УИХ-ын дарга Франц улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Франц улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн урилгаар 2011 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

   Улсын Их Хурлын дарга айлчлалын хугацаанд Францын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч ноён Бернар Аккуайет, Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье, Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лелүш, Гадаад болон Европын хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Жан-Давид Левит нар болон Сенатын зарим гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж, Домон хот, Уаз мужид зочлох юм.

    Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл,  УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга С.Баярсайхан, албаны бусад хүн багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж