Театрт сэтгэл зүйн туршилт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Театрт сэтгэл зүйн туршилт хийж байна

Хорвоогийн урсан өнгөрч буй цаг хугацаа өдөр хоногуудад хоорондоо ижил
төстэй зүйл ховорхон байдаг. Хором бүр өөр, өөрөөр өнгөрч, хүмүүсийн
амьдрал харилцан адилгүй өрнөдөг. Тиймээс ч  айлчлан ирсэн ертөнц маань
утга учиртай санагддаг биз. Гэхдээ биднийг нэгтгэж чаддаг зүйл ч бас
олон бий. Амьдралаас авч буй мэдрэмж, хайр дурлал адил төстэй зан чанар
гээд л. Үүнээс л бие биенийгээ ойлгох мөн гомдол цөхрөл гэгч зүйл урган
гардаг. Жишээ нь, ихэнх хүмүүст харгис хэрцгий, амиа бодсон зан чанар
нуугдан байдаг байна. Гэхдээ бүр боломжийн амьдралтай, аливаа асуудалд
нэг их санаа зовоод байдаггүй, биеэ сайхан авч явдаг хүмүүсийн гуравны
хоёр нь хэн нэгнийг тамлан тарчлаахаасаа хэзээ ч татгалздаггүй гэнэ шүү.
Энэ талаар сэтгэл зүйч профессор Андрей Голцев судалгаа хийж үр дүнг нь
баталсан юм.
Голцев гэж хэн бэ гэж үү? “Яаж амьдрах юм бэ” жүжгийн гол дүрийн баатар.
Тэр эрхэм өчигдөр орой Улсын Драмын Эрдмийн Театрын тайзан дээр ёстой л
нэг хүмүүсийн сэтгэл зүйгээр наадах шиг боллоо. Дээрх судалгааныхаа үр
дүнг гаргахын тулд тэр сэтгэл зүйч ноёнтон өөрийн оюутнууд болох Михайл,
Кеара нар дээр хүртэл бодит туршилт хийсэн гээч.
…Михайл бол Оросын нэртэй баяны хүү. Сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг ч
цаашдаа энэ ажлаа хэзээ ч хийхгүй гэж боддог нэгэн. Диплом бол түүнд
гоёл төдий л зүйл. Түүний ирээдүй тов тодорхой. Тэр мэдээж эцгийнхээ
бизнесийг үргэлжлүүлнэ. Өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт байдаг Михайл
аливаа шийдвэрийг ямагт бусдын үгээр гаргаж, амьдралд зовлон жаргал гэж
юу байдгийг ч бүрэн гүйцэд ухаараагүй. Тэр ангийн охин Кейрад хайртай.
Харин Кейра бол яг л Михайлын толин дээрх эсрэг тусгал гэсэн үг.
Тэтгэлгээр суралцдаг мэргэжилдээ дэндүү дур сонирхолтой Кейра хэдийгээр
насны зөрүүтэй ч профессор Голцевийг нууцхан хайрлаж бас багшийн хувиар
хүндэтгэнэ. Михайл профессор Голцевийн өрөөнд хайрт бүсгүйдээ гэрлэх
санал тавьж буйгаар жүжгийн үйл явдал эхэлдэг. Харин бүсгүй түүнд
тодорхой хариулт хэлсэнгүй. Кейрагийн сэтгэлд Голцев ямар нэгэн байр
суурь эзэлдгийг мэдрэх болсон Михайл профессорыг туслах бүсгүйтэйгээ
дотно харьцаатай гэдэгт итгүүлэхийг хичээнэ. Энэ үед Голцев туслах
бүсгүйтэйгээ гаднаас орж ирэв. Туслах бүсгүй Алиса профессорын шинэ
судалгааны туршилтын хүн. Ингээд л жүжигт хэсэг зуур туршилтын тухай
яриа, үйл явдал өрнөсний эцэст ”Айдас хүний ой санамжинд хэрхэн
нөлөөлдөг вэ” гэсэн профессорын судалгааны ажил эхэллээ.
Хамгийн сонин нь судалгааны явц хэтэрхий харгис. Алиса цахилгаан
гүйдэлтэй сандал дээр сууж, Михайл Кейра хоёрын уншиж өгч буй 20 мөр
шүлгийг цээжлэх ёстой. Тэр цээжлэх явцдаа гацаж түгдрэх эрхгүй. Учир нь
тэр нэг л үг буруу хэлвэл Кейра, Михайл хоёр цахилгаан сандлыг
идэвхжүүлдэг товчлуур дээр дарж түүнийг тогонд цохиулна. Алдах бүрт
хүчдэлийн хэмжээ улам бүр нэмэгдсээр бүр үхэх аюултай. Гэхдээ Кейра
Михайл хоёр туршилтанд нэг нэгээрээ орно. Сорил эхэллээ. Кейра Алисад
шүлгээ цээжлүүлж эхэлсэн ч Алиса гацаж түгдэрч түүнийг ихээр сандаргана.
Өөрийнхөө гараар товчлуур дээр дарж, хөөрхий бүсгүйг хүчдэлд цохиулж
байгаадаа Кейрагийн сэтгэл тэвдээгүй учраас тэр профессорын элдэв янзын
мунхруулга, сүрдүүлгэнд үл автан туршилтыг үргэлжлүүлэхээс татгалзжээ.
Михайлын ээлж ирлээ. Михайл бүсгүйд хэрхэн хандах бол гэдэг Кейрад сонин
байсан учраас тэр профессорын өрөөний шүүгээнд нуугдаж туршилтыг
нууцаар сонсох болов. Харин Михайл Алисаг гацаж түгдрэх бүрт уур нь дээд
цэгтээ хүрч түүнийг эмэгтэй хүн гэдгийг анзаарах ч сөхөөгүй хүчдэлээр
цохиулсаар байгаад бүр өндөр төвшинд хүргэж, Алиса амьсгал хураана. Энэ
үед бүгд ухаан орж, Михайл хариуцлагаас мултрахыг хичээлээ. Төд удалгүй
Алиса гэнэт үг дуугарч профессортой хамтран хүмүүсийн харгис хэрцгий зан
чанарыг судлах судалгаан дээр ажиллаж байгаа түүний найз, жүжигчин
бүсгүй болохоо танилцуулна. Тэд яг үүний адил  туршилтыг хагас жилийн
турш хийсэн нь эхэнд өгүүлж байсан үр дүнг гаргахад хүрчээ. Сайхан
сэтгэлт Кейра хэрцгий судалгаа хийсэн профессорыг ч, Михайлыг ч маш
ихээр үзэн ядаж, хүмүүс хэн нэгнийг тамлан тарчлаахаасаа татгалздаггүй
гэдэгтэй санал нэгдэхгүй байлаа. Мэдээж тэр Михайлтай гэрлэхгүй. Амьдрал
сайхан болно хэмээн итгэнэ. Харин сүйт бүсгүйгээ алдаж, өөрөөс нь
мунхаг харгислал төрөн гарч байгааг мэдэрсэн Михайл “Яаж амьдрах юм бэ”
гэсээр энэхүү жүжгийн үйл явдал төгсөнө.
Оросын нэрт жүжгийн зохиолч Владимир Красногоровын зохиол, УДЭТ-ын
найруулагч Ч.Түвшингийн тавилтаар тоглогдсон “Яаж амьдрах юм бэ” жүжиг
дөрөвдүгээр сарын 13ныг дуустал хүмүүсийн сэтгэл зүйг судална. Та ч бас
судалгаанд өөрийн биеэр очих  боломжтой.
С.Уянга
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж