“Grand Lady” өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Grand Lady” өнөөдөр тодорно

Монголын сэтгүүл зүйн салбарт шинээр мэндэлсэн, зургаан дугаар уншигчдынхаа гар дээр тавиад буй “Гранд” сэтгүүл Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан “Grand Lady-2010” шилдэг эмэгтэй лидер шалгаруулах ёслолын арга хэмжээг өнөөдөр 19.00 цагт “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Домогт Ану хатан, суут Сэцэн Мандухайгаас авахуулаад харьшгүй зориг, хатан ухаантай Монгол эмэгтэйчүүд эр нөхөр, эх орондоо түшиг болж ирснийг түүх өгүүлдэг. Тэгвэл тэд 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болж байна. Чухам тэдгээр агуу удирдагч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах нь “Grand Lady” ёслолын ажиллагааны зорилго бөгөөд Улс төр, Урлаг соёл, Бизнес, Спорт, Хүмүүнлэг гэсэн 5 номинацид тус бүр тав буюу нийт 25 эмэгтэйг “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс номинаци тус бүр дээр нэг, нэг “Grand Lady” олон нийтийн  санал асуулгаар тодорч өргөмжлөл, цом гардана. Энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан  урлагийн бүрэн хэмжээний тоглолт, 100 хүний хүлээн авалт болох юм байна. Тоглолтын хөтөлбөрт Ардын жүжигчин,  А.Долгор, Гавьяат жүжигчин  Г.Эрдэнэбат, морин хуурч П.Тэмүүжин, “Нюанс” хамтлаг, “Арга билэг” хамтлагийн бүжигчид, ХБК-ийн хийл, камерны оркестр зэрэг уран бүтээлчид оролцож, шилдэг эмэгтэйчүүдийн баярыг хуваалцана.

“Grand Lady-2010” шилдэг эмэгтэй лидер шалгаруулах ёслолын ажиллагааны зорилго нь эмэгтэй удирдагчдын нийгэмд бүтээж буй баялаг, хийж буй ажил, амжилтыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна хүмүүнлэгийн “Grand lady” сайн дурын клуб байгуулж, цаашид хүмүүнлэгийн салбарт хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийг дэмжих, алдаршуулах зорилготой юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж