Үерийн хамгаалалтад шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Үерийн хамгаалалтад шалгалт хийнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг агаарын огцом дулаарлаас болж шар усны үерт автаж болзошгүй газрууд байгаа аж. Мөн гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух, явган зорчихдоо болгоомжтой байхгүй бол мөс цөмөрч амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гарч болзошгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үүсч болзошгүй нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг гаргаад байна.  Уг албан даалгавраар үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, урсацын чиглэлийг өөрчилж болзошгүй зөрчлүүдийг илрүүлэн засуулах, ус цуглардаг гуу жалга, нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас, мөсийг тухайн орчны оршин суугчдын оролцоотой цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд  Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар Х.Батбилэгийн баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийх ажлын хэсэг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зургаан дүүрэгт ажиллахаар болжээ.
Ажлын хэсгийнхэн үзлэг шалгалтын үеэр ус зайлуулах далан суваг, түүний барилга байгууламжийн ашиглалт, гаргалгаа хоолойнуудын ус нэвтрүүлэх чадвар, үерийн аюулаас айл өрх, иргэдийг хамгаалах урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангасан, мөн цэвэрлэх шаардлагатай далан сувгуудын судалгааг гаргаж илэрсэн зөрчил, дутагдлыг засуулах, цаашид авах  арга хэмжээгээ тодорхойлох юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж