Саубер багийн залуу нисгэгч сорилыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Саубер багийн залуу нисгэгч сорилыг тэргүүллээ

“Рэд Бүлл” багийн ноёрхол дор явагдаж байсан сорил долоо хоногт Саубер баг шинэ салхи оруулж ирлээ. Тэдний залуу нисгэгч Серхио Перез гурав дахь өдөр хамгийн богино хугацааг үзүүлж олны анхаарлыг өөртөө татаж чадлаа. Хамгийн гол нь түүний үзүүлсэн хугацаа дэлхийн аварга Себастьян Веттелээс илүү хурдан байсан учраас анхаарал татсан нь тэр. Мөн Веттел энэ хугацааг бага шатахуунтай байхдаа үзүүлсэн бол Мексик залуу дүүрэн түлштэй байхдаа нэг минут, 21,761 секундэд тойргийг хийсэн юм. Гэвч удалгүй түүний КЕРС-т асуудал гарснаар сорил уралдааныг орхижээ.

“Феррари”-гийн Фелипе Масса хоёрт бичигдсэн, тэрбээр Перезээс 0,331 секундээр хоцорсон. Гэхдээ Перезийн амжилт тогтоогдсоноос ердөө хэдхэн минутын дараа хийснээрээ мөн онцлогтой. Масса энэ өдөр нийтдээ 127 тойрог хийж, бусдыгаа манлайлжээ. Тэгэхээр “Феррари”, “Саубер” багууд сорил уралдааны гурав дахь өдрийн гол баатрууд байлаа. Харин “Рэд Бүлл”-ийн Марк Уэббер нэг минут 22,466 секундээр гуравт бичигдсэн байна. Рубенс Баррикелло 105 тойргийг гүйцэтгэж байж, нэг минут 22,637 гэсэн амжилтыг тогтоон дөрөвдүгээр байрт бичигдлээ.

Эхний таван нисгэгчийн хамгийн сүүлд “Мерседес” багийн нисгэгч Михаиль Шумахер оржээ. Нэг минут, 22,892 секунд гэсэн амжилтаараа тэрбээр Барселонад хийгдэж байгаа сорил уралдааны тэргүүлэгчдийн нэг болж байна.
Гэвч энэ бол ердөө гурав дахь өдрийн дүн юм. Сорил уралдаан Каталон тойрог зам дээр бямба гариг хүртэл үргэлжилнэ. Тэр хүртэл өөр бусад олон багууд энэ мэт гэнэтийн амжилтыг үзүүлэх боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж