Мянган ээжүүд баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Мянган ээжүүд баяраа тэмдэглэв

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Дорнод аймаг дахь Зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын 08-ны өдөр “Мянган ээжийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил тав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр наймаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээс “Ачлалт 21 дарь эх”, улс нийгэмдээ оюун бодол, хүч хөдөлмөрөө зориулан хамт олныг удирдан манлайлж ирсэн ахмад буурлуудаас “Хатан ижий” нарыг шалгаруулан алдаршуулж, үр хүүхэд төрөл төрөгсдийнх нь хамт баярууллаа. Мөн энэ үеэр аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооноос эмэгтэй удирдагчтай “Шилдэг есөн байгууллага”-ыг шалгаруулан өргөмлөл олгов. “Ачлалт 21 дарь эх”-ээр өргөмжлөгдсөн хүмүүсээс хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн нь 13 хүүхэдтэй, хамгийн өндөр настай нь 88 настай, хамгийн хол нутагтай нь Увс аймгийн Тэс суманд төрж өссөн ч илгээлтээр томилогдон энэ нутагт ирж түмний хүүхдүүдэд эрдэм заасан багш хүн байх жишээтэй.

Аймгийн төв болон Сэргэлэн, Халхгол, Цагаан-Овоо, Дашбалбар зэрэг сумдаас дээрх ижий нар тодорон өргөмжлөл хүндлэл хүлээсэн байдлаас харахад жил ирэх тусам энэхүү арга хэмжээ өргөн цар хүрээтэй иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадаж байгааг илтгэлээ.

“Ачлат 21 дарь эх”, “Хатан ижий”, эмэгтэй удирдагчтай “Шилдэг есөн байгууллага” болон Дорнод бөхийн өргөөнд хуран чуулсан олон түмэнд зориулж Улсын Тэргүүний 10 дугаар цэцэрлэгийн баяцхан авъяастнууд, Аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүлэгч бүсгүйчүүдийн хамтарсан урлагийн тоглолт өргөн барьсанаар энэ удаагийн “Мянган ээжийн баяр” өндөрлөв.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж