлэн хэдэн арван  км-ын өргөнтэй байдаг. Эдгээр асар том давалгаа нь далайн гадарга дээгүүр дундажаар 700-800 км-ын хуртэйгаар урагшлана. Орчин үеийн тийрэлтэт онгоцны хурдтай давалгаа эргийн зүг ирэхдээ  хурдаа хасах авч давалгааны өндөр нь улам нэмэгдэнэ. Эргийн ёроолын налуу нь ихсэх тутам эхний фронт нь улам бүр өндөр, огцом болно. Эрэгт буцлан бургилах асар том давалгаа орж ирэн замдаа байгаа бүгдийг арчаад эргэн урсана. Давалгаа ихсэх бас нэг шалтгаан нь боомтын нарийн хоолой булан болдог. Ирсэн асар их ус тэнд үл багтах учир эрэгт хамаг хүчээр цацагдана. Цунами үргэлж гэнэтийн болдогоороо хүмүүст аюул авчирна. Эхлээд газар хөдлөлт хүмүүсийг гудамжинд хөөн гаргана. Дараа нь нам гүн болоод хүмүүс тайвширч эхлэх үед цунами орж ирнэ. Эхний давалгааны дараа аюул өнгөрлөө гээд буцан ирсэн хүмүүсийг хоёр дахь, гурав дахь давалгаа нь хучаад авах нь хамгийн их хохиролыг дагуулдаг. Эдгээр дараалсан давалгаанууд хамгийн аюултай. Эхний давалгаагаар арчигдсан хоосон газарт ус хурдан орж ирээд эргээд урсахдаа барьж зуурах юмгүй болсон хүмүүсийг  хаман аваад буцна. Үүнээс  л хамгийн олон хүн амиа алддаг ажээ.


Оросын нутагт хамгийн гамшиг дагуулсан цунами 1952 оны арваннэгдүгээр сарын 4-5-ны шөнө болж, Алс Дорнодын Памушир арлын Северо-Курилск хотыг арчин сүйрүүлсэн гэнэ.

Далайд үүссэн цунамийн давалгаа асар их зайг туулах чадвартай. Номхон далайд үүссэн цунами түүнийг гатлаад Энэтхэгийн далай ба Атлантын далайд хүрэх нь юу ч биш. Эргээс буцсан давалгаа эсрэг тийшээгээ урсана. 1986 онд Хонсю арлын эрэг хавьд үүссэн цунами Номхон далайн төвийн Хавайн арлаар дайраад цаашлан Америкийн эрэг хүрч тэндээс буцан Шинэ Зеланд, Австралийн эрэгт ирж байлаа.

Орчин үеийн ихээхэн сүйрэлтэй цунами нь 2004 оны арванхоёрдугаар сарын 26-ных юм. Сумартра арлын ойролцоо Энэтхэгийн далайн нүнд болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунами Зүүн өмнөд Азийн хэдэн орноор дайрч зарим газарт 30 метрийн өндөртөй давалгаа ирж байлаа. Цунамийн үр дагавар нь Өмнөд Америк ба Ла-Маншийн хоолойд мэдрэгдсэн байна. Амь үрэгдэж, сураггүй болсон хүмүүсийн тоо 300 мянга орчим байжээ.

Энэ сүйрлийн дараа цунами нэг биш удаа Номхон ба Энэтхэгийн далайн эргийг дайрч байв. 2007 оны дөрөвдүгээр сарын 2-ний өдөр 10 метрийн өндөртэй давалгаа Соломоны  арлын Таро ба Гизо гэх хотыг усанд авахуулж, эргийн тосгодыг урсгасан байв. Газар хөдлөлтийн төв нь эдгээр арлуудаас 300 км-ын зайд Энэтхэгийн далайн ёроолоос 10 километрийн гүнд байлаа.

Галт уулын дэлбэрэлтээр цунами үүссэн жишээ нь 1883 онд Индонезийн Кракатау галт уул дэлбэрсэн тохиолдол юм. Асар хүчтэй дэлбэрэлт далайн ёроолыг хөдөлгөн 40 метрийн өндөртэй давалгааг үүсгэж байжээ.  Газар хөдлөлтийн дараа Литуйн боомтын булангийн усанд 900 метрийн өндрөөс 300 сая шоо метрийн хэмжээтэй мөсөн голын хэсэг нуран унасан байна. Булангийн усанд 600 метрийн өндөртэй ус цацагдан хөөрч давалгааг үүсгэлээ. Асар том давалгаа булангаар гүйж, уулын энгэрийн мод бутыг булгалан урсгаж байжээ. Энэ үеэр сүйрлийн төвөөс 10 км-ыг зайд гурван хөлөг онгоц байсныг нэгийг нь давалгаа арал дээгүүр 20 метрийн өндөртэй мод, хадыг давуулан шидсэн гэдэг.

Цунами үүсэхийг урьдчилан мэдэж хүмүүст сануулга өгч болох уу? Газар хөдлөлтөөс үүссэн цунамийн хувьд тийм боломж бий. Учир нь газрын чичирхийлэлийн долгионы хурд нь далайнхаасаа хамаагүй их. Тиймээс 7 баллын чичирхийлэлийг бүртгэсний дараа сейсмологчид цунами үүсч магадгүйг сануулдаг. Газар хөдлөлтийн төвийн зайнаас хамааран цунамигаас хожих хугацаа нь хэдэн минутаас цаг хүртэл байж болох юм. Хэрэв газар хөдлөлт хуурай газар болсон бол цунами үүснэ гэж айх ч хэрэггүй.

Цунами 1946 онд Хавайн арлыг дайрснаас хойш хоёр жил өнгөрсний дараа дэлхийд анхных болох цунамигаас урьдчилан сэргийлэх Номхон далайн төвийг байгуулжээ.

Японы цунамийн систем 1952 оноос ажиллаж байгаа ба сейсмогийн олон тооны станцуудыг нэгтгэсэн сүлжээтэй. Японы тэнгист болж буй газар хөдлөлтүүд тус орны баруун эрэгт цунамийн аюулыг авчрах магадлал өндөр байдаг.  Тухайлбал 1983 оны цунами хэдэн арван хүний аминд хүрч байлаа. Учир нь газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлагдах хугацаа нь Японд 13 минут байдаг ба тэр оны давалгаа есөн минутын дараа эрэгт орж иржээ. Сейсмогийн станцуудаас авсан мэдээллийг нэг цэгт хүлээн авч тэнд цунамийн аюулыг дүгнэн сануулга өгөх эсэхээ шийддэг байна. Цунамийн аюул бодит байгаа дохионы дараа тэр хавийн цахилгаан ба байгалийн хийн системээ автоматаар хаан зогсоодог. Радиогоор түгшүүрийн дохиог уншин гудамж талбайд дуут дохио дугарган хүмүүсийг нүүлгэж эхэлдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж