УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татахаас гадна хуулийн байгууллагыг хөдөлгөсөн. Уг асуудлаар Н.Энхбаярыг гэрчээр татаж, УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авахаар болсон. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Би энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна. Ер нь долдугаар сарын 1-ний хэрэгт буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдэгтэй санал нэг байдаг. Н.Энхбаяр дарга долдугаар сарын 1-тэй холбоотой сэдвээр ярьсныг сонин хэвлэлээс харсан. Сэжигтнүүдийг байцаана гэдэг зөв. Харин сэжигтэн татахаас өмнө гэрчийг байцаах нь хууль эрх зүйн талаас зөв эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хэвлэлүүдээр гэрчийг эхлээд байцаана гэсэн утгатай зүйл бичээд байна л даа. Гэрч гэхээсээ илүү сэжигтнүүдээ байцаах ёстой юм. Бид аливаа асуудлыг улстөржүүлэх бус бодитойгоор харж сурах ёстой.
Тиймээс долдугаар сарын 1-ний хэрэгт хариуцлага хүлээх, холбоотой нөхдүүдийг байцаах нь зүйн хэрэг л гэж бодож байна.
-Та үүсээд байгаа асуудлаар Н.Энхбаяр даргаас асууж, тодруулсан уу?
-Энэ талаар асуугаагүй. Телевизээр өгсөн ярилцлагыг нь үзсэн.
-МАХН улс төрийн бусад нам болон иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдээд “Эх орон, шударга ёс” хөдөлгөөн байгуулсан. Та бүхэн нэгдээд улс төр дэх гуравдагч хүчний орон зайг нөхөж чадна гэж үзэж байна уу?
-Парламентад сөрөг хүчин алга. Засгийн газар сөрөг хүчний шүүмжлэлийг сонсч чадахгүй байгаа учраас тэднийг дураараа авирлахад хэн ч саад болохгүй байна. Шударга ёс тогтооно гэдэг ойлголт нийгэмд байнга л байдаг зүйл. Ялангуяа сөрөг хүчин байхгүй үед зайлшгүй ярих асуудал юм. Тиймээс манай нам болон бусад нам, эвсэл хөдөлгөөнүүд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь Монгол Улсад бодитой сөрөг хүчин бий болгоход оршиж байгаа. Сөрөг хүчин гэдэг зүгээр л нэр төдий зүйл биш шүү дээ. Харин ч эрх баригчдыг адил тэнцүү хариуцлагатай байлгадаг. Ардчилсан нам УИХ-ын сонгуульд цөөнх болсон. Иймээс л цөөнх нь ард түмнээс авсан мандатын дагуу олонхид маш хатуу хариуцлага тооцож, шүүмжилж ажлыг нь сайн хийлгэх үүрэгтэй. Гэтэл Ардчилсан нам энэ хариуцлагаас шууд зугтаачихсан. Тэгвэл энэ хариуцлагыг хэн үүрэх вэ. Хариуцлагыг үүрэх зоригтой улс төрийн хүчин алга. Үүнээс үүдээд л бид нэгдэж энэхүү хариуцлагыг нуруундаа үүрч ажиллахаар шийдсэн.
-Нам, эвслүүд нэгдэн хамтарч ажиллахаар эрх мэдэл, эрх ашиг гээд олон асуудал үүсдэг. Та бүхний дунд ийм асуудал, зөрчилдөөн үүсэхгүй гэх баталгаа бий юү?
-Эрх ашгийн зөрчилдөөн гэхээсээ илүү нийгэмд үгүйлэгдээд байгаа сөрөг хүчний орон зайг нөхөхөд оршино. Засгийн газар сүүлийн гурван жилд хэнд ч хариуцлага тооцсонгүй. Ямар ч зөрчил гаргасан шүү дээ. Тэд хариуцлага тооцож байгаагаа хуульд өөрчлөлт оруулж, хуулийг сулруулах маягаар ард түмний тархийг угаадгаа хэлдэг. Сөрөг хүчний хариуцлагыг нуруундаа үүрэх, шударга ёсыг тогтооход эрх ашгийн зөрчил огтхон ч үүсэхгүй.
-Үндэсний шинэ намын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАХН-ынхан бидэн дээр ирсэн болохоос бид МАХН-д очоогүй” гэсэн утга илэрхийлсэн байсан?
-Хэн, хаана очих нь сонин биш. Монгол Улсад сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж байна гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн хэвийн явуулах уу, хэрэв ажиллаж чадахгүй бол яаж хариуцлага тооцох вэ гэдгийг л ярих ёстой юм. Түүнээс бус хэн хэн дээр очих нь маш жижиг асуудал юм.
-МАХН Дээд шүүхэд өргөдлөө өгөөд нэлээд удлаа. Дээд шүүх асуудлыг одоо хүртэл хэлэлцээгүй байна. Шүүхийн байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “МАХН нэрийг авах нь хууль зөрчсөн үйлдэл” гэх мэдэгдэл хийгээд байна л даа?
-Хүн бүр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албыг хашдаг мөртлөө хууль зөрчөөд, хуульд дур мэдэн тайлбар хийгээд байгаа нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна гэсэн үг. Хууль зөрчих, зөрчихдөө санаатайгаар зөрчиж байна гэж үзэхээс аргагүй юм. Тиймээс үүнийг болиулж өгөөч гэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт албан бичиг явуулсан.
-Дээд шүүхээс танд хариу ирүүлсэн үү?
-Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ хариугаа ирүүлэх байх гэж найдаж байгаа. Бас манай намын хүсэлтийг шийдэх байх. Өөр намуудыг ер нь их хурдан хугацаанд шийдэж байсан юм билээ. Энэ сарын 15-нд өргөдөл өгөөд яг нэг сар болно. Гэхдээ хуульд ажлын 30 хоногийн дотор гэж заасан байдаг. Ямартай ч календарийн 30 хоног удахгүй боллоо. Хариу хэзээ ирэх нь сураггүй л байна. Ардын намыг л гэхэд долоо хоногийн дотор бүртгэчихсэн. Ер нь намуудыг 7-10 хоногийн дотор л бүртгэсэн байдаг юм билээ.
-Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа асуудалд таны байр суурийг сонирхмоор байна. Засгийн газраас иргэн бүрт 550 ширхэг хувьцаа олгохоор болсон. Үүний дагуу олон ажил хийж байна. Ингэж хувьцаа олгох нь бэлэн мөнгө тараахаас дээр гэж үзэж байгаа?
-Ерөнхий буюу хийж байгаа санаа нь байж болох хувилбар боловч утга учиргүй худал ярьж буй нь хамгийн аюултай байна. Тавантолгой гэж ярьж болохгүй. Учир нь Тавантолгой гэж байхаа больсон. Харин одоо гурван толгой л үлдсэн. Нэг толгойг нь MCS компанид, нөгөө толгойг нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай хамт эзэмшиж байгаа. Тийм учраас л Тавантолгойн 550 ширхэг хувьцааг хэрхэн олгох бус Гурвантолгойн хувьцааг яаж олгох вэ гэдгийг л ярих ёстой. Тэгэхээр энэ бол цоо шинэ компанийн тухай яриа байхгүй юу. Гэтэл Гурвантолгойн хувьцааг ярьж байхдаа Тавантолгойн хувьцаат компанийн нэг ширхэг хувьцаа нь сая 400 мянган төгрөг байна гэж жишээ болгон тайлбарлаад байгаад нь утгагүй асуудал. Нүүрс олборлодог дэлхийн томоохон компаниудын нэг ширхэг хувьцааны үнэ 70 ам.доллараас дээш байхгүй байна. Хамгийн үнэтэй нь гэхэд “Пибоди Энержи” компанийн хувьцаа Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр 70 ам.доллар хүрээд л 50 ам.доллар болж буурдаг. Австралийн томоохон компаниудын тухайд дээд тал нь 20 австрали долларт байгаа юм. Гэтэл манайх “Эрдэнэс Тавантолгой”-н гаргаж ирсэн зохиомол үнээр ард түмний тархийг угааж, ийм ярилцлагыг Төрийн өмчийн хорооны дарга өгч байгаа бол гэмт хэрэг. Хариуцлага тооцох ёстой. Харин Засгийн газар үүнийг өөгшүүлээд тайван суугаад байгааг маш их гайхаж байна. Хэрэв энэ ажлыг яаралтай зогсоож, Төрийн өмчийн хорооны даргын яриад байгаа “Иргэн бүр 550 ширхэг хувьцаа аваад тэр нь хэдэн сая төгрөгийн өмч хөрөнгө болно” гэж төөрөгдүүлж байгаагаа худал гэж хэлэх хэрэгтэй. Засгийн газар энэ алдаагаа засч залруулахгүй бол үүнээс гарах үр дагавраа хариуцах ёстой. Бид үүнд маш хатуу шийдвэртэй тэмцлийг зохион байгуулна гэж бодож байгаа.
-Чухам ямар тэмцэл гэж?
-Гэмт хэргийнх нь үйлдлийг таслан зогсоохын төлөө ажиллана. Бид гэмт хэрэг хийж байгаа хүнийг зүгээр хараад, шүүмжлээд сууж болохгүй. Тэмцлийн ямар хэлбэр байдаг юм, бүгдийг нь судалж үзнэ. Ийм аймшигтай гэмт хэргийг өдүүлж, Монголын ард түмнийг доромжлох ёсгүй. Засгийн газар хэрээс хэтэрлээ. Оюутолгойн гэрээг зас гэдэг үүргийг УИХ-аас авчихаад одоо болтол засаагүй л байна. Дэлхий дээр иргэн бүр нь саятан болсон улс байхгүй. Америкт гэхэд хүн амынх нь нэг хувь нь л саятан. Гэтэл Монголын бүх иргэн тэрбумтан болно гэсэн утгагүй зүйл ярих хэрэггүй. Тиймээс Төрийн өмчийн хороо ард түмнээсээ яаралтай уучлалт гуйж, Засгийн газар алдаагаа засч, буруу зүйл яриад байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай. Ийм байдалтай бид эвлэрч хэрхэвч болохгүй.
-Иргэдэд 550 ширхэг хувьцаа олгоод түүнээсээ тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэнэ гэсэн зүйлийг ярьж байгаа. Үүнийг эдийн засагчид байж болох хувилбар гэдгийг хэдийнэ тайлбарлачихсан шүү дээ?
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нэг хувьцаанд 2010 онд 145 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон байна. Өнөөдрийн байдлаар нийт үнийнхээ 10 хувьд нь тэнцэх хэмжээний ногдол ашиг олгосон байгаа юм. Үүнийгээ 12 сард хуваахаар сард 0.8 хувийн хүү олгосон байна. Тэгэхээр ийм зохиомол зүйлийг сурталчилж болохгүй. Хувьцаа ашигтай гэж иргэдийг турхиж болохгүй.
-Дотоодын компаниудад 10 хувийн хувьцаа олгохоор байгаа. Үүнийг та мөн эсэргүүцэж байгаа юм уу?
-Компанитай хүмүүс давуу эрхийн хувьцаа эзэмших нь иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Иргэдэд олгох 550 ширхэг хувьцаагаар хэдэн зуун сая төгрөгтэй болно гэдэг хүмүүсийг доромжилж байна гэсэн үг.
-Та гэмт хэрэгтэй тэмцэж, тэмцлийн хэлбэр сонгоно гэсэн. Тэгэхээр танай намын зүгээс ямар арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм бэ?
-Намын зүгээс нэрээ бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж байна. Харин би УИХ-ын гишүүн, уул уурхайн мэргэжилтэй хүний хувьд энэ асуудлыг хөндөж байгаа юм.
-МАХН удахгүй нэрээ авах эсэхээ шийднэ. Харин улс төрийн отгон намын хувьд та бүхний хийх дараагийн үйл ажиллагаа, алхам юу байх вэ?
-Хийх ажил асар их байна. Гурван жил сөрөг хүчингүй явлаа шүү дээ. Ардчилсан парламенттай улс гэчихээд парламентад нь ямар ч ардчилал алга. Ардчиллаас ухарсан гэдгээ зарим нам хоёр дахь удаагаа зарлалаа. Нэгэнт сөрөг хүчингүй юм чинь ротаци ч явуулаад хэрэггүй юм байна гээд үзээд эхэлчихлээ. Тэгэхээр манай намын цаашдын хийх ажил бол ардчиллын үнэт зүйлийг яаж сонгодог утгаар нь хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэл рүү л эхний алхам хийнэ гэж бодож байна.
-МАХН тэгвэл үнэхээр хүчтэй сөрөг хүчин байж чадах уу?
-Чадалгүй яахав. Огт сөрөг хүчингүй улс төрийн орон зай бидэнд олдож байгаа маш том боломж. Бас ирээдүй ч харагдаж байна.
-Бусад нам, эвсэл хөдөлгөөний гишүүд Н.Энхбаярыг дарга байхад элдвээр хэлж, Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй гэдэг байсан. Гэтэл одоо хөдөлгөөн байгуулаад нэгдчихлээ. Тиймээс та бүхэн нэг зорилготой байж чадна гэж үзэж байна уу?
-Улс төрд аливаа нэг асуудал, цаг хугацаа өнгөрч, дараагийн шинэ асуудалд эвсч, нэгдээд явах бололцоо нээлттэй байдаг. Өмнө нь болсон процессыг мөнхийн зөрчлийн сэдэв болгож болохгүй. Энэ бол улс төрд байдаг л хэм хэмжээ юм.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин