Ширүүхэн маргаан өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ширүүхэн маргаан өрнөлөө

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Цагдаагийн хэлтсийн дарга н.Эзэннайрамдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцууллаа. Өнгөрсөн онтой харьцуулбал хүнд болон онц ноцтой гэмт хэргийн тоо 0.2-0.9 хувиар өссөн дүнтэй байгаа нь сүүлийн үед архидан согтуурах явдал нэлээд залуужиж энэ хэрээрээ гэмт хэргийн нөхцөл хүндэрч байгаа нь иргэд төдийгүй цагдаагийн байгууллагынхны санааг зовоосон зүйлүүдийн нэг болоод байгааг хэлж байлаа. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох байдал их гарч энэ онд нийт 13 удаагийн зам тээврийн осол гарснаас  9 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ.  Зам тээврийн осол урьд оныхоос их гарч эмнэлгийн байгууллагын статистик үзүүлэлтээр Сүхбаатар аймгийн нийт өвчлөл болон нас баралтын тоогоор тэргүүн эгнээнд зам тээврийн осолд өртөгсөд орж байгаа нь дээрх байдлыг харуулж байгаа аж. Зам тээврийн осол Баруун-Урт хотын хэмжээнд ингэж их гарах болсон шалтгааныг Цагдаагийн газрын дарга Эзэннайрамдах тайлбарлахдаа өмнө нь Аймгийн цагдаагийн хэлтэст Замын цагдаагийн алба гэж тусдаа байж байгаад  тасаг болж өөрчлөгдсөнөөр дөрөвхөн цагдаа ажиллаж байгаа нь хаанаа ч хүрдэггүй байдагтай холбон тайлбарлаж байсан юм. Мөн чанаргүй жолооны курсууд ихээр нэмэгдэх болж хот болон  төв газраас хөдөө орон нутгийн хүмүүсийн мөнгөнд шунан жолооны ямар ч анхан шатны мэдлэггүй иргэдэд жолооны үнэмлэх, эрх олгож байгаа явдал ч мөн дээрх нөхцлийг үүсгэж байгааг үгүйсгэхгүй байлаа.  Гэмт хэрэг зөрчлүүдийн дотроос хамгийн их жигшил зэвүүцэл төрүүлдэг хэрэг бол хүчингийн хэрэг байдаг билээ. Тэгвэл 2011 он гарсаар хүчингийн хэрэг 3 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй 3 хувиар өссөн харамсалтай дүн гарчээ.  Үүнээс гадна хөдөө орон нутгийн иргэдийн санааг зовоосон зүйлийн нэг бол малын хулгай. Малын хулгайтай тэмцэх үүднээс сум бүр 2-оос доошгүй  иргэдийн сайн дурын бүлгэм байгуулан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч 2009 онд малын хулгайн 74 хэрэг гарч байсан бол энэ онд 51.3 хувиар буурсан сайшаалтай мэдээг дуулгалаа.  Мөн эрүүлжүүлэх байранд хүний эрх зөрчигддөг талаар иргэдээс ирдэг санал гомдлууд, цагдаагийн албан хаагчидтай холбоотой ёс зүйн зөрчил дутагдал, гомдлын талаар  Аймгийн иргэдийн тэргүүлэгчид Цагдаагийн хэлтсийн даргаас  ний нуугүй асууж байлаа. Эрүүлжүүлэх байрны хувьд үнэхээр хангалтгүй байдаг дээр нь хуулиндаа эрүүлжүүлэх байранд 4 эмч байх ёстой гэж заасан бол улсын хэмжээнд манай аймаг ганцаараа 1 эмч ажилладаг тухай учирлаж байлаа. Хүний эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн мэдээлэл өөрт нь ирээгүй гэдгийг онцлон эрүүлжүүлэх байр нь гадна дотногүй камер байрлуулсан учраас ийм зөрчил гарах боломжгүй гэдгийг ч хэлж байсан юм.

Хурлын үеэр тэргүүлэгчдийн зүгээс хатуухан шүүмжлэлийг хайр найргүй өгч байлаа. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын нэр хүнд ард иргэдийн дунд ихээхэн унаж, миний цагдаа намайг хамгаална гэж ярьдаг байсан бол одоо эсрэгээрээ болж цагдаагийн ажилтнууд мөрдөс зүүж, төрийн хувцас өмссөн авилгач, гэмт хэрэгтэн , алуурчин ч болчихоод  байгааг хэлж байлаа. Тэргүүлэгчид тодорхой жишээ баримттай хэргүүдийг дурдан цагдаагийн даргаас хариуцлага тооцохыг шаардаж байсан юм. Иргэдээ хамгаалдаг биш айлган сүрдүүлдэг, дарамтлан зовоож эд юмсыг нь дээрэмдэх цаашлаад сэтгэл санаа, бие эрхтнээр нь дарамталж амь насаа хохирооход хүргэж байгаад хатуухан арга хэмжээ авахыг иргэдийн төлөөлөл болон сууж байгаагийнхаа хувьд тэдний өмнөөс хатуу ширүүн үгийн далимаар шаардаж байлаа. Мөн сүүлийн үед төвийн томоохон  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Цагдаагийн Хэлтсийн дарга Эзэннайрамдахтай холбоотой но-той ноцтой асуудлууд шил шилээ даран гарах болсон талаар нь асууж тодруулахад тодорхой нэг хүний захиалгаар өөрийнх нь нэр төрд халдаж байна гээд энэ хэргийг шалгуулж нэр төрөө сэргээж авна гэдгээ ч мөн хэллээ. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийг таван жил удирдаж явах хугацаанд нь энэ байгууллагад хатигнаас хавдар болтлоо томорсон зөрчил дутагдал байхгүй хэмээн мэдэгдсэнээр энэ удаагийн Цагдаагийн хэлтсийн даргын сонсгол өндөрлөлөө.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж