
–“Гэгээн муза” наадамд хэд дэх жилдээ, ямар бүтээлээрээ өрсөлдөж байгаа вэ?
-Манайх энэ жил анх удаа “Гэгээн муза” наадамд оролцож байна. Драмын жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын найруулагч , соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулга “Та юу хүсээд мэдэх үү?” гэдэг жүжгээр оролцож байна. “Шилдэг найруулагч”-д найруулагч Ч.Түвшин, “Шилдэг зураач”-д манай зураач Эрдэнэцогт, “Шилдэг эмэгтэй гол дүр”-д миний бие, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-д манай театрын жүжигчин Нямдорж гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Бидний хувьд нэр дэвшиж байна гэдэг бол маш том нэр төрийн хэрэг юм. Энэ жил анх удаа оролцож байгаа гэдэгтээ сэтгэл маш хангалуун байгаа.
-Анх удаа оролцож байгаа юм чинь өмнө нь оролцож байсан хүмүүсээс туршлага судалсан байх. Орон нутгийн театрынхан Улаанбаатарт ирээд өрсөлдөхөд хүнд хэцүү ч юм уу бахархалтай зүйлс олон байдаг байх?
-Хамгийн бахархалтай юм нь Улсын драмын эрдмийн театрт ирээд энэ театрын уран бүтээлүүдтэй хамт нэр дэвшиж өрсөлдөж байна гэдэг нь нэр төрийн хэрэг. Бусад драмын жүжгийн төрөлд дөрвөн уран бүтээл дэвшиж байгаагийн гурав нь Улсын драмын эрдмийн театрын уран бүтээл байгаа бол үлдсэн нэг бүтээл нь Архангай аймгийн хөгжимт драмын буюу манай театрын уран бүтээл байгаа. Бид энэхүү наадамд оролцон бүтээлээ шалгуулна гэдэг нь бусад уран бүтээлчдээсээ суралцах маш олон давуу талтай. Бид эрч хүчтэйгээр зоригтойгоор өрсөлдөнө өө.
–Гол найдлага тавьж байгаа зүйл нь юу вэ? Тэр маань л юм дуулгах болов уу гэж байгаа номинаци тань?
-Манайхан гайгүй байх аа. Ер нь бол хүн уралдаан тэмцээнд оролцохдоо унана гэж ордоггүй, ялна л гэж ордог шүү дээ. Манай урлагийн уран бүтээлчдийн давуу чанар нь тэр байдаг болохоор өөрсдөдөө байгаа чадал чансаагаа шавхаж шалгуулж тоглож, оролцоно доо.