Пусаны Олон Улсын Кино Наадам, Тайваны Олон улсын кино наадмаас “Asia Vision Гран При шагнал” авч, Дубайн Олон улсын кино наадам, Гётoбургийн Олон улсын кино, Сан Францискогийн Олон улсын кино наадамд оролцоод ирсэн уг коног Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид болон түүний хүү, удам дамжсан кино найруулагч Биндэр нарт зориулжээ. Тэдний амьдрал, уран бүтээлээр дамжуулан 20-р зууны Монголын кино урлаг төдийгүй, бидний туулан өнгөрүүлсэн түүх болон өнөөдөр манай нийгэм, хүмүүсийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлууд ер нь амьдралын утга учрын тухай мөнхийн сэдвүүдийг энэ кинонд хөндсөн байна. Өнөөг хүртэл дэлхий дахинд төдийлөн танигдаагүй Монголын кино урлагийн түүхээс дэлгэн үзүүлж, нийгэм, улс төрийн тогтолцоо ба уран бүтээлч хоёрын хоорондох адармаатай харьцааг энэ кино сонирхолтойгоор үзүүлсэн. Ингэхдээ энэ киног зөвхөн өнгөрсөн үеийн түүхэн дурсамж, эсвэл манай уран бүтээлчдийн өмнө тулгарч байгаа өнөөгийн саад бэрхшээлүүдийн тухай гэж ойлгож болохгүй юм.
Энэ киног амьдрал ба урлагийн мөн чанар, урлагаар дамжуулан сайн сайханд тэмүүлэх хүмүүсийн хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл найдварын тухай бас бидний сонголт, өөрийгөө илэрхийлэх үнэмлэхүй эрх чөлөөний тухай эрэгцүүлэл гэж хэлж болох юм.