Ноос ноолуурын үйлдвэртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ноос ноолуурын үйлдвэртэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зарим жижиг, дунд үйлдвэртэй танилцав. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй нь үзсэн хоёр үйлдвэрээс харагдлаа. Эхний үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан “Жинст Мөрөн” гэдэг нэртэй, сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг газар байв. Бүсийнхээ таван аймгаас сарлагийн хөөвөр авч, утсаа “Гоёо” компанид ээрүүлээд бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймаг, сумдад нийлүүлдэг аж. Анх жилдээ 300 ширхэг бүтээгдэхүүн хийдэг байсан бол өнөөдөр 1200-г гаргадаг болж, борлуулалт нь 90 хувьтай байна. Сарлагийн хөөвөр нь дулаан хадгалах чадвараараа ноолуураас 15 хувиар илүү, бас бөөгнөрдөггүй, агаар сайн солилцдог зэрэг давуу талтай учир дэлхийн хэмжээнд сонирхох болжээ. Тийм учраас зөвхөн Хөвсгөл аймаг дангаараа хөөврөн бүтээгдэхүүн хийж  дэлхийн зах зээлд гаргах, орон нутагтаа ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийд брэнд бүтээгдэхүүнтэй болох боломж манай аймагт бий гэж  тус үйлдвэрийн захирал Б.Энхболд ярилаа.

Дараагийн нэг танилцсан газар нь “Лидер” компанийн ноос, ноолуур угаах үйлдвэр. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 100 ажлын байр шинээр бий болгоно. Өнөөдөр аймгийн хэмжээнд төдийгүй зэргэлдээх аймгуудын ноос, ноолуурыг угааж, боловсруулж гаргах хүчин чадалтай. Бид түүхий эдийг тэр чигээр нь аль болох гадагш нь хилээр гаргахгүй орон нутагтаа боловсруулан нэмүү өртөг шингээн экспортлох нь ашигтай юм байна гэж ойлгодог учраас энэ үйлдвэрийг байгуулсан хэмээн тус үйлдвэрийн захирал Г.Лхагвасүрэн ярив.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар  500 сая төгрөгийн зээл авсан байна. Харин  компани өөрөө тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Энэ бол зөвхөн Хөвсгөл аймагт төдийгүй бүс нутагтаа ноос, ноолуур угаах хамгийн том үйлдвэр юм.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж