Зээлийн хүүг бууруулах тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах тухай хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд яг одоо холбогдох албаны хүмүүсийн хамт орон сууцны зээлийн хүүг бууруулах тухай асуудлаар хуралдаж эхэллээ. Тус хуралдаанд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан төрийн албан хаагчдад олгож байгаа урт хугацаат зээлийн хүү жилийн найман хувь аж. Харин арилжааны банкуудын энэ чиглэлээр олгож буй зээлийн жилийн хүү 12 хувиас дээш байгаа нь иргэдийг хүү багатай урт хугацаат зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулж буй юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанаас нааштай шийдвэр гаргах бололтой.
Нөгөө талаас Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан айлчлал хийх үеэрээ тус улс хүн амаа хэрхэн орон сууцжуулсан туршлагаас хуваалцаж, өөрийн орондоо хэрэгжүүлэх бүрэн бололцоо байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тус улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүү багатай, урт хугацаат орон сууцны зээлийг иргэддээ олгосноор нийт хүн амынхаа 94 хувийг орон сууцжуулж чадсан юм. Ингэхдээ тус улсад орон сууцны зээлийн жилийн хүү нь гурван хувь байгаа билээ. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 24 хувь нь орон сууцанд амьдардаг байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж