Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо

Улаанбаатар хотноо Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр  Гадаад харилцааны яаманд боллоо.  Уулзалтын үеэр хоёр орны харилцаа бат бэх, өргөжин хөгжиж буйг Монгол Улсын болон АНУ-ын Засгийн газрууд дахин нотлов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбэлл болон АНУ-ын Батлан хамгаалах яамны Ази, Номхон далайн  асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Уоллэс Грэгсон нар  оролцжээ.  АНУ нь Монгол Улсын “гуравдахь хөрш”-үүдийн нэг болохын хувьд Монгол Улс дахь ардчиллын хөгжил, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа амалсан юм. Түүнчлэн  Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг энэ оны долдугаар сараас даргалахтай холбогдуулан ардчиллын талаархи боловсрол, иргэний нийгмийн салбарт  хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн байна.  Мөн Монгол Улсын эрдэс баялаг, байгалийн нөөцийг худалдааны урт хугацааны өсөлт, хүрээлэн буй орчны зохицуулалт, эдийн засгийн төрөлжүүлэлт болон хүний хөгжлийн асуудлуудтай уялдуулан хэрхэн хөгжүүлэх чиглэлд  хэрхэн хамтран ажиллахаа ярилцжээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-ын хөгжлийн албан ёсны хөтөлбөр (USAID)-ийн шугамаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, авилгатай тэмцэх бодлогыг боловсронгуй болгох, Мянганы Сорилтын Корпорациас хэрэгжүүлж буй эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, дэд бүтэц, өмчийн эрх болон мэргэжлийн боловсролын төслүүдээр дамжуулан Монгол Улсын хөгжилд дэмжлэг, тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхээ aмерикийн тал хэлж байв. Манай  улс АНУ-тай иж бүрэн түншлэлийн зарчимд суурилсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хөгжүүлэхээ дахин нотолсон юм. Бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь өөрчлөлт шинэчлэл, энхийг сахиулах ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа зэрэг өргөн хүрээний асуудлаар зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал солилцлоо. Монгол Улс, АНУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2004 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаагийнх найм дахь удаагийн уулзалт юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж