
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон “Лиш” хэлэлцүүлгээ хийж, бас ардчиллын төлөө ихийг хийсэн бүсгүйчүүдийнхээ энгэрийг Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”-гоор мялаажээ. Энэ шагналыг өмнө нь эмэгтэй хүн авч байгаагүй тул их л ач холбогдол өгсөн юм байна. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог олон жил тэргүүлж байсан, өдгөө Норовбанзад сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа, Сонгогчдын боловсролын тэргүүн Р.Бурмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын ажилтан Д.Аззаяа, ҮЗХ-ны гишүүн С.Цэлмэг нарыг “Чингисийн одон”-гоор шагнасан аж. Эхний гурван эмэгтэйн хувьд ардчиллын төлөө хийсэн зүйл их тул маргаан гараагүй гэнэ. Харин С.Цэлмэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда нар эсэргүүцэн “Ардчиллын эхний өдрөөс явсан бид аваагүй байхад хэн хаанаас гарч ирээд одон авчихав” хэмээн маргаан дэгдээж ширүүхэн юм болжээ.
Яваандаа маргаан даамжирч Д.Аззаяа авсан одонгоо “Намд нь эргүүлээд өгчихье” хэмээн намынхаа туганд зүүчихээд гарч явсан байна. Ийнхүү бүсгүйчүүд хэн нь ардчиллын анхдагч вэ хэмээн маргалдаж, “Чингисийн одон” дажин дэгдээжээ.
Д.ОЮУН