Засгийн газраас энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан тул ажилгүйдлийн график анхаарал татаж байна. Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй сая гаруй хүн байгаа. Эдгээрээс 600 мянга буюу 53.1 хувь нь эрэгтэй, 530 мянга буюу 46.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Судалгааны дүнгээр 106 мянган хүн ажил эрхлээгүй байгаагийн 60 орчим мянга нь эрэгтэйчүүд, 46 мянга нь эмэгтэйчүүд аж. Харин ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 3.4, хотод 6.9 хувиар тус тус буурч, хөдөөд 1.3 хувиар өсчээ.
Дээрх өсөлтийг задалж үзвэл аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн хоёрдугаар сарын эцэст 40 орчим мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2542 хүнээр буюу 7.1 хувиар өсчээ. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо ийнхүү өссөн нь Улаанбаатар хот, Булган, Өмнөговь, Завхан, Дундговь, Төв, Ховд аймгуудад ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдсэнээс шалтгаалсан байна.
Харин эдийн засгийн салбарт дараах өөрчлөлтүүд гарчээ. Mонголбанкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 3.528 тэрбум төгрөг, өмнөх сарынхаас 88.6 тэрбум төгрөг буюу 2.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 813 тэрбум төгрөг буюу 30 орчим хувиар өсчээ. Зээл олголт ийнхүү өсч байгаа ч хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь өмнөх сарынхаас 9.6 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өссөн мэдээлэл юм. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 363 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өсчээ. Өнгөрсөн жилийн мөн үеийн статистик мэдээллээс харвал чанаргүй зээлийн хэмжээ буураагүй гэж үзэж болох ч өнгөрсөн сарын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.6 тэрбум төгрөг буюу 20 орчим хувиар буурсан гэсэн нааштай мэдээлэл байна.
Чанаргүй зээлийн хэмжээ аажмаар буурч байгаа нааштай мэдээнээс гадна өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 152 тэрбум төгрөг буюу 54.2 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Дээрх өсөлтийг хангахад орлогын албан татварын орлого 26.5, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 14.2, онцгой албан татварын орлого 10.7, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 64.8, бусад татвараас орсон орлого 20.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин