“Формула 1”-ийн нисэгчид бүрэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Формула 1”-ийн нисэгчид бүрэн тодорлоо

“Формула нэг”-ийн шинэ улирал эхлэх тун дөхсөн энэ үед “Hispania Racing” баг 2011 оны улиралд багийг нь төлөөлөх нисэгчийг албан ёсоор танилцууллаа. Тэр нь Итали нисэгч Витантонио Лиуцци байх ажээ. Ингэснээр ирэх улиралд “Формула нэг”-ийн уралдааны талбарт өрсөлдөх 12 багийн нисээгчид бүрэн тодорч байгаа юм.

2008-2010 оны хугацаанд “Force India” багт харьяалагдаж байсан 29 настай итали залуу багаасаа чөлөөлөгдөөд байсан бөгөөд цаашид F1-т хоёр дахь жилдээ хурд сорих гэж буй “Hispania” багт Нараин Картикеяны хамт уралдах болж байна. 2008 оноос өмнө Луицци 2006 болон 2007 онд “Toro Rosso”-гийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд 2007 оны Хятадын гран-при болон 2010 оны Солонгосын гран-прид зургадугаар байрт шалгарч байсан нь түүний оргил амжилт юм.

Витантонио Луиццигийн талаар “Hispania” багийн захирал Колин Коллес “Би Тониог олон жилийн өмнөөс мэднэ. Бид өмнө нь доод ангилалд хамт уралдаж байсан. Түүнийг манай багт олон давуу тал авчрах туршлагатай нисгэгч гэж бодож байна” хэмээжээ. Харин Луицци өөрөө “Hispania Racing багтай гэрээ байгуулсандаа баяртай байна. Формула нэгт уралдах хүсэл мөрөөдлөө би хэзээ ч орхиж байгаагүй. Харин одоо надад шинэ өрсөлдөөн ирж байна” хэмээн ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, эдгээр өдрүүдэд Барселона хотноо улирлын өмнөх туршилт уралдаанууд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд сорилгын хоёр дахь өдөр буюу өчигдөр дэлхийн аварга Себастьян Веттель хамгийн хурдан цагийг үзүүлсэн байна. “Red Bull”-ийн нисэгч тэрбээр нэг минут 21,865 секундын амжилт үзүүлжээ.

“Формула нэг”-ийн шинэ улирал энэ сарын 27-нд Австралийн гран-при уралдаанаар эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж