Жүдогийн УАШТ маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Жүдогийн УАШТ маргааш эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Яармагийн дэнж дээрх Спортын шинэ ордонд маргааш эхлэх гэж байна.

Жүдочид 2011 он гарсаар хоёрдугаар сарыг дуустал тасралтгүй Европын цуврал тэмцээнүүдэд зодоглож, өнгөрсөн долоо хоногт нутагтаа ирсэн бөгөөд улсын аваргын дараа дөрөвдүгээр сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улмаар тавдугаар сараас дахин Европыг “дайлаар мордох” юм. Жин болгонд дэлхийн шилдгүүдийг багтаасан Монголын жүдочдын хувьд улсын аварга шалгаруулах тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Тэр тусмаа Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нарыг багтаасан эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг, мөн 66 кг-д дэлхийн чансааны тэргүүн байрт бичигдсэн Х.Цагаанбаатар болон С.Мияарагчаа нарын өрсөлдөөн, түүнчлэн -100 кг-ын жинд “Дэлхийн цом”-ын тэмцээний финалд хоорондоо өрсөлдсөн  Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нарын тулаан гээд улсын аварга шалгаруулах тэмцээн зөвхөн Монголын төдийгүй дэлхийн шилгүүдийн өрсөлдөөн болох биз.

Өнөөдөр жүдочдын жингийн үзлэг болж, сугалаа гарах бөгөөд маргааш хүнд жингийн барилдаанаар эхэлнэ. Тодруулбал, улсын аваргын эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн +100, -100, 90 болон 81 кг-ын жингийн барилдаан болох бол эмэгтэйчүүдийн +78, -78, 70 кг-ын жинд аваргууд тодорно. Харин ням гаригт үлдсэн жингийн ангилалд улсын аваргын медальтнууд тодрох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж