Чуулга уулзалтад оролцох урилга гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Чуулга уулзалтад оролцох урилга гардуулав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асым Арарыг өнөөдөр хүлээн авч уулзав. НҮБ-ын Ерөнхий Ассамлейгээс арван жил тутамд зохион байгуулдаг буурай хөгжилтэй орнуудын олон улсын чуулга уулзалт энэ оны тавдугаар сард Турк улсад болох гэж буйг ноён Элчин сайд дуулгаад Туркийн Үндэсний Их Хурал, Олон улсын парламентын холбоо хамтран Станбул хотноо зохион байгуулах гэж байгаа энэ удаагийн олон улсын чуулга уулзалтад Монголын парламентын спикерийг төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох урилгыг Улсын Их Хурлын даргад гардуулав.

Турк улс нь дэлхийн хөгжингүй орны хувьд буурай хөгжилтэй орнуудад тусламж дэмжлэг үзүүлэхэд байнга анхаарч ирсэн. Энэ удаагийн олон улсын чуулга уулзалтад ч ихээхэн ач холбогдол өгч буйг Элчин сайд энэ үеэр тэмдэглэлээ. Улсын Их Хурлын дарга урилгыг хүлээн аваад олон улсын энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч, чуулганы дөрвөн салбар чиглэлээр төлөөлөгчдөө оролцуулах боломжтой гэдгээ хэлээд чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсч буйг Туркийн парламент, Засгийн газрын удирдлагад уламжилж өгөхийг хүслээ.

Буурай хөгжилтэй орнуудын олон улсын анхдугаар чуулга уулзалтыг 1981 онд Парис хотод зохион байгуулжээ. Энэ оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Станбул хотноо болох дөрөв дэх удаагийн чуулга уулзалт нь Засгийн газар, парламент, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын гэсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдэх юм байна. Чуулга уулзалтын Засгийн газар хоорондын салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарыг урьсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.         
    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж