Сьерра Леон дахь ажиллагааг дуусгана

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Сьерра Леон дахь ажиллагааг дуусгана

Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын хамгийн сүүлчийн ээлжийн энхийг сахиулагчид маргааш тус улсаас эх орны зүг хүлгийн жолоог залах гэж байна. Эх дэлхийн халуун тив Африкт энхийг сахиулах эрхэм үүргээ долоон сарын турш гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг “Монгол цэргийн өдөр”-ийн өмнөхөн эх орондоо эргэж ирэх гэж байна. Үүгээр 2006 оноос хойш Монгол цэргийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүдийг нээсэн анхны ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гэж ам бардам хэлэх боломжтой боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин харьцангуй богино хугацаанд хүрсэн төдийгүй НҮБ-ын ажиллагаанд цэргээ оролцуулсан Тор 40 орны тоонд багтсан байна. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнь 2010 оны зургадугаар сарын 14-нд Монгол Улсын цэргийн багт зочлохдоо монгол цэргүүд тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараар бусад орны цэргийн алба хаагчдаас эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлж байсан цаг саяхан.
Энхийг сахиулах ажиллагааны шанг татсан энэ ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгатны арга тактик, туршлага дадлага суусан монголын олон арван цэргийн албан хаагчид Чад, ТАБНУ, Судан улсад НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцоход тулах хүч, түших багана болж ирсэнийг Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд онцолж байна.
Элчилгүй халуун нар, аадар бороонд таван жилийн турш НҮБ-ын далбаатай зэрэгцэн мандсан Монгол улсын алтан соёмбот далбаагаа маргааш хүндэтгэлтэй буулган үдэлтийн ёслол болно.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж