Баримтыг байгаагаар нь сэтгэж, үгээр ”зурдаг” сэтгүүлч

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Баримтыг байгаагаар нь сэтгэж, үгээр ”зурдаг” сэтгүүлч

Банзарын Ламсүрэн бид хоёр хорьдугаар зууны  хорь гучаад оны зааг дээр төрсөн үеийн хоёр.   Бид Баянхонгорын хүмүүс. Ламсүрэн маань Бууцагаан сумын баруун  талын Өлзийт голд, би Бөмбөгөр сумын хойгуур урсдаг Өлзийт голд төрсөн. Бид  нэг хэсэгтээ хэрээтэй  хоёр морь шиг хэлхэлдэж  явсан хоёр л доо. 1950-иад оны эхээр тэр бээр Бууцагаан сумын, би Бөмбөгөр сумын эвлэлийн үүрийн дарга болсон. 1955 оны намар бид хоёрыг Баянхонгор аймгийн намын хороо нэгэн зэрэг дуудаж авчраад аймгийн намын хорооны зааварлагч болгосон.  Тэгээд 1956 оны хавар  намын хороо бид хоёрыг ганц жижиг   өрөөтэй сууцны  хуучин модон байшинд оруулсан.   Хоёулаа  эхнэр хүүхэдгүй гон бие явсан цаг. Бодох санах юмгүй байж дээ.  Би бүгдийг санаж байна.  Бид хоёрын зан байдал, хүсэл  сонирхол хүртэл ойролцоо. Хоёулаа  ээлжилж өглөө босдог ухаантай. Зарим өглөө залхуурахдаа   сэрээгүй хүн болоод хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд л  нөгөөдөхийгөө босгох санаатай  сэмхэн шагаж хараад хэвтээд байх. Заримдаа тэр маань дэр аваад над руу шиддэгсэн.Тэгэж тэгэж  зэрэг инээлдээд босоод ирнэ.  Хөгжилтэй  сайыхан л байж дээ. Тэгээд  аймгийн баяр наадамнаас өмнөхөн  мань хүний болзоотой бүсгүй Пагмын Лхагвасүрэн нь багшийн сургууль төгсч ирээд   тэр хоёр тусдаа гараад явчихсан. Өөрөө Бууцагаан сумын намын үүрийн даргаар  томилогдоод  явсан шиг санагдана.. Тэгээд л тэднийх хөдөө суманд, би аймгийн төв дээр хэдэн жил болоод би хотод намын дээд сургуульд  сурахаар явсан. Намайг төгсөөд ирэх хавар Ламсүрэн маань  надтай зөрөөд Намын сургуулийн сэтгүүлчийн ангид  сурахаар явсан. 1969 онд төгсөөд аймгийнхаа Лениний зам сонинд эрхлэгч болсон шиг санагдана.  Тэгээд  дараа нь намайг хойшоо сургуульд явсан хойгуур төвд татагдан ирж “Үнэн” сонины  утга зохиолын ажилтан, дараа нь Баянхонгор, Өвөрхангай  аймаг дахь сурвалжлагчаар ажилласан.  Тэтгэвэрт гарсныхаа дараа аймгийнхаа сониныг   унтарч байхад нь дахин хөл дээр нь өндийлгөн босгоод  74 нас хүртэл  тэндээ ажиллаж байсан. Сэтгүүл зүйд үндсэндээ дөч шахам жил  хүчин зүтгэсэн, баримт  сурвалжлан олох,  олсон мэдээллээ найруулан бичихдээ   машид гаршиж   мэргэшсэн сайн сэтгүүлч байсан юм. Их уян зөөлөн,  тусархаг цагаан сэтгэлтэй  хүн учраас    ихэвчлан  гэгээлэг нийтлэл бичдэг хүн байсан. Тэр хүн  тухайн  үеийнхээ  хатуу дэг журмын  хүрээнд байсан боловч өөрийн “хувийн” сэтгүүл зүйтэй  болж чадсан хүн. Товчхондоо бол “Сэтгэлийн дууч” хэмээн үнэлж болно. Хүмүүний цэвэр тунгалаг сэтгэл санааг орчин нөхцөлтэй нь  шууд авцалдуулан уран тансаг дүрсэлдэг  авьяастныг л ингэж үнэлдэг  билээ. “Төрсөн хүүгийнх нь бодол”, “Нялх ногооны үнэр”, “Түмний итгэл”, “Зургаан жилийн гурван өдөр” зэрэг  хөрөг нийтлэлүүд нь   олонд  илүүтэй таашаагдсан.. Энд  түүний бичсэн “Зургаан жилийн гурван өдөр” хөрөг нийтлэлийн эхний  хэдэн өгүүлбэрийг  сонирхуулъя
“Холыг зорьсон нүүдэл. Гангийн зэгэл манан орчин тойрны уул толгод, тал хөндийг нэлэнхүйд нь бүрхэнэ. Туниа муутай нар түүнийг гийгүүлэх аядана.   Бөгчим халуун, амьд бүхний амьсгалыг давчдуулна. Элсэнд дарагдаж үзүүрийн нь өргөст хэсэг муурын сахал мэт сөрвийх харганат хөндийг уруудан тэмээтэй хүн гэлдрүүлнэ. Ташаан толгойд нь хувин дүүжилж болмоор, бөх нь унаж, элэгдсэн хэт лугаа адил болсон хар хүрэн тэмээ унасан тэр хүн бие чацархаг бөгөөд лагс, харц хүрлэгэр, бодлогоширсон шинжтэй авч өмссөн, хэрэглэснийг нь харвал хээ шаагүй байрын эр байв аа.

. . . . Нэгдлийн дарга Гэлэгийн Жамсран гэх эл эр зовхи хамхилгүй элдвийг эргэцүүлэн бодсоор дорноос шаргалтах үүрийн туяатай золгодог болсон нэгэн…
(“Үнэн”сонины 1974 оны ¹ 280)  Үнэн баримтыг байгаагаар нь  яг ингэж уран тансаг зураглаж сурсан хүн байсансан. Үгээр ингэж зурж сурсан нь   гайхамшиг.

Ламсүрэн бол хүнээс юмаа харамлахыг  мэддэггүй,  хэзээ ямагт өврөө тэмтэрч явдаг сонин  хүнсэн. Энэхүү  гудиггүй явдаг мөс жудаг нь түүний төрөлхийн чанар буюу генд нь  шингэсэн   далдын цагаан   эрчим хүч  байсан байх.Тэр жинхэнэ хүмүүн заяатныг бүхнээс  дээдлэдэг жирийн  шудрага орчинд өсөж бойжсон хүн юм билээ. Тэр тухайгаа  эргэн санаж  дурсамжаа   бичихээр шийдсэн боловч дуусгаж амжаагүй байсаар өөрөө  тэнгэр болчихсон  болдов уу.и. Надад эхний гурван хуудсыг авчирч үзүүлээд буцааж аваагүй  орхисон доо  хөөрхий минь. Үүнийг чи минь түмэнд хүргээрэй гэсэн зөн бэлгийн хүсэлт нь байсан юмсан уу  мэдэхгүй юмдаа.  Тэр бичлэгийг нь  доор  сийрүүлж,  30 жил гишүүн нь  явсан  Монголын сэтгүүлчдийн байгууллагынх нь  60 жилийн ойд   түүнийхээ сэтгэлийн цацал болгон өргөе.

“Буянтцагаан гол сумын Өлзийт гол миний хүй цөглөсөн газар, усаар нь угааж, ундрагаас нь хүртсэн рашаан ижий. Цэцэг ногоо дэлгэрсэн зуны налгар улиралд баруун, зүүн дэнжээр нь манай аав ах, авга, нагацынхан гээд ахмад идэр үеийнхний өргөө гэрүүд мөнгөн цөгц мэт ярайна. Таван хошуу мал сүрэг торгон зүлэг, сугсран найгах дэрс, хулс, таана хөмүүлд идээшлэн налайна. Миний багад ийм  л байсан одоо ч тийм л байгаа. Газар ээж гэдэг бид нар шиг улс төржин хэн нэгний малаас өвс билчээрээ харамлахгүй нь сайхан юм даа. Хагас өртөө гаруйхан урсах Өлзийт голын адагт уужим тавуу хөндий тэр аяараа тариан талбай. Намрын намарт алтран шаргалтаж, болц гүйцсэн “шижир” түрүүгээрээ зөөлөн салхины аясаар Өлзийт голынхны ахан дүүс, хөрш, түншүүдийг даллан дуудаж, амьдрал хайрлаж аз жаргал билэглэдэг байж билээ. Эзэн бидний бие сэтгэл залхуурахгүй аваас ээж газар маань гар татахгүй  өглөгч нэгэн билээ. Элэнц хуланцын үеэс уламжлан ирсэн газар ижийн хишиг татран, өнгө нь гундаж, өглөг багадсан нь эдүүгээгийн залхуу хэмээх заналт “дайсан”-ын гай түйтгэр гарцаагүй мөн.  Ган зудын гай гамшигт нэрвэгдэн ам тосдож, амьдрал тэтгэдэг буянт малаа алдсан тэр цагт  манай багийхан Өлзийт голын тунгалаг ус, үржил шимт хөрсийг ашиглан арвай, буудай тариалж  хүнс тэжээл, арилжаа наймаанд ашиглан  дахиад малжисан бяцхан түүх өгүүлье.

Арван зургадуугаар жарны модон мичин жил буюу 1944 оны тэр зун хаа сайгүй халуун нар шарж, газар ногоо гарахгүй ган боллоо. Манайх нутаг залгаа Хүрээмарал сумын Цагаан чулуу хэмээх газар отроор зусаж, намаржин, мал сүрэг ч тарга хүч сайн авч  өвлийн эхэн сарын шинэдээр уугуул нутгийн өвөлжөөндөө бууваа. Би тэгэхэд 14-тэй байж дээ. Халуун намраас эхлэн цас хайлмагтан лавсаж хөрсийг мөстүүлнэ. Орсон цас шуурганд харгана бут, хад чулууны нөмөрт хамарлан хунгарлаж эхлэх үед  тэмээ цөмрөхгүй даахаар хатуурсан байлаа.

Идэр гурван есийн эхний  хоногуудад цас оронгуут шуурч манайх хонио билчээж чадахгүй гурав хоноход цас бага зэрэг  татарсан дөрөв дэх өдөр нь хонио баруун уулын нөмөрт дагуулан билчээж, ээж бид хоёр хариулахаар үлдэв. Хоньтой хамт арав гаруй тугал хамт явсан юм. Үе үе цасан хуй босон өл залгахаар хушуугаа газраас салгаж чадахгүй яваа хонь, ямааг хийсгэх шахам хүчтэй шуурна. Нэг тийм цасан баганан шуурга хэдэн тугалыг  маань дайрч түүдэг мэт уруудуулан хөөв. Би туглынхаа хойноос чадлынхаа хирээр харайлгасаар урдуур  нь орж эргүүлтэл хэд хэдэн  цасан багана босч бүх хонь ямаа уулнаас бууж, бэл рүү ороод хүчтэй шуурганад уруудлаа. Манайх тэгэхэд эмэг ээжийн, ахын хоёртой айл, бараг 800-аад малтай байсан юм. Ээж бид хоёр хониныхоо урдуур зогсох завгүй хэрж гүйсээр Хонхорын бууц хэмээх чулуун хороотой хондонд хурааж хотлуулаад түр амсхийх аядтал  хүчтэй шуурганд цохиулан дахин алдаж, хоньтойгоо уруудсаар  манай хаваржаа болох хавтгай чулууны хойд нуруун дээр очиход нар шингэж байлаа. Арав гаруй км газар цасан дундуур гүйж шогшсон бид хоёр бараг хөштөл ядарч ялангуйяа ээж минь  маш их ядарсан. Сэтгэл санаа нь үймэрч хямарснаас нүднээс нь бөөн бөөн нулимас асгарана. Хайран ч мал минь, би л та нарын амыг арчлаа. Хоньтойгоо цуг уруудсаар осгож үхсэн ч яадаг юм бэ? Ээ халаг хайран мал хэмээн ахин дахин үглэж уйлна. Би ээжийгээ аргадаж өндөр Хүрэнгийн өвөлжөө ойрхон байна. Ээж минь осгож үхнэ. Та л бидэнтэйгээ байвал мал яах вэ?  Арга нь олдох байх гэж ятгасаар ээжийгээ сугадан хөтлөөд айлын зүг явахад хонины түрүүч нь Хавтгай чулууны бууцны урд нуруу хүрч яваа харагдав.

Бид хоёрыг Жүгдэр гуайнд очиход од түгж, түнэр харанхуй нөмрөв. Задгай галтай халуун гэрт ороод ээж минь дагжиж эхлэв. Жүгдэр гуай хашир хүн болохоор ээжийн байдлыг ажиглаж мэдээд эгч минь осгож байна. Аргагүй шүү дээ!  өдөржин гүйж, шогшиж хөлрөөд, тэр нь биеийг хайрч жиндээд осгож байгаа нь задгай галд дулаацаад мэдэгдэж байна. Аяганд цагаан тос, халуун цай хийгээд аваад ир гэж гэргийдээ хэлээд, өөрөө ухасхийн босч сөөм шахам үстэй нэхий дээл задлан галд ээв. Ийнхү ээжид минь цагаан тос, цай өгч, нэхий дээлээр хучаад унтуулав. Ээж минь аврагдлаа.

Үүрээр тэмээ орилж, хүмүүс дүнгэр  дүнгэр яриад аав, хоёр ахтай хамт орж ирлээ. Хоёр тэмээ хөтлөж иржээ. Аав ах нар Хавтгай чулууны бууцан дээр очихо хоёр том цохионы хооронд олон хонь ямаа дээр дээрээсээ гарч цохиотой чацууран дарагдаж үхсэн, хамгийн дээр гарсан хэдэн хонь ямаа амьд үлджээ гэж ярьцгаана. Уруудсн хоньтой сүрэг чоно тааралдаад хаваржаа тойруулан хядахад айсан мал 2 том цохионы хооронд шавааралдан дарагдаж үхсэн нь тэр ажээ.

Шуурга ч тогтож, ээж бид хоёр тэмээгээр гэртээ ирэхэд зузаан, өндөр хөрзөн хорооны нөмөрт цас битүү хунгарлаж, хот эзгүйрэн харлаж хичнээн муухай байсан гэж санана. Нэг ах маань хоёр хоногийн дараа 50-60-аад мал тууж ирэв. Аав том ах хоёр цааш явжээ. Долоо хоногийн дараа ирэг, сэрх голдуу 30-40-өөд хонь ямаа туусаар ядарч туйлдан ирж билээ. Манайхны бүх мал тарга хүч сайтай ч өлдөж хайрагдан осгож үхсээр байв. Дайны хүнд жил байсан болохоор машин техник бараг үзээгүй , мэддэггүй, хадлан тэжээл бэлтгэдэггүй улсын нөөц гэж байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Юутай ч төр засгаас өвс тэжээлийн туслалцаа үзүүлж байсныг би мэдэхгүй юм.   Багийн айл өрх цөм ардын аж ахуйтан, цөм уул ус, тэнгэр хангайгаа шүтдэг байжээ. Мичин жилийн зуны ган, өвлийн зуданд багийн бараг бүх айл малгүй болж, амьжиргаанаасаа салсан юм. Гэвч амьд хүмүүс аргатай юм билээ. Манайх бод, бог нийлсэн 80 хүрэхгүй малтай тахиа жилийн хавартай золгов. Багийн нийт өрхийн дийлэнх нь огт малгүй, цөөн хэдэн айл арав хорин малтай үлдсэн байлаа. Тэр хавар салхи шуургагүй тогтуун байсан болохоор олон айлын хүхэд, хөгшид хүн бүр тариалангийн атаршсан талбайд очиж төдийлөн урьд нь ашигладаггүй байсан ямаахай ухаж түүгээд, халуун усанд угааж цэвэрлэн толгойг нь хэрчиж чанаад хайлмаг хийж хүнсэнд хэрэглэн хаврын шар өдрүүдийг туулж билээ. Мал ногоонд цадаж хоногийн тараг, хоормогтой болж, сүү цагаан идээгээр  өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж байсныг би сайн санаж байна. Ямаахай гэдэг нь тариалангийн атаршсан талбайд их ургадаг, чихрийн манжинтай төстэй тэжээллэг чанарын ургамал. Зудын хохиролыг нөхөхөөр манай нутгийхан үнэхээр чармайж эхэлсэн, хохирлооч хэдхэн жилд нөхөж чадсан юмдаг.

Тахиа жилийн хавар Өлзийт голынхоо эртний уламжлалтай тариалангийн атаршсан талбайг манай багийн олон өрх хувь хувьдаа хэсэглэн авч сэргээн додомдсон юм. Услалтын бух шуудууг  нийтээрээ хамтран ухаж, тэгшлэн салбар шуудууг хэсэг бүлгээрээ татаж, ус авахад бэлтгээд хэсэглэн авсан талбайнхаа гадаргууг тэгшлээд хүрз, малтуураар хамар хана босгон хайрцаглаж, ханатал нь услаад олонхи нь хумбан тогоо, зарим нь хагас тогоо халтар , хөх арвай тариалсан юм. Арвайг тариалахдаа ханатал усласан талбайдаа үрийг гараар жигд цацаж, төмөр хушуу, тольтой модон анжис тэмээнд хөллөн газраа хагалж үрээ суулгадаг байсан. Тэр цагт төмс, хүнсний ногоо тарих мэдлэггүй, үр ч олддоггүй байлаа.

Арвай тариалсан талбайгаа үр суулгаснаас хойш тодорхой хоногийн хугацаатайгаар ургацыг хураах хүртэл таван удаа услаж гонид, хамхуул, лууль, хиаг мэт хогийн ургамлыг түүж цэвэрлэн арчилсаар намар болоход голын адгийн хөндий шаргал тэнгэс адил долгиолон давалгаалах нь үнэхээр бахаралтай сайхан, хүмүүсийн сэтгэл санаа ч өөдрөг тэнүүн болсон байв. Арвайн ургац алаг цоог биш жигд сайхан ургаж, үрийн идээ цутгалт чанартай , хог ургамал огт байхгүй цэвэр байсан болохоор айл бүр баярлахаас яах билээ. Ургацаа хураахаас өмнө арвайн үрийг цэвэрлэн цайруулж ялган авах том дугараг талбай бэлтгэнэ. Түүнийгээ цан гэж нэрлэнэ.  Арвай цайруулах талбайг ямар хэмжээний газар хэрэгтэйг сонгон хэмжиж аваад хурц иртэй хүрзээр дугарга талбайн хөрсний ургамлыг тэгшлэн хусаад дахин дахин услаж, 5-6 адуугаар тойруулан гишгүүлж нягтруулан дахин услаж, хүрзээр  хусч хатаана. Мөн нимгэн иртэй, урт иштэй модон хүрз, урт дэрснүүдийг багцалж боосон шүүр, үртэй түрүүнүүдийг цохиж цогнон арвайг ялгах бүдүүн модон саваа, модон малтуур бэлтгэнэ. Ургацаа хураахдаа үрийн шилбэнээс газарт нэг баримыг /барагцаалбал дөрвөн хуруу/ үлдээж , хурц хадуураар хадаж, тэвэр тэврээр багц болгон   дэрсний сулиар бооно… “

Энэ хүрээд тэр бичлэг  дуусч байгаа юм. Хүн бүхэн илүү сайхан амьдрахыг  хүсдэг. Миний найз  хүслээ биелүүлж  сайхан амьдарч явсан. Их сайхан амьдарч явсан.   Авааль гэргий Лхагвасүрэн нь  яг л Ламсүрэн шиг ааш зантай бүсгүй байсан. Нэлээн эрт  бурхан болсон. Эднийх хэдэн сайхан хүүхэдтэй айл байсан,  нэгээс бусад одоо амар мэнд байдаг байх аа.    Амьдарлынхаа сүүлчийн  он жилүүдэд оёдолчин Лхамхүү гэдэг нэг их   уран бүсгүйтэй  аяга цайгаа хувааж явсан. Тэр хоёр хоёр  жаал хүү  үрчилж өсгөсөн байх. Манай Ламсүрэн хүн ардыг, сайн сайхан амьдруулах гэж  хүний хорвоод   төрөөд, тэрхүү төөргөөрөө   олон хүнд  баяр жаргал өгч  ач буянаа амьдрал ахуйд  шингээж  үлдээгээд  өөрөө тэнгэр болсон хүн л дээ.  Би ийм л эрхэм  сайхан найзтай байгаад  түүнийг одоо  хорвоогийн эрхээр   элэг зүрхэндээ хадгалж  үлдлээ дээ.

 Х. Цэвлээ. / МУСГЗ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж