Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй

Сайн мэдээ дуулгая. Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Оюутолгойн ордын Монголын эдийн засагт үзүү­лэх нөлөөллийн үнэлгээг саяхан хийж дуусчээ. “Рио Тинто”-ийн захиалгаар энэ­­хүү үнэлгээг хийхдээ эдийн засгийн салбаруудын хоо­рондын харилцан нөлөө­лөл, уялдаа хамаарлыг шин­жилдэг ерөнхий тэнцлийн загварыг ашигласан байна. Уг загвар нь эдийн засгийн хувьд сонгодог хэлбэрийг агуулдаг бөгөөд дүн шинжилгээнд ашиг­ласан мэдээллийн цар хүрээ, нарийвчлалаараа онцгой ажээ. Хамгийн гол нь энэ судалгаанд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг хэрхэн “зурсан”-ыг  тольдон харахад нэн таатай. Юуны өмнө Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ирэх 10 жилд Монголын эдийн засаг жилийн 10 хувийн өсөлттэй байна хэмээжээ. Тодруулбал, 2020 он гэхэд эдийн засаг хоёр дахин өснө гэсэн үг. Цалин хөлсний хэмжээ бодитой өсч, валютын ханш тогтворжих дүр зураг харагдаж байна.

ОЮУТОЛГОЙН ОРЛОГООС ОФШОР САН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Австралийн эдийн за­сагч, доктор Брайн Фишер Монголын эрдэмтэдтэй хамт­ран уг судалгааг хийсэн бө­гөөд тэрбээр айсуй өсөл­тийн хурдыг таамаглахдаа “Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давал­гаа” хэмээн дүгнэжээ. Энэхүү давалгаа, хэлбэлзэл урьдчилан төсөөлснөөс хавь­гүй их тө­дийгүй хүчтэй байх нь. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос орох бүх орлогыг хөрөнгө оруулалт болгосноор офшор сан ч байгуулах боломжтой гэнэ.

Доктор Б.Фишерийн хамт энэхүү үнэлгээний загварыг гаргасан  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Батдэлгэр “Офшор сан ийм том болно гэж төсөөлөө ч үгүй” хэмээн дуу алдсан аж.

Оюутолгой маш том боломж гэдгийг би мэддэг ч үнэндээ үнэлгээний үр дүн түүнээс хавьгүй их байсан” хэмээн ярьж байна. Мөн доктор Түвшинтөгс “Судалгааны үнэ цэнэ зөвхөн үүнд л оршиж буй. Энэ том төслийг хэрэгжүүлснээр эдийн засаг өснө гэдгийг бүгд мэдэж байсан. Харин чухам ямар өсөлт вэ гэдэг нь чухал бөгөөд тэрхүү хариулт бүрхэг байсан. Одоо бид Оюутолгой эдийн засагт яг ямар хэмжээний хамааралтайг олж харлаа. Хариулт тун тодорхой болсон гэж бодож байна” гэсэн юм. Сайн мэдээ дуулгах шиг сайхан, бас буянтай үйл гэж байхгүй. Тэгвэл сайн мэдээ, сайхан хариулт бүхнийг та одоо хүртэх гэж байна.

ДОТООД НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ БАРАГ 100 ХУВЬ ӨСЧЭЭ

Одоо энэ хариултыг та бүхэнд толилуулъя. Оюутолгой төслийг хэрэгжүүлснээр дэд бүтцийн салбарт хамгийн их өөрчлөлт орох ажээ. Улаанбаатарт өрнөж буй бүтээн байгуулалт ч үүний нэг илрэл юм. “Уул уурхай эдийн засгийг өөрчилнө. Уурхайн зүг нислэг үйлдэх болсноор орон нутагт хөгжил авчирна. Монголын иргэний нисэхийн үйлчилгээ огцом өсч буйг зорчигчийн тооноос харж болно. Олон улсын нислэг 38 хувиар нэмэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал дотоод нислэгийн чиглэл 98 хувиар өсчээ. Бараг 100 хувийн өсөлт. Энэ өндөр үзүүлэлт биш гэж үү. Энэ талаар доктор Б.Фишер “Монголын эдийн засаг Австралийнхтай адил өсч байна. Өнгөрсөн долоо хоногт “Кантас” компани Сидней, Пертийн хооронд 747 онгоц нисгэхээр болсон. Хүн амыг тооцвол үнэхээр гайхмаар шийдвэр” хэмээн жишээ татан өгүүлсэн юм. Харин одоо Оюутолгой төслөөс Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааны “амттайхан” үр дүнгээс мэдээлье.

 “РИО ТИНТО”  ГОЛЛАНД ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БАЙНА

Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээнд 2009 оны сүүлчээр гарын үсэг зурсан. Тэр үеэс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл модон хаалга, цонхны үйлдвэрлэл л гэхэд өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш 258 хувь, зүсмэл банзных 300 хувь, цементийн үйлдвэрлэл даруй нэг дахин өссөн байна. Зөвхөн барилгын материалын үйлдвэрлэл өсөөд зогсохгүй барилга, угсралтын ажил ч эрс нэмэгдсэн нь тодорхой. Улаанбаатар хотын зоогийн газ­руудын нийт орлого өнгөрсөн үеийнхээс бүр 800 хувиар өссөн дүн гарчээ. Зөвхөн наад захын жишээ энэ. Түүнчлэн зам, төмөр зам шинээр бий болж, түүнийг дагаад барилга байгууламж, ажлын байр нэмэгдэх гээд дурьдаад байвал эдийн засгийн их өсөлтийн давалгаан дунд амьдарч буйдаа бид бахархаж, талархаад баршгүй.

Ашигт малтмал, газрын баялгаараа хөгжиж буй орон бүр ийм амжилтад хүрч чаддаггүй ажээ. Тухайлбал, Нигер, Конгог харахад дотоодын мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадвар нь уламжлалт экс­пор­тын бүтээгдэхүүндээ дарамт уч­руулж, импортыг үнэгүйдүүлдэг байна. Эдийн засаг нь дотогшоо чиглэсэн, импортоос хамааралтай, эдийн засгийн бүтэц нь цөөн нэр төрлөөс бүрддэг энэ нөхцөл байдлыг “Голланд өвчин” хэмээдэг. “Рио Тинто” компани энэхүү үнэлгээг хийлгэх болсон шалтгаан нь ч мөн л “Голланд өвчин”-өөс хамааралтай ажээ. Тэд “Оюутолгой маш том учир Монголын эдийн засагт энэ өвчнийг халдварлуулах магадлалтай хэмээн сэрэмжлэх үүд­нээс энэхүү судалгааг хийлгэсэн юм. Нэгэнт үр дүн тодорхой болсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх боломжтой боллоо хэмээн тэд үзэж байна. Энэ тухай дараагийн нийтлэлд тодорхой дурь­дах учир хойш тавья. “Хэдийгээр бид тодорхой төсөөлөлтэй байсан ч баялгийн сан ийм ихээр өсөн нэмэгдэх боломжтойг хараад үнэндээ гайхсан. Хэрэв орлогыг бүгдийг нь офшор болговол баялгийн сан 2040 он гэхэд 31-32 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болно.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж