Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Булган аймгийн төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзсаны дараа тус аймгийн Хутаг-Өндөр суманд ажилласан. Тэрээр Сумын иргэдтэй уулзалт хийж, тэдний  санал бодлыг сонсч, улс эх орны чухал асуудлаар ярилцсаны дараа Хөвсгөл аймгийг зорилоо.
Зам зуур Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Хонинхүүгийнд зочиллоо.  Малч удамтай,  аймгийн аварга малчин Д.Хонинхүү гуайнх өвлийг өнтэй давж, одоо сайхан хаваржиж байна.
Энэ жил орон нутгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт сайхан боллоо гэж нутгийн удирдлага ярив. Тосонцэнгэл сум 1000 гаруй өрх, 203 мянган толгой малтай. Зундаа хур элбэг, өвсний гарц сайн байсан, малчид ч өвлийн бэлтгэлээ дориун хангасны дүнд малын хорогдол гараагүй гэж сумын Засаг дарга С.Эрдэнэтуяа ярив.
“Санаа зовоож буй хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, бэлчээрийн даац хэтэрч байна. 80 мянган бог бэлчээрлэх даацтай гэж тооцоолсон газарт одоо 300 мянган бог бэлчиж байна. Өөр нэг хүндрэлтэй асуудал бол усан сан. Бид худаг усыг нэмж гаргахад дэмжлэг хүссэн бичгээ холбогдох газруудад явуулсан. Мөн 1960-аад оны үед 320 хүүхдийн суудлаар тооцоолж барьсан сургуулийн барилга муудаж, ачааллаа даахаа больжээ. Анги танхимын хүрэлцээгүйгээс хүүхдүүд нэмэлт хичээл хийх, дугуйлан секцэд хамрагдах аргагүй байна. Сургуулийн асуудлыг маш удаан хугацаанд ярьж байгаа. Ийм учраас Ерөнхийлөгч та болон таныг дагалдан ажиллаж байгаа хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авна уу” гэж сумын Засаг дарга хүслээ.
Сургуулийн байрыг яаралтай судалж шийдвэрлүүлэх асуудал мөн гэж холбогдох албаны хүмүүс хэлэв. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай ойрын хугацаанд суманд худаг шинээр нэмж гаргахад дэмжлэг үзүүлэхээр болов.
“Жирийн малчин миний гэрт Төрийн тэргүүн ороод ирсэнд 7 хүүхэд төрүүлж өсгөсөн өрхийн тэргүүн  би их билэгшээж байна. Манай нутагт 1968 оноос хойш төр засгийн тэргүүн ирээгүй санагдаж байна” гэж Д.Хонинхүү гуай талархлаа.
Ерөнхийлөгч малчин Д.Хонинхүүгийнд түр зочилсны дараа, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг зорив.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж