Алтангадас мөнгөтэй, Х.Баттулга ”Түц”-тэй

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Алтангадас мөнгөтэй, Х.Баттулга ”Түц”-тэй

Эрхээ хасуулсан 1/3 буюу ээлжит сонгуулийг үгүйсгэх нь

Өмнө нь ийм жүжгийг хуучин МАХН-ын хурал дээр л хардаг бай­сан­сан. Хэзээд л хаалттай хаалганы цаана, ханцуй дотроо тохирч, дар­­га нарынхаа дохио зангаагаар асууд­лаа шийдээд сурчихсан, санал зөрөлд­лөө, асуудал хурцадлаа ч цээжнийхээ утааг хамрын нүхээр гаргадаггүй, “намын эв нэгдэл” гэдэг үгээр бүхнийг халхавчлан дарж чаддаг МАХН-ынхан гэнэт нэг өдөр хаалга үүдээ нээж, сэт­гүүлчдийг урьж залж байгаад Бага хурлаа нээлттэй хийж, намын нэрийг солих тухай ихээхэн эрсдэл дагуулсан шийдвэрийг эв нэгдэлтэйгээр гаргасан билээ. Уг нь урьд өмнө тогтсон жишгээр бол ийм том асуудлыг сэтгүүлчдийн дуран дор биш, харин намынхаа цагаан ордны хаалгыг дангинатал түгжээд, харуул хамгаалалт гаргаад Удирдах зөвлөлийн хараан дор хонон өнжин хуралдаж шийддэг байсан юм.

Уржигдар Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, урьд өмнө жил бүр явуулж ирсэн ҮЗХ-ны ээлжит сонгуулийг болиулав. Анх 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулахдаа ҮЗХ буюу намын эрх барих дээд байгууллагын “цусны эргэлт”-ийг сайжруулахын тулд ҮЗХ-ны ээл­жит сонгууль буюу ротацийг жил бүр явуулж, гишүүдийн гуравны нэгийг шинэчилж байхаар на­­­мын дүрэмдээ тусгасан юм. Тат­­­­вараа төлөөгүй буюу харьяа намын хороодынхоо ажилд анхаа­­­­рал тавиагүй, идэвхи муутай ажил­­­­ласан нөхдүүдийг ротацид оруулж, гарсан орон дээр нь нөхөн сон­­­­гууль явуулдаг байсан юм. Мэ­дээж ҮЗХ-ны нийт гишүүдийн гурав­ны нэгээс хэтрүүлэхгүйгээр. Рота­цийн сонгуулийг жил бүр явуул­даг боловч сонгуулийн жилд явуул­даггүй. Энэ нь сонгууль ойртсон үед нам доторх зөрчил тэмцлийг хурцатгахгүйн үүднээс. Гэхдээ л дөрвөн жилийн дотор ҮЗХ-ны бүх гишүүдийг нэг удаа ротацид оруулах боломжтой гэсэн үг.

Тиймээс 2008-2012 оны сонгуулийн жилийн сүүлийн ротацийг энэ сарын 20-ноос эхлэн явуулах ёстой байв, аймаг орон нутгийн намууд тус бүр дээр. Гэвч уржигдархан болсон ҮЗХ-ны хурлаар энэ удаагийн ротацийг хүчингүй болголоо. Шалтгааныг нь мэдээж “Сонгууль дөхөж байхад нам доторх эв нэгдлийг хангах, дотоодын хагарал үүсгэхгүйн тулд” хэмээн тайлбарлаж байгаа. Мөн удахгүй намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх учир түүнээс наана дээрх “хагарал”-ыг өдөөх шаардлагагүй гэнэ.

Учир нь намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ­бат, УИХ-ын гишүүн З.Энхболд нарын орсон ажлыг хэсэг дүрмийн өөрчлөлтийг боловс­­­­руулж, гишүүдээр хэ­лэл­­­­­­­­­цүүлж эхлээд байгаа бөгөөд энэ өөрчлөлтөөр рота­цийг бүрмөсөн үгүй болгох юм байна. Үүний оронд ан­хан, дунд, бүх шатны намын хурлуудаас орон нутгийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шал­­­­­га­­­руулах бөгөөд ҮЗХ-г мөн тэндээс бүрдүүлэх аж. Сонгуулийн хуулийн өөрч­­­лөлтөөр орон нутгийн сон­гуулийг УИХ-ын сон­гуультай нэгэн зэрэг явуулах тул нийт­дээ 11000 орчим нэр дэвшигчийг анхан, дунд шат­­­ны намуудаас гаргаж, тэд­­нээс өрсөлдүүлэн ҮЗХ-ны гишүү­дийг сонгох юм байх. Үүний хамт ҮЗХ-ны орон тоог нэмэгдүүлж 400 орчим болгох тухай ч сураг дуулдаж байна. Энэ бол ротацийг хүчингүй болгосноо цагаатгаж буй “онол”. Харин практик дээр бол арай өөр харагдаад байна.

Хэдхэн хоногийн өмнө ҮЗХ-ны хурлыг хурал­­­дуу­­лахаар ҮЗХ-ны гишүүд гарын үсэг цуглуулж эхлэх үед гарч байсан хов живийг санаж байна уу. “Алтангадасынхан энэ удаагийн ротацийн сон­­гуулийг бүхэлд нь худалдаж авсан байна. Ротациар орж ирэх 3/1 бүгд Алтангадасын хүмүүс байх нь. Тиймээс МоАХ, МҮДН-чүүд үүнийг эсэргүүцэн ротацийн сон­гуулийг явуулахгүй байхаар гарын үсэг цуглуулж эхэллээ” гэж. Гарын үсэг цуглуулсан нь ч үнэн, тэнд нь 155 хүн мутраа хайрласан нь ч үнэн. Харин хэн гарын үсэг зурсан бэ, юуны төлөө вэ гэдэгт огт өөр хариулт гараад байна.

ҮЗХ-ны сонгуулийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэгэн эрхэм Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргад “Чамайг Д.Ганхуяг гур­ван жил тэжээлээ, энэ нам­тай чинь цуг. Одоо түүн­тэй чинь тэнцүү мөнгө өгье, сонгууль хүртэлх бүх зард­лыг чинь даана” гэж амласан сурагтай. Ядаж байхад тэр нь Алтангадасынх. Тиймэр­хүү наймаагаар л энэ удаа­гийн ҮЗХ-ны хурлын шийд­вэр гарсан бололтой. Тэр ч байтугай ҮЗХ-ны олон­­­хийг бүрдүүлдэг гэгдэж байсан МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга хүртэл “Алтангадасынхан мөнгөтэй байна, минийх хажууд нь “ТҮЦ”-ний задгай мөнгө бол­жээ” хэмээн санаа алдаж явсан гэх. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч байсан ҮЗХ-ны хуралд оролцсон 170 гаруй гишүү­­­нээс дөнгөж гурав нь л ротацийг явуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ.  Алтангадаст нь ч, МоАХ, МҮДН-д нь ч багтдаггүй залуу­­чуудын фракци буюу “Нэг ардчилал”-ынхан харин “Намын дүрмийн өөрчлөлтийг дэмжиж байгаа учраас том эрх ашгаа бодоод эсэргүүцээгүй” гэсэн тайлбарыг хийж байна.

Ингээд Ардчилсан намын “том эрх ашиг”-ийн төлөөнөөс энэ удаагийн ротацийн сон­­гуульд оролцох хүсэлтэй, орол­цох эрхтэй 3/1-ийн өмнө хаалга хаагдав. Цаашлаад ирэх сонгуульд нэр дэвших эрх нь ч будаа болно гэсэн үг. Учир нь УИХ-д зөвхөн ҮЗХ-ны гишүүдээс нэр дэвших эрхтэй. Хэдийгээр намын дүрмийн шинэч­лэлээр асуудал илүү нээлттэй болно, орон нутгийн намууд анхан, дунд шатнаасаа нэр дэвшүүлнэ гэж байгаа боловч дүрмийн өөрчлөлтийг намын Их хурлаар батлах ёстой. Харин намын Их хурлыг ирэх 2012 онд, сонгуулийн өмнө хийхээр намын дарга нь саяхан цэргүүдтэйгээ гар хөлийн үсэг зуралцаад, тэврэлдээд байсан. Ингээд Ардчилсан намын ҮЗХ-ны 228 гишүүн өөрсдийгөө “мөнхийн” ҮЗХ болгож, ядах­даа л ирэх сонгууль хүртэл дарх­лаад авлаа. Үүнийг их ойлгомжтойгоор хэлэх юм бол одоо УИХ-д сууж байгаа 76 нөхөр хэлэлцээд “Ирэх 2012 оны сонгуулийг хийхээ больё оо, үргэлжлүүлээд л суугаад байя. Дахиж хагаралдаад яах вэ, улс орныхоо ч эв нэгдлийг бодьё” гэсэнтэй агаар нэг билээ. Сонгууль явуу­лахаа больё гээд гарын үсэг цуглуулбал уралдаад л зурна биз дээ. Гэвч хууль гэж нэг юм байна. Намын дүрэм ч гэсэн нэг ёсны хууль. Намын Их хурал нь хуралдаж, дүрмээ өөрчлөөгүй цагт дүрэм дүрмээрээ л үйлчлэх учиртай баймаар.

Ардчилсан намын дарга аль дүрмээр тоглоод байна?

Алдарт МАН-ын яруу ал­дарт 90 жилийн саяхан болж өнгөрсөн. Баярын өмнөх өдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тухай “Ээ дээ, цаадах чинь маргааш МАН-ын баяр дээр очоод С.Батболдтой тэврэлдээд зогсч байх вий” гэсэн нэг болгоомжлол яваад байсан юм. Тэгээд ерөөлтэй юм ерөөлөөрөө болж, Н.Алтанхуяг дарга МАН-ын 90 жилийн ойд очиж, мэндчилгээ дэвшүүлсэн. “Хам­тар­­на гэдэг амар юм биш, хайр­­­­лаж гамнах учиртай” гэх мая­­­гийн утгатай юм ярьсан. Гэвч өнөөг хүртэл Ардчилсан намын баяр дээр очоод гар хөлийг нь бариад зогсч байгаа МАХН-ын даргыг харсан хүн байна уу, С.Батболд өөрийн биеэр очиж мэндчилгээ дэв­­­­шүүлэх үү? Эргэлзэж бай­­на. Үүнийг өгүүлсэн нь ханцуй дотроо хутга нуугаад, хөмхийгөө зуугаад явах ёстой гэсэн үг биш л дээ. Зүгээр Ардчилсан нам хаана явна вэ, Ардчилсан намын бодлого юу билээ гэдгийг олж харах, ялгаж таних гэсэн хүлээлтийн нэг хэсэг. Сүхбаатарын талбайг тэр чигээр нь МАН-ын далбаагаар хулдаж, 1921 оны Ардын хувьсгал, Бодоо, Данзантангаар гул барьсан МАН-ын тэр хэтийдсэн “пиар” дээр Ардчилсан намын дарга очиж, бас нэг хачир болох хэрэггүй л гэсэн үг.

Гэвч Ардчилсан намын бодлогыг илүү тодорхой гаргаж, Ардчилсан намыг Ардчилсан намынх нь байр суурин дээр аваачиж тавиасай гэж хүлээж байсан Н.Алтанхуяг дарга харин ч эсрэгээрээ, МАН-ын дарга нарын тоглоомоор тоглож эхлэв. Бүтэн хоёр жил хоорондоо хэрэлдэж, тамга тэмдгээ хувилж аваад, хоёр тусдаа байранд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан дүүргийн намын дарга нар нь гэв гэнэт эвлэрч, “Намын эрх ашиг, улс орны эрх ашгийн төлөө өөрийн эрх ашгийг золиослов” хэмээн тамга тэмдгээ хураалгаж, намын даргатайгаа тэврэлдэж байгаад зураг хөргөө даруулав. Хууль бусаар авсан тэр тамга тэмдгээ шинээр босох Ардчиллын ордны суурин дор булна, шилэн хоргонд зална ч гэл үү. Нөгөө МАХН-ын XXVI дугаар Их хурал дээр МАН-ын генсек олон жилийн өмнө Түүхийн музейгээс алдагдсан гэх Бодоогийн модон тамганаас адис авч, духаа тамгалдаг шиг юм болж байна.

Эцэст нь  Ардчилсан намыг ардчилсан гэдгийг нь онцолж өгч байсан ҮЗХ-ны ротациас хүртэл татгалзан, гишүүдээрээ гарын үсэг зуруулж тоглов. Шалтгаан нь намын эв нэгдэл гэнэ. Намын эв нэгдлийн төлөө ардчиллын зарчим, дүрэм журам юуг бол юуг золиосолж болох аж. Удахгүй ҮЗХ-ны гишүүд нь намынхаа нэрийг өөрчилье гээд гарын үсэг цуглуулахыг ч үгүйсгэх аргагүй болов. Гэхдээ нэг зүйлийг сануулахад  Ардчилсан нам, Н.Алтанхуяг дарга МАН-ын дүрмээр тоглох гэвэл чадахгүй, зохих ч үгүй. МАН шиг пиар хийхийн тулд МАН шиг зохион байгуулалттай, сахилга баттай, боловсон хүчинтэй, ядаж л У.Хүрэлсүх шиг  генсектэй байх хэрэгтэй. Өнөөг хүртэл Ардчилсан нам өөрийн гэсэн тоглоомын дүрэм, өөрийн гэсэн өнгө төрхтэй явж ирсэн. Түүнтэйгээ илүү амьд халуун, өрсөлдөөнтэй, зөрчилтэй ч гэсэн бодлоготой явж ирсэн. Хэрвээ хэн нэг хүн хожигдохын тулд тоглож байгаа бол өөр нэг тоглоомоор давхар тоглож байна гэсэн үг гэж нэг айхтар үг бий.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж