Чех улс дахь монголчуудтай уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Чех улс дахь монголчуудтай уулзалт хийнэ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 13-17-нд  Чех улсад  ажиллах гэж байна. Энэ хугацаанд төлөөлөгчид Чех улсын Прага хотноо Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын III хуралдаанд оролцох аж. Мөн Монгол Улсаас Чех улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийж, Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг, нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон иргэний шинэчилсэн бүртгэлд гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгөх юм байна. Энэ үеэр уулзалтад өөрийн биеэр ирэх боломжгүй иргэд Прага хотын цагаар гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд 9.30-12.30 цаг болон 14.00-17.30 цагт ажлын хэсгийн гишүүдтэй интернэтээр холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авах, санал хүсэлтээ уламжлах боломжтой аж. Энэхүү интернэт ярилцлагад оролцох хүсэлтэй иргэн ta_asuu@yahoo.com  гэсэн хаягаар Yahoo ID-ээ илгээж бүртгүүлэхээс гадна урьдчилан асуулт, санал хүсэлтээ явуулж болох гэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас цаашид монголчууд олноор оршин суудаг гадаадын зарим оронд очиж, монголчуудад Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг, нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон иргэний шинэчилсэн бүртгэлд гадаад улсад суугаа монгол улсын иргэн хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө,  мэдээлэл өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж