Н.Сувд: “Мөнгөн мод” бол үзэгчдийн шагнал

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Н.Сувд: “Мөнгөн мод” бол үзэгчдийн шагнал

2010 оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.  “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” номинацийн эзнээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, тус театрын дэд захирал, Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувд тодорсон юм. Улсын драмын эрдмийн театрын 2010 оны шинэ бүтээл болох Красногоровын “Хунгийн дуу” драмын жүжгийн гол дүр Аннагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд тоглон дүрийг дотоод сэтгэлийн мэдрэмжийг танин мэдэрч, чадварлагаар нээн харуулсны учир ийнхүү “Мөнгөн мод” цомын эзэн боллоо.
Тэрбээр тайзан дээр шагналаа гардан авахдаа “Энэ шагнал бол зөвхөн надад өгч байгаа шагнал бус манай драмын театрын нийт жүжигчид, уран бүтээлчдийг урамшуулж байгаа шагнал аа гэж би хүлээн авч байна. Энэ бол зүгээр ёс төдий үг биш шүү. Яг жинхэнээсээ би тэгж хэлж байна. Яагаад гэхээр өнгөрсөн онд бид нар Красногоровын долоон жүжгийг энэ тайзан дээр тоглож, энэ долоон жүжигт театрын нэг ч жүжигчин үлдэхгүйгээр бүгд оролцож тоглоцгоосон. Тэгээд тэр дундаас миний нэр дэвшиж энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Манай театрын хамт олон өнөөдөр Сэлэнгэ аймагт тоглолтоо хийж байгаа. Би өчигдөр бас энэ “Хунгийн дуу” жүжгээ Сэлэнгэд тоглоод өнөөдөр өглөө энд ирж байгаа юм. Тийм учраас манай уран бүтээлчид соёл урлагаар ард түмэндээ үйлчлэх энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа шүү. Та нарт их баярлалаа. Бид та нарын төлөө, үзэгчид олныхоо төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байх болно оо” хэмээн хэлсэн юм.

“Мөнгөн мод” цомын эзэн төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувдтай уулзан ярилцлаа.

-Энэ сайхан “Мөнгөн мод” шагналыг хүртсэнд юуны өмнө баяр хүргэе. Бидэнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Их баярлалаа. Энэ бол шүүгчдээс гадна үзэгчдээс өгч байгаа том шагнал гэж би бодож байна. Энэ жилийн шагнал авч байгаа хүмүүс маань залуу уран бүтээлчдээс эхлээд үнэхээр соёлын өвийг тээгч болж бидний дунд өнөөдөр хөдөлмөрлөж багшилж байгаа Нанжид гуай маань энэ шагналыг авлаа. Эдний дунд би байгаадаа маш их баяртай байлаа. Манай урлагийн салбар гэдэг бол бүх насаараа үзэгчдэдээ үйлчлэх ийм салбар юм. Өнөөдөр шагнал авч байгаа залуучууддаа би их баярлаж байна. Өнөөдөр уран бүтээлээ хийж байгаа залуучуудад өгч байгаа том үнэлгээ бол маш их эрчим хүч зориг тэвчээрийг өгөх байх аа гэж найдаж байна. Тийм учраас уран бүтээлээ хийж байгаа залуучууддаа их амжилт хүсэн ерөөе. Нанжид гуай шиг ная хүрсэн ч уран бүтээлдээ үнэч байж хөдөлмөрлөөрэй гэж хүсэн ерөөж байна. Үзэгчдэдээ их баярлалаа. Тэднийхээ энэ сэтгэлийн дэмжлэг, алга ташилтаар эрч хүч авч та нартаа үйлчилж ажиллаж хөдөлмөрлөж байдаг. Та нарын төлөө зүтгэхэд бэлэн байна аа.

-Драмын театр энэ жил 80 жилийнхээ ойтойгоо золгож байгаа. Таны хувьд “Хунгийн дуу “ драмын жүжигт өнгөрсөн жил тоглосон. Энэ жил ойдоо зориулаад ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих уу?
-Би ойн комиссыг удирдаж байгаа учраас уран бүтээлийн биш бусад олон ажлыг хийнэ. Арваннэгдүгээр сард бид нар 80 жилийн ойгоо хийнэ. Ойгоо угтсан маш олон ажил төлөвлөсөн энэ ажлуудаа хийх гэж бид нар ажиллаж мөн хийж байна. Энэ өдөр манай театрын хамт олон Сэлэнгэ аймагт өчигдөр нээлтээ хийн тоглож байгаа. Өчигдөр би тэнд тоглоод өглөө энд ажилтай гээд тэндээс гараад хүрч ирээд байж байна. Манай уран бүтээлчид тэнд театрын өдрүүдээ хийж тайлан тоглолтоо хийж байгаа. Үзэгчид маань маш их халуун дотноор хүлээж авсан. Энэ жил Сэлэнгэ аймаг 80 жилийн ойгоо хийж байгаа. Нас чацуутан аймаг тийм учраас бид хоёр театр хамтран ажиллаж тэнд тавьсан С.Сүхбаатарын уран бүтээл энд найруулагчийн шагналыг авсанд бид их баяртай байна. Маргааш тэр уран бүтээлийг манай жүжигчид маань үзнэ. Ингээд хамтарсан хоёр театрын уран бүтээлчдийн халуун ярилцлага тэн.д болно. Аль ч салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид маань хамтран ажиллаж хамтран бүтээж байдаг. Энэ уран бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлье. Амжилт хүсье.

-Аннагийн дүр таны хувьд тайзан дээр нэг хэсэг тоглоогүй байж байгаад хийсэн уран бүтээл гэж бодож байна.
-Би ер нь нээх их олон жүжигт тоглодоггүй ш дээ. Цаг зав муутай байдаг учраас нилээн зайтай уран бүтээлүүд гардаг. Гэхдээ гарч байгаа уран бүтээлүүдээ аль болохоор үзэгчдийн сэтгэлд хүрсэн, уран чадварын өөрийн байгаа хэмжээндээ тултал хийн ажиллаж үзэгчдэдээ бэлэг барья аа гэж хичээж байдаг. Миний энэ хөдөлмөр маань талаар болдоггүй. Миний уран бүтээлийг сайхан хүлээж авч байдагт нь үзэгчдэдээ их баяртай байдаг.

-Та энэ бүтээлээрээ тун удахгүй болох “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа.
-“Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигч”-нд  нэр дэвшиж байгаа. Гэхдээ маш олон залуу уран бүтээлчид. Өнгөрсөн онд манайх Красногоровын долоон жүжгийн тавьсан шүү дээ. Театрын нэг ч ажилчин шинэ ажил хийлгүй өнжөөгүй. Бүгд шинэ уран бүтээлүүдийг хийсэн. Тиймээс бид нар “Гэгээн муза”-д шилж сонгож байгаад гурван уран бүтээл нэр дэвшүүлсэн. Гурван уран бүтээлд орсон уран бүтээлчид минь нэр дэвшсэн.  Хэн нь ч авч магадгүй. Гэхдээ ер нь чадаж л байгаа бол, ажиллаж л байгаа бол зохих түвшиндээ хийж байх үүрэгтэй. Чи ная хүрсэн байна уу, найман настай байна уу тэр хамаа байхгүй. Бид үзэгчдийн шаардлага хангасан тийм уран бүтээлийг л хийх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. “Гэгээн муза”-гын өдөр л харья.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж