МАХН-ын нэрийг авах бүрэн боломжтой юу

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

МАХН-ын нэрийг авах бүрэн боломжтой юу

МАХН намын бүртгэлтэй холбоотой асуудлаар тус намд хуулийн зөвлөгөө үзүүлж буй  хуульч О.Баасанхүүгээс  дараах тодруулгыг  авлаа.

-МАХН-ын  нэрийг бүртгүүлэх асуу­далд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа гэж сонссон. Ирэх долоо хоногт Дээд шүүхээс ямар хариу ирүүлэх бол?

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу Дээд шүүхээс энэ сарын 15-нд буюу нэг сарын дотор хариу  өгөх боломжтой. Харин Улс төрийн намын тухай хуулиар ажлын 30 хоногт шийдвэрлэх ёстой гэсэн заалт байдаг тул ирэх долоо хоногийн даваа гариг шийдвэр гаргах эцсийн хугацаа биш байж болно.

-Таны бодлоор Дээд шүүх МАХН-ыг бүртгэх болов уу?

-Бүртгэлийн хувьд миний бодол чухал биш, харин хамгийн гол нь хуульд заасан үндэслэлээр татгалзах уу, эс татгалзах уу гэдэг хамгийн чухал юм. Улс төрийн намын тухай хуулийн 10-р зүйлд намыг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг маш тодорхой зааж өгсөн. Дээд шүүхээс нам бүртгэх журмыг өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд баталсан. Энэ журмын 58 дугаар зүйлд “Бүртгэлийн баримт бичгийг хүлээж авсан шүүгчийн туслах бүрдлийг нь шалгаж, дутуу зүйлийг гүйцээж бүрдүүлэх талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. Хүсэлт гаргагч шаардлагыг биелүүлээгүй явдалд хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан. Тиймээс одоогоор Дээд шүүхээс ямар нэгэн зүйлийг өөрчлөх, шинээр нэмэлт материал авчрах ёстой гэж мэдэгдээгүй. Тиймээс нэг сар гаруй хугацаанд шалгагдаад хуралдаанд орж байгаа тул илтгэгч шүүгчийн санал илүү давуутай байх болов уу гэж найдаж байгаа.  

-МАН-ын зүгээс МАХН-ыг бүртгэх ёсгүй гэж удаа дараа мэдэгдсээр байгаа шүү дээ?

-Мэдээж МАН-ын мэдэгдэл, мэдээлэл, ялангуяа хуульчдын баримталж буй байр суурийг маш анхааралтай уншиж, судалдаг. Гэвч үнэндээ хуульч хүний хувьд МАН-ын байр суурьтай санал нийлэх боломжгүй юм. Учир нь хууль гэдэг нь Үндсэн хуулиар тодорхойлогдсон үнэт зүйлсийг бататган хамгаалах заавал биелэгдэх шинж бүхий хэм хэмжээний  нэгдэл гэж үздэг. Тиймээс эрх мэдэлтэй хүний хэлсэн үгээр бус, харин тухайн эргэлзээтэй байгаа заалтыг үг өгүүлбэр бүрээр нь нягтлан үзэж уг хэм хэмжээг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягтласны эцэст шийдвэрийг гаргах үүрэгтэй байдаг. Нэг өнцгөөр тайлбарлавал Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д тухайн нэрийг хэрэглэж болохгүй гурван субъектийг зааж өгсөн. Үүнд тухайн намын гишүүн, иргэн, хуулийн этгээд гэж. Гэтэл энэ гурван субъект гурвуулаа нэртэй учраас нэр давхцуулан авахгүй байх гэдэг нь онолын хувьд зөв шүү дээ. Жишээ нь МАН гэсэн нэртэй байж МАХН гэсэн нэртэй байж болохгүй, Дорж гэсэн нэртэй байж Дондог гэсэн нэрийг авч болохгүй, Эрдэнэ ХХК байж, Баялаг ХХК гэдэг нэрийг давхцуулан авч болохгүй шүү дээ. Харин энэ иргэдийн одоогийн нэгдэл нь улс төрийн намын тухай хуулийн 4-р зүйлээр тодорхойлогдсоны хувьд МАХН гэсэн нэрийг авах хуулийн бүрэн боломж бий. Улс төрийн намын тухай хуулийн 6.3 гэсэн заалтыг Үндсэн хуулийн Цэц дээр хүчингүй болгосныг хүн бүр мэдэж байгаа. Өнгөрөгч  2005 оны аравдугаар  сарын 13-ны УИХ-ын хуралдааны тэмдэглэлийг харахад Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Болдбаатар нэрийг өмчлөхгүй байх үндэслэлийг маш сонирхолтой тайлбарласан байдаг юм. Аль нэг намын хуучин солигдсон нэрийг авч болохгүй гэж үзэж байгаа нь бусдын эвлэлдэн нэгдэх эрхийг шууд хязгаарлаж байна гэж дүгнэсэн. Учир нь нэг нам нэрээ солиход тухайн нэрийн  өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй өөр бусад иргэд байж болно. Тэд хуучин нэрээрээ дахин нэрээ бүртгүүлэхэд уг иргэдийг хуулиар хязгаарлаж байгаа нь өөрөө эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэж үзэх бүрэн үндэстэй. Иймээс шийдвэр гарах ёсгүй гэж буй хүмүүс УИХ-ын хуралдааны 2005 оны аравдугаар сарын 13-ны  47 дахь хуудсыг дахин нэг харах хэрэгтэй болов уу. Уг хуралдаан дээр яригдсан байр суурь нь хууль тогтоогчдын албан бус тайлбар гэж  үзэх бүрэн үндэс бий. Тэгээд ч өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгааралсан зүйл байхгүй.

-Яагаад?

 -Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр зүйл мөн наймдугаар зүйлийг харвал намын нэрийг эхлээд заавал De Facto байдлаар хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Нэгэнт энэ шаардлага хангасан тохиолдолд De Jure болгохгүй гэх үндэслэл байж болохгүй. МАХН гэсэн нэрийг авах шийдвэр нь 801-ээс дээш тооны хүмүүсийн шийдвэр гэдэг нь хамгийн чухал бөгөөд тэд хуулийн этгээд биш, хувь хүн биш, МАН-ын гишүүд бүр биш шүү дээ.

-Гэвч Дээд шүүхээс энэхүү намыг бүртгэхгүй бол таны дараагийн алхам юу вэ?

-Дээд шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага мөн. Гэвч “Хуулийн  этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн долоо дахь хэсэгт заасны дагуу Улс төрийн намыг бүртгэх асуудал дээр захиргааны байгууллагын эрх мэдлийг Дээд шүүхэд давхар олгосон. Тиймээс шүүх эрх мэдэл гэхээсээ илүү захиргааны байгууллагын чиг үүргийг түлхүү хэрэглэх үүднээс хүсэлт гаргаж буй талын бичиг баримтыг шийдвэр гаргахаас өмнө нарийн нягтлан үзэж, дутагдал байгаа бол урьдчилан засуулах, хэрэглэх гэж буй хууль нь Иргэний хуулийн 3.1-д заасны дагуу  Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл  хэрэглэхгүй байх эсвэл Үндсэн хуулийн Цэцэд хандан шийдвэрлүүлэх, мөн эргэлзээтэй заалт байвал өөрийн эрх мэдлийн дагуу нэг мөр тайлбарлсаны эцэст аль нэгэн шийдвэрийг гаргах болов уу гэж би бодож байна.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж