
Энэ үеэр ГХЯ-ны сайд Б.Занданшатараас дараах тодруулгыг авлаа.
-Өнөөдөр 16.30 цагаас Японы Нарита нисэх онгоцны буудалд газардах онгоцоор хэдэн хүн ирэх боломжтой вэ?
-Өнөөдөр 08.55 цагаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоц ниссэн. 16:30 цагаас Нарита нисэх онгоцны буудалд газардах зөвшөөрөл аваад байна. Уг онгоцоор эхний ээлжинд 70 орчим хүн ирэх байх. Дараагийн ээлжийн онгоц өнөөдөр 14.55 цагаас Улаанбаатараас нислэг хийж байна. Хоёр дахь ээлжийн онгоцоор хичнээн монгол иргэн ирэх нь тодорхойгүй байгаа. Эхний ээлжийн онгоцоор дулаан хөнжил, дэвсгэр зэрэг нийт 5000 ширхэг тусламжийн бүтээгдэхүүн илгээсэн байгаа. Одоогоор Япон Улсад тусламж үзүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын ажилтнууд болон манай ГХЯ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаад байна.
-Одоогоор тэнд амьдарч байгаа монгол иргэдтэйгээ хэр холбоо тогтоогоод байна. Гэмтэж бэртсэн хүн байгаа юу гэдэгт албан ёсны мэдээлэл авахыг иргэд хүсч байна?
-Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас төлөөлөгч гарган ажиллаж байна. Тэд өнөөдөр голомтын бүсэд амьдарч буй монголчууд руу явсан байгаа. Тус газрын цагдаагийн газрын мэдээлснээр бэртэж гэмтсэн монгол хүн бүртгэгдээгүй байга. Гэхдээ яг нарийвчилсан мэдээлэл хараахан гараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоогоор Японд байгаа 900 гаруй монгол иргэдтэй холбоо тогтоосон байна.
-Бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үү?
-Өчигдрөөс зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тус улсад амьдарч буй бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй юм. Эхний ээлжинд хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг зайлшгүй шаардлагатай хүмүүсийг монгол руу нүүлгэн шилжүүлнэ.
-Онгоцны билетийн үнийг хөнгөлөх тухай асуудлыг ярилцсан гэж сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ асуудлыг холбогдох албаныхантай ярилцаж байна.