
Нийслэлд зам тээврийн осол олноор гарч, хэргийг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтах, төрийн цагдаатай зүй бусаар харилцах, гаргасан зөрчлөө хүлээхгүй байх үзэгдэл ихэсчээ. Тиймээс жолооч болон зохицуулагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, мөн тухайн нөхцөл байдалд үүссэн хохирлыг баримтжуулах зорилгоор ЗЦГ-ын нийт бие бүрэлдэхүүнд камертай нүдний шилээр хангасан байна. Уг камер нь дөрвөн цаг бичлэг хийх боломжтой юм байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрнээ шаардлага тавьсан цагдааг хэл үгээр доромжлох бүдүүлэг байдлыг таслан зогсоох, тухайн жолоочийн гаргасан зөрчил гээд бүгд баримттай үлдэнэ гэдгээрээ ач холбогдолтой аж. Эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд төрийн төлөөлөгчийн хууль ёсны шаардлага болоод нийтээр дагаж мөрдөх журмуудыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээх тухай заасан байдаг. Үүний дагуу тухайн бичлэгийг хуулж шүүхэд өгч асуудлыг шийдвэрлэх хэлбэрт шилжихээр болсон байна.
С.Отгон