Ерөнхий прокурор даалгавар хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор даалгавар хүргүүллээ

Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн семинар зөвлөгөөн өчигдөр болж  Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Монголчууд шударга төртэй байхдаа хүчтэй”, Прокурорын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд ба зорилтууд сэдвээр  илтгэл тавилаа. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Саяхан Прокурорын бай­гуул­лагын ажлыг эрчим­жүүлэх талаар шат шатны прокуроруудад  даалгавар өг­­сөн гэсэн энэ талаар тодруулаач?

-Прокурорын байгууллагын тухай хуулийн арваннаймдугаар зүйлийн 18.1  дэх хэсэгт зааснаар  прокуроруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бүх шатны прокуроруудад даалгавар хүргүүллээ.  Үүнд мөрдөн  шал­гах ажиллагаанд тавих хяналт  ажлын чиглэлээр мөн тамгын хэлтсийн үйл ажил­лагааны чиглэлээр  тодорхой даалгавар хүргүүлсэн. Энэ жил Прокурорын байгуулллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр боловсруулж,  үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, удирдамжийн баримт бичиг заавар журмуудыг шинэчилж,  байгууллагын бүтэц, орон тоо, ажлын чиг үүргийг өөрчилсөн. Мөн прокуроруудын үйл ажил­лагаа, мэргэжлийн түвшинг тог­тоох шалгалтыг улсын хэмжээнд авч дүнг Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан байгаа. Прокуроын ёс зүйн дүрмийг Ерөнхийлөгчөөр батлуулан гаргасан

-Прокурорын байгууллага хүнд сурталтай гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд бий. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувь таны байр суурийг сонсвол?

-Ер нь прокурорын бай­гууллагад хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчих, хууль бус шийдвэр гаргах, бусдын нөлөөнд автах болон  хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй асуудлыг шийдвэрлэхдээ олон шат дамжлага гарган бусдыг чирэгдүүлдэг хүнд суртал гаргадаг зөрчил дутагдал амь бөхтэй оршсоор байгаа. Прокуроруудын мэдлэг боловсрол ёсзүй,  ажлын ур чадвар зарим талаар шаардлага хангахгүй байна. Хэргийг түтгэлзүүлэх нэрээр дарагдуулах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт сул зэргээс  дүгнэлт хийж хүний эрх эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, эрхзүйн шинэтгэлийг нэн даруй хийх шаардлагатай байгааг харгалзан бүх шатны прокуроруудад даалгавар хүргүүлж энэ удаагийн зөвлөгөөнөөр  газар, хэлтсийн дарга нар прокурорын хяналтын ажлын чиглэлээр семинар өгч энэ онд болон цаашид баримталж ажиллах бодлогын шинжтэй асуудлуудаа тодорхойлох юм. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнд харъяа прокурорын газрудын орлогч прокурор, Нийслэлийн прокурорын газрын туслах прокуроруудыг оролцуулж асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж